Мөнгө төгрөг хэрэггүй тийм сайхан газар нутаг
Нэг. Тал нутагт урьд үзэгдээгүй сайхан зун болж, хээрийн өвс ногоо тариа шиг халиурч далай шиг давалгаална
Ертөнцийн амар амгалангийн туйл тийм сайхан газар нутагт би сар гаран болоод ирлээ. Тэнд цахилгаан байхгүй, телевиз байхгүй, сонин байхгүй, утасны сүлжээ байхгүй. Тэр ч байтугай хот суурин, айл мал хүн амьтан ховор. Тэр их тал нутагт нийслэл хотоос чанх урагшаагаа 150-200 км давхиад хүрнэ. Тэр сайхан нутагт хүн амьдрахад эдийн засгийн хямрал болох байтугай мөнгө төгрөг хэрэггүй нь сайхан. Тэр нутгаас баруун урагшаа Дундговь, Өмнөговиор дамжаад хил гартал нэлийсэн их тал.
Зүүн урагшаа Хэнтий, Сүхбаатар дамжаад Барга, Цахарынхаа их талыг туулаад Манжуур, Хайлаар хүртэл Монголын их тал цэлийнэ. Урагшаа бол төмөр замаа дагаад хилийн багана тээглэхгүй бол Хянганы нуруу хүртэл их тал үргэлжилнэ. Тойром бүр нуурлаж, булаг шанд болгон урсч, үртэй үндэстэй болгон ургаж, урьд үзэгдээгүй сайхан зун болжээ. Ботгон, Төгрөг, Бэлхийн нуур цөөрмүүд, Бөөрөлжүүт, Элгэн, Нарангийн рашаанууд нь мөн ч сайхан байна даа.
Элгэний рашаан байхад элгээр, Нарангийн рашаан байхад ходоодоор, Цантын рашаан байхад даралтаар үхэхгүй гэж нутгийн өвгөд ярьдаг. Чингисийн адууны нутаг Буурын ухаа, Малах, Тэрэгтийн их тал ургацаараа гайхуулж тариа шиг халиурна. Энэ бол миний төрсөн өссөн нутаг Монголын сайхан орон.
Гурван жилийн өмнө Хөлөнбуйрын их тал Манжуурын толгодоор явахад л хоёр гурван төө гаран ургасан монгол ногоо, халиурсан их шивээ хаа л бол ус оргилсон цэнгэг горхинууд байсансан. Хятадын нутаг Дорнод Монголын их талд ийм атаархам зун болох үед Монголд ялангуяа энэ их тал маань ус ч байхгүй ургамал ч байхгүй тарчийсан саарь болж элэг эмтэрмээр байж билээ. Дараа нь энэ нутгаар маань нэг, хоёр жилдээ баахан лууль шарилж өмхий өвс ургав. Харин гурав дахь жилээс нь ийм сайхан зун болохыг үзэв. Хадлан хадчихмаар ургацтай газар их байнаа. Манай нутгийнхан хэзээнээс малдаа хадлан хаддаггүй улс. Үхэх нь үхнэ биз үхэхгүй гэвэл өвсөө олоод иднэ биз гэж ярьдаг.
Энэ жил хадлан авъя гэсэн ч өвс нь шивээ ихтэй. Шивээ гэдэг малын арьс цоо хатгадаг дэрслэг ургамал. Талын ургамлууд өөрийгөө хамгаалж эхлээд хатгадаг шивээ ургуулдаг юм гэнэ билээ. Шивээ бол ургамлын “цэрэг” гэж бага насанд манай эмээ тайлбарласан. Эхлээд өмхий өвс лууль шарилж, шивээ ургадаг. Шивээнийхээ нөмөрт талын ургамал ургадаг гэж өвгөчүүл ярьдаг байсан. Агь ганга, таана хөмүүлийн үнэр машины цонхоор ч, морин дээрээс ч хамар цоргим. Би талд төрсөн талын хүн ч гэсэн хөмүүл, мангир гэдэг ургамлыг сайн санахгүй байна. Энэ жил учиргүй их ургажээ. Шивээний нөмөрт агь, хиаг, таана, хөмүүл, мангир цагаан цэцэг цайрна. Цагаан зээр үелзэж хааяа бор сүүлт давхина. Нэгэн үе бужигнаж байснаа устсан тарвага гэдэг амьтан хүртэл үзэгдэж эхэлжээ. Хаана байгааг нь би хэлэхгүй.
Хоёр. Бичиг үсгээ мартаж, өвс идэж ус уух шахсан ч
Төрсөн нутаг Төгрөг нуурын хөвөөнд байгаа нагац дүүгийнхээ хаяанд зуслаа. Төгрөгийн зүүн өндөр дээр гарахгүй бол сүлжээ байхгүй. Сүлжээ байхгүй болохоор дэлхийгээс, хотоос ашгүй нэг тасрав. Төгрөгийн нуурыг хоёр цэнгэг горхи тэжээдэг. Төгрөг нуурын ойр хавьд айл, мал ч ховор. Миний цагийн хуваарь бол ердөө л үүр цайж нар гарахаар босоод гэгээ тасрахаар хэвтээд өгнө. Өглөө гэгээ гарахаар босно. Талын нар мандахыг харна. Хурга, тугал хөөж, нуурынхаа хүхэртэй хар шаварт туучих. Нууранд өдөржин сэлэх шувуудын дууг сонсч суух, усанд орох дараа нь булгийн хүйтэн усаар биеэ угаах. Гэртээ ирээд хар шөл уух, хуушуур идэх. Өглөө эрт боссон юм чинь хаяа нь шуулттай гэрт жаахан дугхийх. Удалгүй нэг аяга саам уух, Элэгнийхээ рашаан дээр очиж рашаанаа уух. Авч гарсан ганц нэг номоо харах.
Дараа нь Эрэгнэгийн булгийн уул, Дэлгэр овоон дээр гарч айлынхаа адуу, хонийг хаа байгааг дурандах ингээд л миний нэг өдрийн ажил дуусна. Хонь хариулах амархан. Хонио өглөө бага үд гэж бэлчээгээд өдөрт нэг л харна. Орой нь нар шингэхээс өмнө ойртуулбал ойртуулна, ойртуулахгүй бол аль хавьд хонохыг нь мэддэг байх хэрэгтэй. Харин үхрээ орой хурааж тугалыг нь хашиж хоноод өглөө саалгаад тугалтай нь явуулчихдаг.
Өглөө явган яваад адууныхаа барааг харчихна. Гүүг бол сайндаа ганц, хоёр саана. Айраг уух, наргиж доргих хүн байхгүй. Зах зээл хол болохоор өөрсдийн хэрэгцээнээс илүү цагаан идээ хэрэггүй. Саам уух гүү, сүүг нь уух цагаан ямааг бол аргамжаад авна. Дээр өгүүлсэн дээ. Сүлжээ байхгүй, утас байхгүй, телевиз, радио байхгүй, төр байхгүй, дэлгүүр байхгүй, банк байхгүй, түгжрэл байхгүй, хэрүүл байхгүй, хов жив байхгүй тийм сайхан нутагтаа бараг л бичиг үсгээ мартаж, өвс идэж уус уух шахав. Ийм нутагт амрах ямар сайхан юм бэ. Эдийн засгийн хямрал бүр ч байхгүй. Эдийн засгийн хямрал болох байтугай мөнгө төгрөг ч хэрэггүй. Англи хэл, дээд боловсрол ч хэрэггүй.
Миний хармаанд зуны амралт эхлэхэд л байсан 20 мянган төгрөг хотод иртэл байж л байх юм. Тэгэхээр мөнгө төгрөг хэрэггүй тийм сайхан нутаг дэлхийд байдаг юм уу. Агаар, нар, рашаан ус, мах, айраг саам, борцтой хоол, цай, чанасан мах, хааяа ангийн шөл бүгд бэлэн. Дэлхийд бол эгэлгүй үнэтэй экологийн цэвэр бүтээгдэхүүн, эх нутагт минь үнэгүй. Үнэгүй биш юм. Би өглөө эрт боссон, хонь дурандсан, адуу харсан, тугал ойртуулсан, хотын сонин ярьсан. Шил архи, талх боовтой очсон. Бас наадамд явсан хөдөөгийнхний гэрийг сахиж, мал харсан биеийн хөдөлмөр эрхэлсний хөлсийг үнэлээд тохирч байгаа юм. Эдийн засгийн хямрал, бухимдал, түгжрэл, ядуурал зөвхөн Улаанбаатарт л байгаа шүү.
Г.Дашрэнцэн
URL: