Монгол Улсын өрсөлдөх чадварын итгэлцүүр буурчээ
Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Дэлхийн өрсөлдөх чадварын индекс /ДӨЧИ/-д Монгол Улсын эзлэх байр 14 орноор ухарсан байна. Тус судалгаанд манай улс 2005 оноос эхлэн хамрагдсан бөгөөд энэ оны судалгаагаар 3.7 оноогоор 148 орноос 107-р байрт орсон нь өнгөрсөн оныхоос эрс ухарсан үзүүлэлт юм.
Өнгөрсөн онд манай улс ДӨЧИ-ээрээ 148 орноос 93 дугаарт жагсаж байна. Харин 2006-2007 онд 92-т жагссан нь хамгийн эерэг үзүүлэлт байжээ. Манай улсын макро эдийн засгийн тогтвортой байдлын үзүүлэлт эрс муудаж, өмнөх үзүүлэлтээс 78 байраар ухарсан нь ийм үр дүн гарахад хүргэсэн байна. Харин технологийн бэлэн байдал, дээд боловсрол ба мэргэжлийн сургалт гэсэн үзүүлэлтүүд ахицтай гарчээ.
Дэлхийн өрсөлдөх чадварын индексийг институцийн тогтолцоо, дэд бүтэц, макро эдийн засгийн орчин, эрүүл мэнд ба суурь боловсрол, дээд боловсрол ба мэргэжлийн сургалт, бараа бүтээгдэхүүний болон хөдөлмөрийн зах зээлийн үр ашигтай байдал, санхүүгийн зээлийн болон бизнесийн боловсронгуй байдал, технологийн бэлэн байдал, инноваци гэх 12 тулгуур үзүүлэлтэд үндэслэн гаргадаг ажээ.
Өрсөлдөх чадварын тайланд бизнес эрхлэхэд саад болж буй гол хүчин зүйлсийн мөн дурьддаг байна. Манай улсын хувьд мэргэшсэн ажиллах хүчний дутагдал, төрийн хүнд суртал, дэд бүтцийн хангамжийн хангалтгүй байдал, бодлогын тогтворгүй байдал, авлига, хээл хахуул, инфляци зэрэг хүчин зүйлсийг бизнесийн дайснаар тодорхойлжээ.
М.Өлзийням
montsame
URL: