Биеэ үнэлэгч бүсгүйчүүд нутаг буцахаас татгалзлаа

-Монголд очоод хийх ажил олдохгүй, мөнгөгүй байна гэдэг хэцүү-

“Шинэ гэмт хэрэг” хэмээн нэрлэгдсэн хүний най­маа, бусдын биеийг хүчээр үнэлүүлэх хэрэг ма­най улсад гарах нь ихэсч, газар авсаар байгаа.

Га­зар авсан гэдгийг нь албаныхан мэдээд байгаа юм шиг хэрнээ Хятад, Малайз, Сингапур, Макао, Хон­конг болон Өм­­нөд Солонгост бүсгүйчүүдийн биеийг хүчээр үнэ­­лүүлж буй гэмт этгээдүүд бүг­сээр. Хамгийн сүүлд Монголд биеэ үнэлж байсан охи­дыг нэг найз нь дагуулж, БНХАУ-ын Эрээн хотод да­­гуулж очоод биеийг нь үнэлүүлж байсан хэрэг илэр­сэн байна.

Тэднийг одоо УМБГ-ын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа. Гэтэл энэ хэргийг шалгаж дуусаагүй байхад дахин биеэ үнэлж байсан буюу биеийг нь хүчээр үнэлүүлж байсан хэрэг хэд хоногийн өмнө гарч шуугиан тарилаа. Тодруулбал, залуу охидыг гадаадын циркэд уран нугараачаар ажиллуулна хэмээн авч очсон хүмүүс албадан хөдөлмөр эрхлүүлж, хүчээр биеийг нь үнэлүүлсэн байгаа юм. Гэмт хэргийн золиос болсон дөрвөн монгол охин Солонгосоос олджээ.

Тэднийг хэзээ тэнд авч очсон гэдэг нь тодорхойгүй. Нугараач охид Солонгост ширээний үйлчлэгч хийж, цаашлаад биеэ үнэлж байжээ. Энэ хэргийг мэдсэн даруйд Элчин сайдын яамнаас арга хэмжээ авч, ажлыг нь таслан зогсоож авалгүй удсан бүх цалинг нь авч өгсөн байна. Түүнчлэн Монгол руу ирэх зардлыг нь хүртэл гаргаж өгөхөөр болжээ. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сард визнийх нь хугацаа дуусахаар авчрахаар болсон байв. Гэтэл охид  Монгол руу явахаас татгалзаж визнийхээ хугацааг сунгах хүсэлтээ гаргасан байна. Тэдний хэлснээр “Монголд очоод хийх ажил олдохгүй.

Мөнгөгүй байна гэдэг хэцүү” хэмээн нутаг буцахаас татгалзжээ. Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад “Тэднийг уран нугаралтын гэрээтэй авч очсон ч ширээний үйлчлэгч хийлгэж, янз бүрийн байдлаар ажиллуулж байсан юм билээ. Тэгээд Элчин сайдын яамнаас тэдний энэ ажлыг нь таслан зогсоогоод, ажиллаж байсан газраас нь цалин мөнгийг нь авч өгсөн” гэсэн юм. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас илүү мэдээлэл хэлэх боломжгүй гэв.

Харин энэ бүхнийг анх сэдэж, Монголоос зуучилж ширээний үйлчлэгч хийлгэж байсан А гэг­чийг цагдан хорьж, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шал­гаж байна. Энэ бол ил бо­лоод, хууль хяналтын байгуул­ла­гынхны илрүүлсэн хэр­гийн нэг нь. Үүний цаана хэч­нээн монгол охид гадны оронд ийм байдалтай байгааг мэ­дэх­гүй. Манай улс хүний най­маа­ны эсрэг тэмцэхийн тулд хурал хэлэлцүүлэг байс­хий­гээд л хийдэг. Гэхдээ энэ үеэр өнгөрсөн хэдэн жилийн судал­гааг танилцуулж, ярихаас цааш­гүй байсан.

Гэтэл энэ үед хи­лээр хэд хэдээрээ монгол охид ар араасаа цуварч, харийн хү­ний өврийг дулаацуулж, нүдийг баясгахаар гарч байна. Тэд­ний зарим нь өөрийн хүсэл­тээр гарч байж болох ч ихэнх нь дээрх байдал шиг хууртаж, харь нутагт очиж байгаа юм. Монголд хүчээр биеийг нь үнэлүүлж байгаа хэргийг хүчрэхгүй байгаа юм чинь гадаадад байгаа таслан зогсоохгүй байх нь арга ч үгүй биз. Үүнийг илтгэж хүчээр биеийг нь үнэлүүлж байсан хэрэг байсхийгээд л гардаг болсон.

Массажны газруудад охид, эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан, зочид буудал, караоке клуб, уурхай дээр охидын биеийг үнэлүүлэх асуудал эмзэг хэвээр байна. Массаж сауны газарт ихэвчлэн хөдөөнөөс ирсэн охидыг сонгон авч их мөнгө өгч байгаа мэт харагдуулж хууран тэднээр их хэмжээний орлого олдог байсан хэрэг он гарсны дараа хоёр ч удаа гарсан.

Одоо хэргийг нь шалгасаар байна. Сүүлийн үед уул уурхай, барилгын салбар хөгжиж энэ хэрээр гадаад дотоодын улсад болон хөдөө, орон нутагт олон сараар суурьшиж ажиллах нь нэмэгдсэн. Энэ байдлыг далимдуулж охид эмэгтэйчүүдийг хөдөө орон нутгаар авч явж, биеийг нь үнэлүүлэх нь ихэссэн байна. Тэд цалин буух үеийг тааруулан үйл ажиллагаагаа эхэлдэг байна. Энэ бүхний цаана зохион байгуулдаг нэг эзэн байдаг бөгөөд татвараа аваад л сууж байдаг гэлцдэг.

Хууль хяналтын байгуул­лагынхан шалгаж нягтлаа­гүй ч олон хүний ам дам­жин яригдаж ирсэн нь үнэн. Энэ мэтээр хуулийн гадуур охид бүсгүйчүүдийн биеийг хү­чээр үнэлүүлж, мөнгө олох амар арга хэмээн хуурч мэхлэх то­хиол­дол нэмэгдсээр л байна. Үүнийг хазаарлаж зогсоон, хя­налт тавихыг мэдэхгүй. Гэх­дээ “Охид ариун бол төр ариун” гэдэг  дээ. Тиймээс хүн ху­дал­даалах, хүчээр биеийг нь үнэ­лүү­лэх гэх шинэ гэмт хэрэгт цэг тавих хэрэгтэй байна. Энэ хэргээс болж насаараа хо­хирч, хэний ч өмнөөс харж ча­да­хаар­гүй болсон, нийгмээс холдож нүд үзүүрлэгдсэн охидын гашуун түүх бидэнд бий.

Г.Мянган

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих