Их хэмжээний тарваганы мах илрүүлжээ
Нийслэлд их хэмжээний тарваганы мах оруулж ирэхийг завдсан хэрэг өчигдөр гарав.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Эмээлтийн түүхий эдийн зах орчимд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлгөөнт эргүүлийнхэн шалгалт хийх явцад их хэмжээний тарваганы мах хууль бусаар оруулахыг завдсан этгээдийг саатуулжээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гарсан хот хоорондын зорчигч тээврийн 7661 УНА дугаарын Дайво маркийн том оврын автобуснаас 10 ширхэг тарваганы тулам, хоёр ширхэг түүхий мах, нэг ширхэг чанасан мах авч явсан байна.
Түүнчлэн энэ өдөр Архангай аймгийн Хангай сумын харьяат 1591 АРХ Стана маркийн шугамын микро автобуснаас 10 ширхэг тарваганы тулмыг тус тус хураан авч Зооноз өвчин судлалын үндэсний төвд шилжүүлжээ.
Нийтийн тээврийн автобуснуудад явсан 51 зорчигчийг ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамруулсан болохыг албаныхан мэдэгдлээ.
Б.Агиймаа /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: