М.Дорждэрэм: Австралиас ирээд л ТВ 8 телевизтэй хамтарч, “Хамтдаа” гэдэг реалити шоу хийлээ

-Нэг хэсэг харагдаагүй. Саяхан ТВ 8 телевизтэй хамтарч сайхан шоу нэвтрүүлэг хийсэн гэж сонссон. Энэ талаараа яриач?
-Би Австралид продюссерын чиглэлээр их сургуульд сураад, сургуулиа төгсөөд саяхан ирсэн. Тийм болохоор энд хүмүүст харагдаагүй байх л даа. Миний зорилго ерөөсөө л сонгосон мэргэжлийнхээ хүрч болох оргилд нь хүрэхийн тулд илүү их суралцах ёстой гээд л продюссерийн чиглэлээр их сургуульд сураад ирлээ. Одоо ажил төрөл рүүгээ шулуун, нэлээн хурдтай оръё гэж бодож байгаа. Ирснээсээ хойш хамгийн түрүүнд ТВ 8 телевизтэй хамтарч, би продюссерээр, мөн хөтлөгчөөр нь давхар ажиллаад “Хамтдаа” гэдэг реалити шоу хийсэн. Энэ шоу маань ард түмний, үзэгчдийн захиалгад тулгуурлан хийгдэж байгаа. Одоо хүн болгон л зурагтаар үзэх юмгүй боллоо гэж гомдоллодог. Таньдаг хүмүүс “Найм дахь аялгуу” яагаад гарахаа байчихсан юм бэ? гэж их асуудаг. Тэр бол тухайн үедээ их үзэгчтэй байсан нэвтрүүлгийн нэг. “Найм дахь аялгуу” нэвтрүүлгээ хийнэ, хийхдээ илүү сонирхолтой, сайн болгож хийж байж тэр үеийн хүмүүсийн сэтгэл хөдлөлийг унтраахгүй илүү гоё болгож хийхийг бодно. Үзэх юмтай байлгахын тулд, үзэгчиддээ зориулсан зүйл хийхийн тулд уран бүтээлчид бүгд дотроо нэгийг бодож төлөвлөж, зорьж нэвтрүүлэг хийдэг. Энэ нэвтрүүлгийг ТВ 8 телевизийн захирал С.Отгонмөнх санаачилсан, тэгээд санал тавьсны дагуу хамтарч хийж байгаа. Энэ шоунд Монголын хошин урлагийн хамгийн шилдэг гэсэн зургаан продакшн орж байгаа. “Шилдэг өнгө”, “Маск”, “Шинэ үе”, “Х Түц”, “Мөрөөдлийн театр”, “Пароди” оролцож, хөтлөгчөөр нь “ТВ коктейль”-ийн Цэнд-Аюуш, Дорждэрэм миний бие ажилласан. Давхардсан тоогоор 40 гаруй уран бүтээлч оролцож, уран бүтээлийн багтайгаа нийлээд 70-80 хүнтэй зураг авалтын бүрэлдэхүүнтэй ажиллаж, гайгүй том хэмжээний кино зураг авалтын баг шиг ажиллалаа. “Хамтдаа” шоу одоо 9 сарын 9-нөөс эхлээд хоёр сарын турш гарна. Хүмүүс Солонгос кино үзээд орой болгон суудаг. Одоо өөрийнхөө телевиз хийсэн, Монголынхоо шилдэг жүжигчид оролцсон шоу нэвтрүүлгийг үзэж, жүжигчид 20-30 төрлийн даалгавруудыг хэрхэн гүйцэтгэж байгааг нь харвал илүү сонирхолтой байна байх. Тайзан дээр бүх төрлийн дүр бүтээдэг хүмүүс яг амьдрал дээр 20-30 мэргэжлийн ажил хийгээд явах нь ямар байх нь вэ, тэр дундаас инээдмийг хүн олж харна, тэр мэргэжлийн үнэ цэнийг олж харна, танин мэдэхүйн зүйлүүд ч гарч байгаа, спортлог, оюунлаг маш олон төрлийн даалгаврууд сөөлжиж орж байгаа болохоор илүү сонирхолтой байна. Жишээ нь, Онцгой байдлын газартай хамтарч нэг дугаар хийсэн. Тэнд хүний амь аврах, гал усанд орох ч байдаг юм уу, нүсэр даалгаврууд байна, тэр болгоны цаана ямар айхтар ажлын баг ажиллаж байна, ТВ 8 телевиз бүтэн багаараа ажилласан, хамт олон яаж ажиллаж чаддагийг харуулж чадсан. Миний хувьд продюссингийн амжилттай болсон бүтээлүүдийн нэг гэж бодож байна. Аливаа ажилд хамгийн гол нь нарийн зохион байгуулалт байдаг. Ийм том нэвтрүүлгийг хийхэд хамгийн чухал нь санхүүгийн асуудал. “Мистер пицца”, 70007000-ынхан энэ нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Үнэхээр том дэмжлэг болж байгаа. Үзэгчдийг хоёр сарын турш сайхан шоу үзүүлэхийн тулд их хичээл зүтгэл гаргасанд нь баярлалаа гэж хэлмээр байна. Нэвтрүүлгийг дэмжиж, хамт оролцсон бүх хошин урлагийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна. ТВ 8 телевиз анх удаа хийж байгаа зүйл биш, маш олон төрлийн шоу хийдэг. “ Монстер” шоу нь Алтан шонхор авч байсан, туршлагатай баг. Энэ удаагийн төсөл амжилттай болно гэж итгэж байна. Хувь хүний хувьд Дорждэрэм гэдэг хүн бүх телевизтэй хамтарч ажилладаг. Энэ нэвтрүүлэг дээр ТВ 8 телевизийнхэнтэйгээ гар нийлж сайхан ажиллалаа.

-Та Австралид хэр удаан хугацаанд суралцав?
-Би И.Нямгаваа найруулагчийн шавь гэж явдаг. Хүүхэд залуучуудын театрын дэргэдэх студийг жүжигчин, найруулагчаар 10 хэдхэн хүүхэд төгсч байсан, тэдний нэг нь би. Дараа нь Кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр, Дэндэвийн Пүрэвдорж гуайн нэрэмжит Монголын нууц товчоо дээд сургуулийг сэтгүүлчээр сурч төгссөн. Одоо ХУИС-д оройгоор Англи хэлний орчуулагчийн ангид сурдаг. Ер суралцахад амьдралынхаа тодорхой хугацааг зарцуулж байна, олон зүйлийг таньж мэдэж байна.  Шоу бизнесийн зах зээл гэдэг утгаараа Америкт өөрийнхөө сонирхдог продюссерийн чиглэлээр удирдлага, менежмент, хэлний чиглэлээр урт богино хугацаанд сурч байхдаа шоу бизнес гэдэг зүйлийг илүү сонирхолтой гэдгийг олж харсан. Тэгээд өөрийгөө продюссерээр ажиллах ёстой гэдгээ ойлгосон. Сурч ажиллах хугацаандаа өөрийгөө таньж мэдээд л явж байгаа юм чинь. Продюссерийг хүмүүс янз бүрээр тайлбарладаг. Зарим нь мөнгө босгодог хүн гэдэг ч юм уу. Продюссер мэргэжлээр сургадаг бэлтгэдэг газар байхгүй, дээрээс нь яг төгс продюссерийн бүтээл хийгээд, яг л ийм хүнийг продюссер гэдэг юмаа гэсэн жишээ байхгүй. Манай хувьд шинэ мэргэжил юм болов уу. Манайхан менежер ч гэдэг юм уу орлуулаад, аргалаад явдаг. Одоо бид дэлхий хэмжээний уран бүтээл, урлагийн бүтээл хийхийн тулд продюссер зайлшгүй байх ёстой. Өөрийнхөө хувьд том мөрөөдөл, том зорилго тээж явна. Мэргэжлээрээ өөрийнхөө хүчээ шавхаад сайн продюссер болох зорилго тавьсан. Дээрээс нь Монголын нэрийг дэлхийд, Азид гаргах талаар бодож бүтээлээ хийнэ. Мэдээж хэрэг энэ олон жил сурсны хувьд хүн “хөвчирч” байна. Одоо бүтээлүүдээ эхнээс нь гаргана, үзэгчиддээ хүргэнэ. Зарим нь намайг телевизийн уран бүтээлч, зарим нь театрын уран бүтээлч гэж боддог, зарим нь киноны хүн гэж боддог. Би өөрөө уран бүтээлчдийн продюссинг хийх сонирхолтой. Дуучин Сарантуяа, Дэлгэрмөрөн зэрэг уран бүтээлчидтэй ажилладаг. Продюссер хүн хаана ч ажиллана, урлагийн бүх төрлийн салбарт ажиллана, урлаг биш өөр салбарт ч ажиллана. Тэр үүднээсээ бшх төрөл рүү нээлттэйгээр орж чаддаг, гарч чаддаг. Ажлын онцлог нь тийм юм даа.

-Нямгаваа найруулагчтай хэр холбоотой байдаг вэ?
-Нямгаваа найруулагч яг л энэ театр кино, урлагт хөл тавихад хамгийн том дэм туслалцаа үзүүлсэн. Амьдралын түвшин янз бүр ихэнхдээ дунджаас доогуур түвшний амьдралтай айлын хүүхдүүдийг Нямгаваа найруулагч сонгож авсан. Энэ хүүхдүүдэд дээд сургуулийн төлбөр төлөх чадвар байхгүй ч гэсэн яваандаа урлагийн хүн болох авъяас бага зэрэг байж магадгүй гэж 10 хэдэн хүүхэд сонгож авсан. Бид яалт ч үгүй тэр хүнийг багшаа гэдэг, мөн жүжигчин Алтанцэцэг, Очирбат гуай, Дашхүү тэргүүтэй тэр үеийн ХЗТ-ын бүх хүн бидний багш гэж явдаг. Тэр хүмүүсийн дэмжлэгтэйгээр урлагт хөл тавьсан, тэр хүмүүсийнхээ ачийг манай ангийн 10 хэдэн хүүхэд бүгд мэргэжлээрээ ажиллаж уран бүтээлээ хийгээд, өөр өөрийнхөө талбарт дундаас дээгүүр амжилттай явж хариулж байна. Чадварлаг жүжигчид, найруулагчид болж, багш нар нь баярладаг байх. Бид багш гэдэг үүднээсээ байнга холбоотой байдаг. Америкт суралцахдаа, тоглолт энэ тэр гээд явж байхдаа уулзана, Монголд ирэхэд нь уулзана. Хийж байгаа уран бүтээл дээрээ санаа оноогоо солилцоно. Одоо бол хэн хэн нь бүр илүү их ойрхон байхыг боддог болж. Бид багштайгаа хамтарч том том ажлууд хийх гэж зорьж байгаа. Манай ангийнхан ангиараа нийлж, өөрсдийн гэсэн уран бүтээлийн нэгдэл байгуулж байгаа. Энэ группт Нямгаваа найруулагч зөвлөхөөр ажиллана. Багштайгаа хамтарч кино жүжиг хийхээр төлөвлөөд явж байна. Бид багштайгаа ойрхон ажилладаг, удахгүй нэг кинон дээр хамтарч ажиллана. Удахгүй багш маань урилгаар ирж киноны ерөнхий найруулагчаар ажиллахаар эхний ээлжинд ярьж байгаа.
Ярихаасаа илүү хийгээд бүтээл болж гарсны дараа хүмүүст дуулгая даа гэж бодож байгаа. Одоо жишээ нь, “Хамтдаа” шоуны зураг авалт 4-5 сараас хийгдэж эхэлсэн. Одоо 9 сарын 9-нд л зурагтаар гарах болж байна. Энэ хооронд манай багийнхан олон хүнд ярихгүй энэ уран бүтээлийг хав дарж байж өнөөдөр гаргахад бэлэн болж байна

-Танай ангид хэн хэн суралцаж байсан бэ?
-Ангийнхаа хүүхдүүдийг ядуу айлын хүүхдүүд шиг ярьчихлаа даа. Яахав тэр үедээ үнэн байхгүй юу. Тэр үед төлбөр төлөх боломжгүй авъяастай хүүхдүүдийг сонгож авч байсан юм. Манай ангийн хүүхэд МҮОНТ-ийн Соёл Эрдэнэ студийн захирлын алба хашиж байсан Гарамханд гэж найруулагч залуу байна, “ТВ коктейль”-ийн Цэнд-Аюуш, Монголд бүжгийн спортыг хөгжүүлж байгаа шилдэг бүжигчин эмэгтэй байна, ТВ 9 телевизийн программын албаны дарга Баярсайхан гэж байна. Ер нь маш олон чадвартай жүжигчин найруулагчид тэндээс гарсан.  Бид 10 хэдүүлхнээ гэж боддог байсан ч одоо нэг үеийн, нэг түвшний, урлагийнхаа салбартаа өөр өөрсдийнхөө хийх юмыг хийгээд явж байхыг харахад бахархалтай байдаг. Нямгаваа найруулагч тэр үед энэ хүүхдүүд амжилттай харж чадна гэдгийг олж харж байна гэдэг агуу. Бид л итгэлийг нь алдахгүй сайн явах ёстой. Тус тусдаа бүгд чадаад явах хэмжээ хүртлээ явсан гэж бодож байна. Бид нэгдээд юм хийвэл юу хийж чадах вэ гэдгээ ард түмэндээ харуулна гэж бодож байгаа. Кино, жүжиг, музыкл, ном гээд л маш олон ажил шил шилээ дараад хүлээж байна. Найз нөхөдтэйгөө хамтарч хийж байгаа ажил олон байна. Одоо Монголын поп оркестр байгуулахаар ярьж байна.

-Гэр бүлтэй болсон уу? Шог зохиолч Д.Жаргалсайхан та хоёрын холбоод байсан шүү дээ?

-Жагаа бид хоёр үерхдэг хэвээрээ ш дээ. (инээв) Бид хоёр найзууд. Дөнгөж өчигдөр Жагаагийнд очсон. Дэлхийд Монголыг таниулсан том бүтээл хийнэ гэж зорьж байгаа. Одоо 50 хувьтай явж байна.Их ч ажил болж байгаа. Би тухайн уран бүтээлийн менежмент, продюссерийг яаж хийх вэ гэдэгт миний толгой илүү ажиллаж байна. Унаж босох, алдаж онох бүх үед Жагаа хамт байсан. Би амьдралд байж болох хамгийн доод шатан дээр гишгэж үзсэн, одоо дээд дээр нь гишгэж үзэх мөрөөдөлтэй зүтгэж байна. Дээд, доод аль аль түвшнийх нь амьдрал ямар байдгийг мэдэрч байж илүү төгс уран бүтээл хийх болов уу. Би гэр бүлтэй, гурван хүүхэдтэй.

-Доод түвшинд байна гэхээр та хаана, яаж амьдарч бйасан байж таарах вэ?
-Хүмүүсийн үнэлгээгээр ажилгүй, нэр төргүй, архи уудаг, үнэлэмжээр доор үнэлэгдэх, тэр бол хүний үнэлж байгаа үнэлэмж. Би ажилгүй байж үзсэн, архи ууж үзсэн. Архи уусан үед мэдээж хэрэг хүнээс ямар ч уран бүтээл төрөхгүй, найз нөхөад хол байна, гэр бүлийн уур амьсгал ч ямар болох нь ойлгомжтой. Тэр үе миний амьдралын саарал үе. Одоо бол би огт амсдаггүй, тамхи ч татдагүй. Одоо нэгэнт урлаг орсных сайн уран бүтээл хийж, мөрөө үлдээж, үр хүүхдүүд маань ааваараа бахархдаг байгаасай гэж бодож сайн уран бүтээл хийхээр ажиллаж байна. Эргээд уран бүтээлээ хийж үзсэн. Би дуучин Б.Сарантуяагийн продюссер гээд Монгол орныг тойроод явж байхад “Найм дахь аялгуу” нэвтрүүлгийг хөтөлдөг залуу гээд хөдөө уулын мухарт байдаг багийн малчин хүмүүс бүгд таньдаг. Энэ бөглүүд газар миний нэвтрүүлгийг үзэж байсан гэж бодохоор сайхан санагддаг. Энэ хоёрын дунд зүрхний бичлэг шиг дээшээ доошоо явж байна. Ямар ч түвшингийн ажилд барьц алдахгүй ажиллах хат суусан болов уу гэж өөрийгөө боддог ш дээ.

-“Найм дахь аялгуу” нэвтрүүлэг, таныг “Х Түц” хамтлагийнхан Батаа элэглэж хошин үзүүлбэр хийсэн. Жүжигчин Батаа та хоёр төстэй юм аа?

-Америкт байхад элэглэсэн байна лээ.Youtube-ээс харсан. Манай шинэ жилийн тусгай дугаар дээр “Х ТҮЦ” хамтлагийнхан урилгаар оролцсон юм. Тэгэхэд хамтлагаараа оролцсон, Батаа үзэгчдийн суудалд сууж байсан. Тэгэхэд мань хүн ажиглаад л байсан, уран бүтээлч хүн дүрийнхээ судалгааг хайж байсан байх л даа. “Х ТҮЦ” манай нэвтрүүлгийг элэглэнэ гэдэг чинь нэг талаараа сайхан. Яг амьдрал дээрээ Батаа бид хэд найзууд.ТВ 8 телевизтэй хамтарч хийсэн “Хамтдаа” шоунд Мөрөөдлийн театрынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Батаа ирээд амжилт хүсээд явсан.

-Дорждэрэм фэйсбүүк хэрэглэдэггүй юм билээ. Хүмүүс гайхна даа?

-Монголын бүх хүн фэйсбүүк ашигладаг, зарим нь хоёр ч хаягтай байдаг. Надад байдаггүй юм. Манай найз нөхөд гайхаад, “Чи юм юмнаас хоцорлоо” гэдэг. Манай ангийнхан бүгд фэйсбүүктэй, хоорондоо групп болчихсон байнга холбоотой байдаг юм байна л даа. Тэр дотор бүх нарийн ширийн нандин нууц нь явж байдаг, хоорондоо уулзахаараа фэйсбүүкээр зарладаг. Уулзах зар тавьдаг, тэрийг нь би л үзээгүй байдаг. Би анхнаасаа компьютер, техникт ер нь тааруу. Одоо фэйсбүүкгүй гээд хүүхэд нохойн доог болоод явж байна.


URL:

Сэтгэгдэл бичих