“Рио Тинто”-той хэлэлцээр хийх ажлын хэсэгт орох хоёр хүний нэр тодроогүй байна
Оюутолгой төслийн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын асуудлыг яаралтай шийдэх үүргийг Засгийн газраас Уул уурхайн яаманд өгсөн байна.
Энэ хүрээнд “Оюутолгой” ХК-ийн ТУЗ дахь Монголын талын төлөөлөгчдийг яаралтай сольжээ.
Харин одоогоор “Рио Тинто” корпорацитай хэлэлцээр хийх ажлын хэсгийг байгуулах бэлтгэл ажлыг хангаж дуусаад байгаа аж.
Ажлын хэсгийг таван гишүүнтэйгээр байгуулах нь зүйтэй гэдэг шийдвэр дээр Уул уурхайн яамныхан санал нэгдээд байгаа юм.
Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд “Оюутолгой” ХК-ийн ТУЗ дахь Монголын төлөөлөгч болох Д.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу нар албан ёсоор багтах нь тодорхой болоод байгаа. Харин үлдсэн хоёр гишүүнээр нь хэн сонгогдох вэ гэдэг нь одоогоор таамаг төдий байна.
Гэхдээ ажлын хэсэгт багтах хоёр эрхмийг санхүүгийн болон хуулийн зөвлөхөөр томилох учир санхүү болон хуулийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс байх ёстой гэсэн шалгуурыг Засгийн газраас тавиад байгаа гэнэ.
“Оюутолгой” ХК-ийн ТУЗ дахь Монголын талын төлөөлөгчид ажлын хэсэг байгуулсны дараа ахлагчгүйгээр ажиллах асуудлыг ярилцаж байгаа мөн багаар ажиллах ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа аж. Тэгэхээр тус ажлын хэсгийн ахлагчаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг ажиллахаар болсон гэдэг нь ташаа мэдээлэл болж таарч байгаа юм.
Оюутолгой төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх нь Засгийн газрын нэн тэргүүнд барьж авах ёстой ажлынх нь нэгд зүй ёсоор багтгаж байгаа. Тиймээс “Рио Тинто” корпорацитай хэлэлцээр хийх ажлын хэсэг энэ долоо хоногт багтан элэг бүтэн болох магадлал өндөр байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм.
Одоогоор ажлын хэсэгт багтах магадлалтай 4-5 хүн байгаа аж. Тэдний нэрийг нууцалж байгаа бөгөөд сонгон шалгаруулалт хийсний дараа олон нийтэд зарлах юм байна. Үүнийхээ дараа ажлын хэсгийнхэн Лондон хотод төвтэй “Рио Тинто” корпорацийн зүг хүлгийн жолоо залах аж.
Тэд “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзаж, Оюутолгой төслийн хоёрдугаар үе шатны хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм байна.
Р.Сарангоо
URL: