“Эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалъя”
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛЛАГСДЫН НИЙГМИЙН БАТАЛГАА” зөвлөлгөөнд тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Н.УДВАЛЫН
“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛЛАГСДЫН НИЙГМИЙН БАТАЛГАА”
УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНД ТАВЬСАН ИЛТГЭЛ
“ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЪЯ”
Эрхэм хүндэт Эрүүл мэндийн ажилтнуудаа!
Эрүүл мэндийн салбарын ажиллагсадын нийгмийн асуудлаархи улсын зөвлөгөөнд оролцож буй хүндэт Зочид, Төлөөлөгчид өө!
Хүний эрүүл мэндийг сахин хамгаалж, амь насыг нь аврахын төлөө өдөр шөнийг ялгалгүй, нойр хоолоо умартан, ар гэр, амин хувийн эрх ашгаа хойш тавин байж зүтгэж байдаг цагаан нөмрөгтөн ачтануудынхаа энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж Эрүүл мэндийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Шинэчлэлийн засгийн газрын “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг эрүүл мэндийн ажилтны мэдлэг ур чадвар, харилцаа хандлага, нийгмийн асуудлын өнөөгийн байдалд нотолгоонд үндэслэн үнэлгээ дүгнэлт өгч, тус салбарын хүний нөөцийн хөгжлийг хангахгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй юм.
Жил бүрийн 8-р сарыг Эрүүл мэндийн сайдын санаачлагаар “Эрүүл мэндийн салбарын ажилтны сар” болгохоор шийдвэрлэж, эрүүл мэндийн байгууллага бүр ажилтнуудынхаа нийгмийн асуудлуудыг хэлэлцэх хэлэлцүүлгийг зохион байгуулж, салбарын хамт олны хэлэлцүүлгийн үр дүнг улсын хэмжээний уулзалт зөвөлгөөнөөр хэлэлцэж төрийн бодлого шийдвэрт тусгах арга хэмжээ авч байхаар болсон билээ.
Эрүүл мэндийн ажилтны сарын ажлын хүрээнд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгүүдийн үеэр гарсан саналуудыг хэлэлцэх, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажиллах тухай хамтын хэлэлцээрт заагдсан заалтуудын хэрэгжилтийн явцыг хэлэлцэж зөвлөлдөхөөр Та бүхэн эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирээд байна.
УИХ-аас 2011 оны 5 сард шинэчлэн баталсан Эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн баталгааг хангах асуудлаар сүүлийн жилүүдэд олон чухал шийдвэр гарч хэрэгжүүлсний заримаас нь дурьдвал:
1. Эрүүл мэндийн ажилтны тэтгэвэрт гарах үеийн нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг даруй 2 дахин нэмэгдүүлснээр уг тэтгэмжийн санхүүжилтэнд 2011 онд 2,9 тэрбум, 2012 онд 10,0 тэрбум, 2013 онд 11,7 тэрбум төгрөг зарцуулсан байна.
2. Эмнэлгийн мэргэжилтнийг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллахыг хөхүүлэн дэмжих зорилгоор сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо, эмчилгээний төвд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгох эрх зүйн орчин бүрдсэнээр уг тэтгэмжийн зардалд 2011 онд 0,3 тэрбум, 2012 онд 15,8?, 2013 онд 3,3 тэрбум төгрөгийг зарцуулж байна. 2013 онд Өрхийн эмч нарын, Сумын эмч нарын, Эх хүүхдийн эрүүл мэндийн улсын зөвөлгөөнүүдийг зохион байгуулж тухайн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эрсдлийг бууруулах, эмч мэргэжилтний мэдлэг чадварыг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах хөшүүргийг бий болгох зэрэг олон чухал шийдвэрүүдийг гаргалаа. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд 31 сум, 3 аймгийн нэгдсэн эмнэлэг түргэн тусламжийн шинэ авто машинаар хангагдлаа.
3. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн мэдлэг чадварыг тасралтгүй дээшлүүлэхэд сум, тосгоны эрүүл мэндийн төв, багийн эмчийн салбарт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад 5 жил тутамд улсын зардлаар хамруулж байна. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтад төр засгийн дэмжлэг жилээс жилд нэмэгдэж 2012 онд 0,8 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 1,3 тэрбум төгрөг, 2014 оны төсвийн төсөлд 2,4 тэрбум төгрөгийн зардал төсөвт тусгагдаж байна. 2010-2013 онуудад эмнэлгийн дээд мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтанд нийт 310 эмч, мэргэжилтэн хамрагдаж улсын төсвөөс 504 сая төгрөгийг, 2013-2014 оны хичээлийн жилийн сургалтанд шинээр 349 дээд мэргэжилтэн хамрагдаж улсын төсвөөс 136 сая төгрөгийг, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтанд 598 мэргэжилтэн хамрагдаж улсын төсвөөс 265 сая төгрөгийг, эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтанд 7085 мэргэжилтэн хамрагдаж улсын төсвөөс 671 сая төгрөгийг тус тус зарцуулж дээрхи сургалтуудад зориулж улсын төсвөөс 1.577 сая төгрөгийг зарцуулаад байна.
4. Зөвхөн 2013 оны улсын төсвийн зардлаар гэхэд эх барих, мэс засал, сэхээн амьдруулах, хүүхэд, сувилахуй, эрүүл мэндийн удирдлагын мэргэжлэээр 52 эмч мэргэжилтэн Япон, БНСУ, ОХУ-д сургалтанд хамрагдаж байна. 2010-2012 онд нийтдээ 700 гаруй эмнэлгийн мэргэжилтнийг гадаадад мэргэжлийн чиглэлээр урт, богино хугацааны сургалтад суралцууллаа. Тухайлбал, 2012 онд БНСУ-ын Самсунг эрүүл мэндийн төвд 68 эмчийг, 2012 онд БНСУ-ын Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн “Сөүл” төслийн хүрээнд 19 их эмчийг, 2011-2012 онд Тайваны их дээд сургуулиудад 30 их эмчийг тус тус хамрууллаа.
5. Улсын хэмжээгээр бүх аймгууд зайны оношлогооны тоног төхөөрөмжөөр хангагдлаа. Энэ арга хэмжээ нь иргэдэд орон нутагтаа төрөлжсөн нарийн мэргэжлийн төвүүд болон гадаад орны эмнэлгүүдээс оношлогоо, эмчилгээний зөвлөгөө авах боломжийг бүрдүүлж өгч байна. Дээрхи хөрөнгө оруулалтын арга хэмжээ нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажлын байрны сургалтыг өргөжүүлэх сайхан бололцоог бидэнд олгож байна.
6. Эрүүл мэндийн ажилтныг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах болон ажилласан 5 жил тутамд нь Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралт дээр нь 1 өдрийн нэмэгдэл амралт олгохоор тус тус хуульчилсан. Энэ ажлын хэрэгжилт эрүүл мэндийн байгууллага бүрт харилцан адилгүй байна. Эмнэлгийн мэргэжилтэнд төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй, хөнгөн шуурхай үзүүлэх талаар Эрүүл мэндийн сайдын 2010 оны 224 дүгээр тушаалаар зохицуулснаар 2010-2012 оны байдлаар төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд жилд дундажаар 3000 орчим эмнэлгийн мэргэжилтнүүд 50 хүртэлх хувийн төлбөрийн хөнгөлөлттэй үнээр хамрагджээ.
7. Эрүүл мэндийн ажилтныг цусаар дамжих халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор В хепатит вирус илрүүлэх шинжилгээгээр сөрөг дүнтэй гарсан эрүүл мэндийн ажиллагсдыг дархлаажуулалтад хамруулахтай холбоотой зардлыг тухайн эрүүл мэндийн байгууллагын төсөвт тусгаж, 2011 онд 1907 ажилтанд 5722 хүн тун, 2012 онд 1537 хүнд 4612 хүн тунгийн вакцинжуулалт хийгээд байна. 8. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай ажиллах хамтын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхижиж, ажиллагсдын хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон ажиллагсдын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн салбарын хамтын хэлэлцээрийг 2009 оноос хойш 2 жилээр тогтмол байгуулан ажилалаа. Тус хамтын хэлэлцээрийн дагуу ажиллагсдын нийгмийн асуудлаар тулгамдсан асуудлыг харилцан зөвшилцөж, хамтран шийдвэрлэж ирлээ. Тухайлбал, Эрүүл мэндийн ажиллагсдын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн ажилтны нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийг өргөх чиглэлээр “Алтан чагнуур” ёслолын ажиллагаа, Эрүүл мэндийн үйлчилгээний ажилтны улсын II зөвлөгөөнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн нь үр дүнгээ өгч байна.
9. Эрүүл мэндийн ажилтны ажлын гүйцэтгэл, ур чадварт суурилсан цалин хөлс, урамшууллыг ялгавартай тогтоох зорилгоор эрүүл мэндийн ажилтны цалин хөлсний тогтолцоо, ажлын ачаалал, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох судалгааны ажлыг ЭМШУИС-ийн НЭМС-ийн судлаачдаар гүйцэтгүүлж байна. Энэхүү судалгаанаас гарах үр дүн, зөвлөмж нь эрүүл мэндийн салбарын ажиллагсдын ажлын үр дүн, гүйцэтгэл, ур чадварт суурилсан цалин хөлс, урамшууллын оновчтой тогтолцоог нэвтрүүлэх, цалин хөлсийг мөнгөний инфляцитай уялдуулан нэмэгдүүлэх, улмаар төрийн үйлчилгээний албаны сүлжээнээс эрүүл мэндийн ажилтныг гаргах шинжлэх ухааны үндэслэл нотолгоо болох юм.
10. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тогтолцоог бий болгох зорилгоор “Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай” хуулийн үзэл баримтлал, төслийг боловсруулаад оролцогч талуудын дунд хэлэлцүүлэх шатандаа байна. Мөн “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”-г шинэчлэн боловсруулж, хэлэлцүүлж байна.
11. Эрүүл мэндийн ажилтны ажиллах нөхцлийг сайжруулах тэдгээрийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, салбарын хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг зохион байгуулж, эрүүл мэндийн ажилтны хувийн хамгаалах хувцас хэрэгслийн үлгэрчилсэн жагсаалтыг гаргаж байна.
12. “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ыг шинэчлэн боловсруулж Эрүүл мэндийн сайдын 2013 оны 68 дугаар тушаалаар батлан хэрэгжүүлж байна. Мөн ”“Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах журам”, “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох журам”-ын төслийг шинэчлэн боловсруулж, хэлэлцүүлж байна.
Хэдийгээр эрүүл мэндийн ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэтгэвэр, тэтгэмжинд хамруулах, хөдөлмөрийн нөхцлийг нь сайжруулах, мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах чиглэлээр дээр дурьдсан олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа боловч эрүүл мэндийн ажилтны нийгмийн асуудалд нэн даруй шийдлээ хүлээж байгаа олон асуудлууд хуримтлагдсан байна. Үүнд:
1. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 40000 гаруй эрүүл мэндийн ажилтнууд ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн баталгааны суурь судалгаанаас харахад нийт ажиллагсдын 81 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байгаагаас:
• өрх толгойлсон эмэгтэй – 10,1 хувь, • өрхийн орлогын нэг гишүүнд ногдох хэмжээ амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой ажилтан – 20,5 хувь, • өөрийн орон байргүй, түрээсийн орон сууц болон гэрт амьдардаг – 60,9 хувь, • зуслангийн болон өөрийн эзэмшил газаргүй – 40,9 хувь, • цалингийн зээлтэй – 70 хувь, үүнээс 7,6 хувь нь орон сууцны зээлтэй, 8,4 хувь нь өргөн хэрэглээний лизингийн, 10,3 хувь нь оюутны сургалтын зээлтэй, жилд дундажаар 2-3 удаа цалингийн зээл авч, давхар ажил эрхэлж өрхийн амьжиргаагаа залгуулж байна гэсэн дүн гарсан байна. 2. Эрүүл мэндийн ажилтны ажиллах нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаж чадахгүй байна. Тухайлбал В, С вируст гепатит, ДОХ, сүрьеэ зэргээр халдварлах болон мэргэжлийн үйл ажиллагаагаа гүйцэтгэх явцад осол гэмтэл, байгалийн гамшиг, бусдын дарамтад өртөх эрсдэл өндөр, ажлын байрны ачаалал өндөр, ажиллагсадын хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуйн орчин таатай бус, чанартай хувийн хамгаалах хувцас хэрэгслээр бүрэн хангагдахгүй байна.
3. Эрүүл мэндийн мэргэжилтний хөдөлмөрийн үнэлэмж туйлын доогуур, ажлын байрны стресс өндөр байна. Монгол улсад сард дунджаар их эмч 621000 төгрөгний, сувилагч, бусад тусгай мэргэжилтэн 555025 төгрөгний, үйлчлэгч болон бусад үйлчилгээний ажилтнууд 463294 төгрөгний цалин авч байна. Эрүүл мэндийн ажилтны сарын дундаж цалин Японд 761 000 иен, Англид 5106 паунд, Сингапурд 7607 синга доллар, Францад 2770 евро, Тайландад 41358 ватт, Чехословакт 32349 крон байдаг байна. Эрүүл мэндийн ажилтнуудын цалин 30 хувиар нэмэгдсэн гэх боловч нэмэгдэл нь мөнгөний ханшны уналтын хурдаас хоцорч байгаагаас бодитой нэмэгдэл болж чадахгүй байна.
4. Эрүүл мэндийн ажилтнуудын ажлын ачаалал хэт их, дунд өвчлөл өндөр байна. Амбулаторийн нэг эмч дунджаар өдөрт 40 – өөс дээш тооны хүнд үйлчлүүлж айна. Ялангуяа мэргэжлээс шалтгаалах өвчлөлүүд өндөр байна. Өөрсдийн эрүүл мэндийн асуудлаа үл тоон ажлын шаардлагаас болон эмнэлэгт хандахгүй явсаар өвчин нь үгдэрч хүндрэх тохиолдол их байна. Наслалт богино байна.
5. Эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх их, дээд сургуулиуд, коллежэд оютнуудад зориулж өвчтөн үйлчлүүлэгчтэй харьцах харилцаа хандлага, ёс зүйн хичээл зохистой харьцаагаар, бодит амьдралд нийцсэн байдлаар ордоггүйгээс болж эрүүл мэндийн ажилтнууд харилцаа хандлага болон ёс суртахууны доголдолтой олон нийтийн шүүмжлэлд байнга өртөж ажилтны болон байгууллага, салбарын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байна.
6. Эрүүл мэндийн байгууллагуудад эрсдлийн удирдлагын механизм тууштай нэвтэрч, эмнэлгийн алдаа доголдлыг бууруулах стратеги төлөвлөгөө хэрэгждэгггүйгээс, эрүүл мэндийн мэргэжилтнүүд хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулсан нөхцөлд учирсан хохиролыг нөхөн төлөх эрх зүйн орчин бүрдээгүй зэргээс болж хүний эрүүл мэнд, амь настай холбоотой өндөр эрсдэлтэй ажлыг туйлын бага цалингаар, өндөр ачаалалтай гүйцэтгэж байгаа эрүүл мэндийн мэргэжилтнүүд эрсдлийг дангаараа хариуцаж санхүүгийн давхар өр зээлэнд өртөж байна.
7. Өнөөдрийн авч буй цалин хөлсний хэмжээ нь орон сууцны 8 хувийн зээлд хамрагдах, оюутан хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх мөнгөний хуримтлал, хадгаламж үүсгэх боломжгүй болгож байна. Нэг иргэнд ногдох эзэмшил газраа авахад төрийн байгууллагын олон дамжлагат ажиллагаа, хүнд суртал нь ажиллагсдад хүндээр тусч байна.
8. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн амьжиргааны бусад баталгаа тухайлбал, хүүхдийн сурах боловсрох орчин, орон сууцны асуудал, гэр бүлийн хүний ажиллах боломж зэрэг нөхцөлүүд хангагдаж чадахгүй байна. Эрүүл мэндийн тухай хуулиар олгосон “харьяа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын нийгмийн баталгааг хангах, дэмжлэг үзүүлэх” эрх, үүргээ Засаг дарга нар хариуцлагатайгаар хэрэгжүүлэхгүй байгаатай ч энэ бүхэн холбоотой.
Дээрхи тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх зорилгоор дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
1. Эрүүл мэндийн нэгж тусламж, үйлчилгээний бодит өртөг зардлыг тусламж, үйлчилгээ бүрээр тогтоох, эрүүл мэндийн мэргэжилтний ажлын ачаалалыг мэргэжил бүрээр гаргах ажлыг яаравчлан дуусгаж Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн үнэлэмжийг олон улсын жишигт ойртуулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх,
2. Эрүүл мэндийн байгууллага бүр “Эрүүл ажлын байр” болох зорилтыг хэрэгжүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх зохистой дадлыг хэвшүүлэх, удирдлагын чадавхийг бэхжүүлэх
3. Ажилтнуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт бүрэн хамруулж, “Ажилтны эрүүл мэндийн хөтөлбөр”, “Стрессгүй ажлын байр” хөтөлбөрийг эрүүл мэндийн байгууллага бүр хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн 3-р сарын 18-ныг Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр болгохоор шийдвэрлэсний дагуу эрэгтэй ажилтнууд болон эмэгтэй ажилтнуудын нөхөр, ар гэрийнхнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, эмчлэн эрүүлжүүлэх ажилд нь дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмад настнуудыг жил бүрийн 10-р сард эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулж, эмчилгээнд нь дэмжлэг үзүүлэх ажлыг ажиллаж байсан байгууллагууд нь хариуцан зохион байгуулах
4. Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын хуулийн төслийг Засгийн газарт оруулан хэлэлцүүлж УИХ-д өргөн барих,
5. Орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж эрүүл мэндийн ажилтнуудыг орон сууцаар үе шаттай хангах асуудлыг шийдвэрлэх, Эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан сувилал байгуулж ажилтнуудаа жил бүр сувилалд сувилуулж байх
6. Эрүүл мэндийн байгууллагуудыг нэг удаагийн эмнэлгийн хэрэгсэл, чанартай ариутгалын бодисоор хангах, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах замаар эмнэлгийн дотоод халдварыг таслан зогсоож, үйлчлүүлэгч, ажиллагсдын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах асуудлыг жил бүрийн төсөв тусган шийдвэрлэх
7. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн харилцаа, хандлагыг өөрчлөх, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний соёлыг сайжруулах зорилгоор Сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээг үндэсний хэмжээнд нэвтрүүлж эрүүл мэндийн ажилтны болон эрүүл мэндийн байгууллагын нэр хүндийг өргөх, эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллага бүр сэтгэлд нийцсэн эргэх үйлчилгээ, сэтгэлд нийцсэн лавлах үйлчилгээтэй болох ажлыг энэ ондоо багтаан эхлүүлж, хэвшүүлэх
8. Ажилчдынхаа 07 га-гийн газар авах асуудлыг эрүүл мэндийн байгууллага бүр нэгдсэн журмаар хөөцөлдөж шийдвэрлэх,
9. Эрүүл мэндийн чиглэлийн мэргэжлийн нийгэмлэг, холбоодын чадавхийг бэхжүүлэх, мэргэжлийн бие даасан байдлыг нь хангах зэрэг болно
URL: