Олон улсын төрийн албаны чуулга уулзалт өндөрлөлөө
Төрийн албаны төв байгууллагуудын олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, тус зөвлөлийн орон тооны гишүүн Д.Даваа-Очир, Ажлын албаны дарга С.Цэдэндамба нар чуулганы үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөж байгаа талаараа хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн санаачилгаар Азид анх удаа манай улсад зохион байгуулагдсан энэхүү олон улсын чуулга уулзалтад 13 орны төрийн албаны төв байгууллагын 30 гаруй удирдах албан тушаалтнууд оролцжээ.
Төлөөлөгчид хоёр өдрийн турш төрийн албаны онцлог, тулгамдсан асуудал, өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц, төрийн албан хаагчийн нийгмийн асуудал, ангилал, зэрэг дэв, цалин хангамжийн тогтолцоо, мөн эмч, багш нарын бүлгийг хэрхэн хамааруулан зохицуулдаг талаар өөрсдийн орны жишээ баримт дээр тулгуурлан илтгэл тавьж хэлэлцүүлэн санал бодлоо солилцож, туршлага хуваалцсан талаар хэвлэлийн бага хурлын үеэр дуулгалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: