Мазаалайг сурталчлах нь аврахаас чухал
Мазаалайг аврах хөдөлгөөн өрнөөд удаж байна.
Үүний хүрээнд маш олон ажил хийсний нэг нь видео бичлэгийн уралдаан юм. Уг уралдаанд түрүүлсэн бүтээлийг жинхэнэ гайхамшигт тооцох нь зүйтэй. Тийм бүтээлийн эзэнд хэдэн сая төгрөгийг шагнал өгснийг нь харин ч бүр бага мөнгө гэж бодоод байгаа юм.
За тэгж байтал “Мазаалай” нэртэй толь бичиг гаргасан. Үүний ачаар хүмүүсийн хэлний мэдлэг сайжирна. Ингээд бодохоор мазаалай бидэнд гадаад хэл “зааж” байна гэсэн үг юм.
Мундаг амьтан шүү. Дараа нь говийн бор баавгайг сурталчлахын тулд илтгэлийн уралдаан, реалити шоу зохиож, комикс ном гарган кино бүтээнэ. Энэ ажлыг зохион байгуулж байгаа хүмүүс нь “Бид хүн амынхаа тодорхой хувьд нь мазаалайн талаарх мэдээллийг хүргэлээ” гэж гайхуулцгаах аж. Ямар гоё юм 6э. Нөгөө муу баавгай чинь харин монголчуудын мэдлэгийг нэмж, харанхуй бүдүүлэг улсыг хорвоотой танилцуулж байгаа байх нь. Энэ бүхний хажуугаар говийн бор баавгайгаар дагнасан төрийн бус байгууллагууд ч олноороо байгуулагджээ. Тэдний зах зухаас нь дурьдвал “Үндэсний бахархал”, “Мазаалайг аврах Монголын алхам” гэх мэт.
Тэгэхээр мазаалайны ачаар ажлын байрны тоо нэмэгдсэн гэж ойлгож байна. Бид мазаалайд талархах ёстой. Хэдхэн хүн ч болов хийх ажилтай, авах цалинтай боллоо гэсэн үг. Ийм их бүтээн байгуулалт, суртал ухуулгын ажил хийж байгаа хүмүүсээс хандивын дансыг нь асуух нэгэн байхад “Юу хийсэн гэж тэдэнд мөнгө өгөх юм 6э” гэж унтууцах хүн ч байгаа юм.
Би бол тэр ууртай хүмүүст шүүмжлэлтэй хандмаар байна. Манай Монголын эдийн засагт асар том хувь нэмэр оруулж буйд нь “Мазаалайг аваръя” хөдөлгөөнийхнийг харин ч бүр магтууштай. Энэ бүх ажлын цаана мөнөөх хэдэн баавгайных нь тоо толгой улам бүр цөөрсөөр байгаа нь эмгэнэлтэй авч… Үгүй тэгээд ер нь агуу сайхан, уярам хэрнээ болж бүтээгүй түүхийг бий болговол сайхан юм биш үү. Түүний эгэл даруухан хэрнээ зорилгодоо хүрч чадсан түүх сонирхолгүй биз дээ.
Тэгэхээр мазаалайг аврах хөдөлгөөнийг улам сурталчлаад л байх хэрэгтэй. Үр дүн бол чухал биш ээ.
Т.Элиса
URL: