Английн олон улсын хуулийн байгууллагынхан сургалт зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Английн “Клад энд Ко” олон улсын хуулийн байгууллагын төлөөлөгч Дэвид Мурр болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Клад энд Ко” олон улсын хуулийн байгууллагын төлөөлөгчид “Улаанбаатар метро”-ны төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар сургалт семинар зохион байгуулах гэж байгаа талаараа хотын даргад танилцууллаа. “Клад энд Ко” олон улсын хуулийн байгууллагын хувьд “Улаанбаатар метро” төсөлд хууль эрхзүйн тал дээр хамтран ажиллаж байгаа юм.
Нийслэлийн тулгамдсан асуудал болох авто замын түгжрэл, агаарын бохирдлыг шийдэх хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга бол “Метро”-той болох явдал юм. Метро ашиглалтанд орсноор замын түгжрэл 16 хувиар буурах бөгөөд 45 минутад туулдаг замыг 15 минутад туулж, цаг хэмнэх тооцоо байдаг.
Тиймээс Английн хуулийн байгууллагаас судалгаа хийж, хийсэн ажлынхаа талаар “Улаанбаатар метро” төслийн багийханд маргааш буюу 2013 оны 9 сарын 6-ны өдөр танилцуулах юм. Хотын дарга Улаанбаатар хотын хөгжлийн чухал асуудалд оролцож байгаад талархалаа илэрхийллээ.
Мөн “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, хувийн хэвшил, Японы хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн Улаанбаатар хотыг аялал жуулчлалын таатай бүс болгоход түгжрэлгүй, нийтийн тээврийн таатай нөхцлийг бүрдүүлсэн байх шаардлагатай байна.
Тиймээс бид бүгд улаанбаатар хотыг 2020 он гэхэд метротой болгохын тулд анхаарал ихээр хандуулан ажиллаж байна. Тиймээс хууль эрхзүйн орчныг сайтар бүрдүүлж өгөх шаардлагатай байна гэж хэллээ.
“Клад энд Ко” олон улсын хуулийн байгууллагын төлөөлөгч хэлэхдээ “Бид бүгд Улаанбаатар хотод ирээд замын түгжрэл ямар их байгааг нүдээрээ харж, метро ямар чухал хэрэгцээтэй гэдгийг мэдэрлээ. Мөн метро нь замын хөдөлгөөнийг түгжрэлийг сааруулахаас гадна эдийн засгийн чухал ач холбогдолтой.
Тиймээс төслийн багийхантай өөрсдийн туршлага мэдлэгээс хуваалцаж, хамтран ажиллана гэдгээ уулзалтын төгсгөлд хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих