МАН-ыг АН ацан шалаанд оруулах нь

Ардчилсан намын гишүүд сонгуулийн тогтолцоог 26:50 буюу холимог хувилбараар явуулах санал гаргасан нь МАН-ынхныг байж суух газаргүй болгов. Тэвдэж сандарсандаа Д.Лүндээжанцан дарга нүүр нь хүрэнтэж, хэлэх үггүй намынхаа залуу гишүүдэд шүүмжлүүлж харагдлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Д.Лүндээжанцан болон Л.Болд нарын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн нь энэ.

Уг нь хоёр хувилбарыг хольж хутгаад холимог хувилбарыг сонгосон талаар бүлгийн дарга нар мэдээлж байсан ч МАН хэлсэн үгнээсээ буцсан юм. Мэдээж, тойргоос гарсан экс Ерөнхийлөгч улс төрд эргэн ирсэнтэй холбоотой. Ингээд л Ардын намын бүлэг асуудлаа шийдвэрлэж чадахгүй, гишүүд нь хэдэн хэсэг болон талцаж эхэлсэн. Нэг хэсэг нь можаритор тогтолцоог эрхэмлэж, хувиа хичээж байгаа бол нөгөө хэсэг нь пропорциональ гэж том дуугарсан хэвээр буй. Харин намд аль хувилбар нь ашигтай байх вэ гэдэг дээр удирдлагууд нь нэгдэж чадаагүй л байна. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд сонгуулийн тогтолцооноос л болж хохирч байсан тул ямар ч байсан тоглоомын дүрмийг өөрчилнө гэж зөрүүдлээд буй. Жижиг намуудын тухайд хэдийн саналаа нэгтгэчихсэн. Ирэх сонгуульд хүч хавсарахаар шийдвэрлэж, хурим найраа ч хийчихлээ.

Тоглоомын дүрэм хэрхэн өөрчлөгдөхийг улс төрд санаархагчид нүд цавчилгүй харж буй. Иймд ямар байсан тогтолцоог өөрчлөх нь гарцаагүй. Эс дахин долоодугаар сарын 1-н болвол МАН гэмтэн болох эрсдэлтэй. Иймээс шинэчлэл гарцаагүй. Гэхдээ хэзээнээс хууль мөрдөгдөх вэ. Энэ л асуудлын гогцоо. АН ирэх сонгуулиас гээд гэдийчихвэл асуудал бас л бишдэнэ. Иймээс л хугацаа хожиж сонгуулийн тогтолцоог нь бус доторх эрэг, шургийг нь оролдож эхлэв бололтой. Өөрөөр хэлбэл, тоглоомын дүрсмээ сүүлд хэлэлцье. Урьдчилаад жижиг асуудлуудаа шийдвэрлэх саналыг Д.Лүндээжанцан болон ажлын хэсэг гаргалаа. Дүрэм нь тодорхойгүй байж тоглох дарааллаа хэлэлцэж байгаа нь олны хүнийг алмайруулсан. Бүлгийн даргынхаа шийдвэрийг намын нөхөд нь ч гайхаж, бас эсэргүүцэж үзсэн. Бүр АН-ын нөхөдтэй нийлж “Шууд холимог хувилбарыг дэмжиж байгаа эсэхээр санал хураая” гэж хэлээд бүлгийн даргаа гараад зугтахад хүргэсэн. Нэг үгээр, намаа шуудхан л ацан шалаанд оруулж байгаа харагдсан.

Энэ удаад аврагдсан ч дараагийн удаад АН-ынхан Ардын намаас гишүүн элсүүлээд ацан шалаанд оруулж магадгүй л юм билээ. Эцсийн цэгийг тавих ёстой Ардын нам чухам юу сэдээд байгаа нь хачирхалтай.

Л.НИНЖСЭМЖИД


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих