”Алтан гөрөөс” фестиваль болно
Яруу найраг гэдэг бүх нийтийн хэл, соёл билээ. Тэгвэл “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл санаачлан “Алтан гөрөөс” яруу найргийн фестивалийг эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ жилийн фестиваль олон улсынх гэдгээрээ онцлог. Анхны “Алтан гөрөөс” фестивалийг өнгөрсөн жил Дорноговь аймагт зохион байгуулжээ. Манай улсад нэн ховордоод буй гөрөөсийг бэлгэдэл болгон “Алтан гөрөөс” хэмээн нэрийдсэн аж.
Энэ удаа үндэстэн бүрийн яруу найрагчид эх дэлхийгээ, ан амьтдаа хайрлах нэгэн сэтгэлийн доор нэгдэж, Чингисийн нутгаар аялан, шүлгээ унших юм. Энэхүү арга хэмжээнд Өвөрмонгол, Герман, Америк зэрэг долоон орны төлөөлөгчид оролцохоор иржээ. Одоогоор Өвөрмонголын нэрт яруу найрагч Тогтох, Эрдэнэтогтох болон Германы найрагч Бен зэрэг зочид хүрэлцэн ирсэн байна. Харин манай орноос 15 найрагч оролцох болсноо мэдэгдсэн юм.
Үүнд яруу найрагч Ш.Лхамноржмаа, Ц.Эрдэнэбаатбар, Ж.Мөнхбат зэрэг найрагчид багтжээ. Зохион байгуулагчдын зүгээс Монгол түмний яруу найргийг дэлхийд таниулж, сурталчлах, бусад орны уран бүтээлчидтэй туршлага солилцох, уран бүтээлийн яриа өрнүүлэхийг зорьсон гэв. Зочид маргааш Хэнтий аймгаас аялалаа эхэлнэ. Тэдний эхний буудал Хөх нуур. Нуурын эрэг дээр шүлгээ уншиж, эрч хүч, энерги авах гэнэ.
Харин цаашаагаа Чингисийн онгон, Батширээт сум, Аварга тосон зэрэг Монголын эх түүхийн өлгий болсон нутгаар аялж, ард иргэдтэй уулзан уран бүтээлээ толилуулах юм. Долоон орны найрагчид нэгдэж, эрүүл эх дэлхийн төлөө дуу хоолойгоо өргөх нь. “Алтан гөрөөс” фестивальд оролцохоор ирсэн найрагчид Чингисийн монголд ирсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эх дэлхийнхээ эзэн нь байж, хайрлан хамгаалъя гэж уриалсан юм.
URL: