Цагаатгалын комиссоос мэдээлэл хийлээ

Цагаатгалын комиссоос мэдээлэл хийлээ

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос 9 дүгээр сарын 10-ны өдөр болох Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр цагаатгалын ажлын явц, тулгамдаж буй асуудлууд болон хэлмэгдэгсдийн өдрөөр зохион байгуулагдах арга хэмжээний талаар тус комиссын нарийн бичгийн дарга, доктор О.Лхагварэнцэн дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрээр мэдээлэлдээ, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хэргийг шалгах, цагаатгах, нөхөх олговор олгох ажил үргэлжилж байна. Тагнуулын Ерөнхий Газрын тусгай архивт хадгалагдаж байгаа, шалгагдаагүй үлдсэн хэргүүдийг тус Газрын Мөрдөн байцаах хэлтсээс үргэлжлүүлэн шалгаж, цагаатгах үндэслэл бүхий иргэдийн асуудлыг цагаатгуулахаар Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газарт шилжүүлж, эцэслэн шийдвэрлүүлж байна. Энэхүү шалгах ажиллагааны явцад сүүлийн 4 жилийн байдлаар  6131 иргэний хэргийг бүрэн шалгасан бөгөөд түүний дотор 2013 оны эхний 8 сард 378 хүний хэргийг шалгажээ. Үлдэж байгаа хэргүүдийг энэ оны эцэс гэхэд бүрэн шалгаж дуусгахаар ажиллаж байна. Улсын Дээд Шүүх, Ерөнхий Прокурорын газар эхний 8 сарын байдлаар 95 иргэнийг хилс хэргээс цагаатгаад байгаа талаар дурдлаа.

Мөн Цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны 4 дүгээр сарын сүүлчээс хойш өнөөг хүртэл 31 мянган хүн улс төрийн хилс хэргээс цагаатгагдаж, нэр төр нь сэргээгдээд байгааг тэмдэглээд Улсын Их Хурлаас 1998 онд батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл хэлмэгдэгсэд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд болох 17584 хүнд 16 тэрбум 326 сая төгрөгийн нэг удаагийн нөхөх олговрыг төрөөс олгоод байна. Энэ оны эхний 8 сард гэхэд 30 иргэн 26,5 сая төгрөгийн нөхөх олговрыг авсан талаар мэдээллээ.

Комиссын нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэн  цагаатгалын хуулийн хэрэгжилтийн талаар ярихдаа,  нэхэмжлэгчдээс иргэдийг цагаатгуулахаар гаргасан гомдол, эрэлт хүсэлтийг, мөн цагаатгагдсан иргэдэд нөхөх олговор олгох ажиллагааг  тасалбар болгож  хугацаа дуусгавар болсноос хойш даруй 1 жил гаруй хугацаа өнгөрөөд байна.
Цагаатгалын хуулийн зарим зүйл, заалтын хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан төв, орон нутгийн цагаатгалын салбар комиссууд, хүний эрхийн болон иргэний нийгмийн байгууллагууд, хэлмэгдсэн иргэдийн төрөл төрөгсдөөс хуулийн дээр дурьдсан зүйл, заалтын хугацаануудыг цаашид үргэлжлүүлэн сунгах санал хүсэлтүүдийг тавьж байна.

Үүнтэй холбогдуулан Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо болон хэлмэгдсэн иргэдийн санал хүсэлтийг авсны үндсэн дээр Улсын комиссоос цагаатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг өнгөрсөн оны сүүлчээр байгуулсан юм.  Ажлын хэсэг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг бэлтгэн Улсын комиссын даргад энэ оны 5 дугаар сарын сүүлчээр хүргүүлсэн билээ.

Улсын Их Хурлын намрын чуулганд энэхүү хуулийн төслийг хууль санаачлагчаар өргөн бариулж, шийдвэрлүүлэхээр  ажиллаж байна гэлээ. Тэрээр цааш нь, орон нутгийн төр, захиргааны байгууллагууд, цагаатгалын салбар комиссууд, Улсын комиссын зүгээс хэлмэгдсэн иргэд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсдөд тэдний хүсэлтийг үндэслэн нөхөх олговроос гадна нэг удаагийн буцалтгүй тусламж мөнгөн тэтгэмжийг олгож байгаа, гэр, орон сууц олгох болон одоогийн амьдарч байгаа байрны нөхцөлөө сайжруулахад нь анхаарч ажиллаж байгаагийн зэрэгцээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх ажил, арга хэмжээнүүд Улсын комисст болон төв, орон нутагт үргэлжлэн хийгдэж байгаа талаар мэдээлэв.

Ялангуяа хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөө, суврага босгох, ном товхимол шинээр хэвлэх, эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлуудыг зохион байгуулах зэрэг ажлууд орон нутагт өргөнөөр зохион байгуулж байгаа ажээ. Мөн Улсын комиссын дэргэдэх Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Судалгааны төвөөс эрхлэн “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн намтрын товчоон” номын ээлжит дугааруудыг хэвлүүлсэн ба заримыг нь хэвлэлтэнд өгөхөд бэлэн болоод байгаа талаар ярив.

18 дахь удаагаа тэмдэглэж буй хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулж, зохион байгуулах арга хэмжээний талаар тэрээр танилцуулахдаа,  Сонгинохайрхан уулын бэлд байрладаг хэлмэгдэгсдийн хөшөөнд Ерөнхийлөгчийн Тамгын Газар, УИХ, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, нийслэл, дүүргүүдийн төр, захиргааны байгууллагууд, цагаатгалын салбар комиссууд, хэлмэгдэгсдийн зүгээс цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын гишүүд, нийслэл, дүүргүүдийн төр, захиргааны байгууллагууд, цагаатгалын салбар комиссууд, төрийн яамд, олон нийтийн байгууллагууд, Монголын хэлмэгдэгсдийн холбоо, хэлмэгдэгсэд, тэдний ар гэр, төрөл төрөгсдийн зүгээс  Хэлмэгдэгсдийн төв хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ажээ.

Үүний зэрэгцээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг тэмдэглэхтэй холбогдуулан Улсын комиссын дарга, гишүүд хэлмэгдэгсдийн төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ. Улс орон даяар замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх машин техникүүдийн гэрлийг 9 дүгээр сарын 10-ны өдрийн 11.00 цагаас 13.00 цагийн хооронд асаалгаж, хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлнэ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд зориулж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сүм хийдүүдэд бурхны ном хуруулах, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ орон даяар зохион байгуулагдана. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн музейд олон нийтийн цуглаан, ярилцлага зохион байгуулагдах бөгөөд музейн үзмэртэй иргэдийг танилцуулж, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг хойч үедээ ойлгуулах зэрэг арга хэмжээ болно.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, дахин хэлмэгдүүлэлт гаргуулахгүй байхын тулд Ерөнхий боловсролын сургуулиудад 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хэлмэгдүүлэлтийн талаар хичээл заах зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах талаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэн мэдээлэв.

Тэрээр дараа нь сурвалжлагчдын сонирхсон асуултад хариулт өгөв гэж Комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих