Япончууд “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төслийг 3 дахь жилдээ санхүүжүүлэхээр болов
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн захирал Тоёода Мицүаки нар “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төслийн тусламжийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
“Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төсөл нь цэцэрлэгийн хүүхдүүдэд эрүүл, аюулгүй, сурч хөгжих таатай орчныг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэхүү төслийг Японы Хүүхдийг Ивээх Сан хэрэгжүүлдэг бөгөөд МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль, дөрвөн дүүргийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг төрийн байгууллагууд хамтран ажилладаг юм.
Японы Засгийн газраас төслийн эхний 2 шатанд 897.297 ам.долларын санхүүжилт хийсэн бол энэ удаад 469.932 ам.долларын санхүүжилт олгохоор боллоо. Энэхүү төслийн гурав дахь шатанд төслийн тогтвортой үргэлжлэх байдал болон хяналт үнэлгээнд илүү төвлөрөн ажиллах ба энэ оны 9 сараас ирэх жилийн 9 сар хүртэл Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 38 цэцэрлэгт хэрэгжинэ.
“Япон Улсын Засгийн газар боловсролын салбарыг хамгийн чухал салбарын нэг хэмээн үзэж өнөөг хүртэл олон төрлийн тусламж дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд энэхүү Японы Хүүхдийг ивээх сангийн төслийг 2 жил дараалан дэмжиж ирлээ.
Тус төсөл нь хүүхдэд ээлтэй цэцэрлэгийн жишиг ариун цэврийн өрөөний засвар, “Бага насны хүүхдийн боловсрол” гарын авлагыг орчуулан хэвлэх, “Сургууль, цэцэрлэг дэх хүмүүжлийн эерэг аргын хэрэглээ” сэдэвт чуулга уулзалт зохион байгуулах зэргээр сургуулийн өмнөх боловсролыг улам бүр чанаржуулан сайжруулах тал дээр идэвх зүтгэл гарган ажиллаж байна.
Төслийн зорилго, зорилтыг БШУЯ дэмжиж ажиллаж байгаад бид баяртай байна” гэж Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Зөвлөх ноён Шиничиро Хаяаши хэллээ.
Ц.Очгэрэл /Монцамэ/
URL: