В.Путин: Сирид цэргийн ажиллагаа явуулахыг Орос зөвшөөрөхийг үгүйсгэхгүй
-Би хувьдаа Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийг Москвад хүрэлцэн ирж, ар араасаа цуварч буй олон асуудлын талаар хэлэлцээсэй гэж хүсч байсан. Гэхдээ эл уулзалт цуцлагдсан нь тийм ч сүйрэлтэй санагдахгүй байна. Удахгүй Петербург хотноо болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр америк хамтрагчтайгаа ярилцах боломж олдох байх гэж найдаж байна. Бидний өмнөх уулзалтууд бүтээлч, үр дүнтэй болж өнгөрсөн. Ерөнхийлөгч Обама бол сонирхолтой ярилцагч, ажил хэрэгч, онцгой хүн. Бидний уулзалт “Их 20”- ийн хүрээнд боллоо ч илүү ашигтай болохыг үгүйсгэхгүй Орос-Америкийн харилцааны тухайд
-АНУ-ын Төрийн департамент өрсөлдөгчөө зөөлрүүлэхийн тулд Орост тайван бус байдал үүсгэх сонирхолтой юм шиг надад санагддаг?
-Үнэхээр тийм сэтгэгдэл төрөх нь бий. Америк хамтрагчиддаа ч хэлж байсан, Та бүхэнд ч нээлттэйгээр хэлж байна. Энэ талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярих нь сайн уу муу юу мэдэхгүй. Гэвч зарчмын хувьд ойлгомжтой зүйл болохоор би хэлж байгаа юм. Би л лав Вашингтон дахь Оросын элчин сайдын яам “Оccupy Wall Street” хөдөлгөөний төлөөлөгчидтэй идэвхтэй хамтран ажиллаж байна гэж төсөөлж ч чадахгүй. Учир нь аль ч улсын элчин сайдын яам улс хоорондын харилцааг сайжруулахын тулд оршин тогтнож, үйл ажиллагаа явуулдаг. Маш нарийн ажил. Ямар ч хэцүү асуудлын үед хоёр тал харилцан зөвшилцөх арга зам хайж, хэлэлцээрээр нэгдэхийг эрмэлздэг. Гэхдээ манайд ажиллаж байгаа Америкийн ЭСЯ, Америкт ажиллаж байгаа манай элчингийн ажиллагааны арга барил зарим тал дээр тэс өөр байх нь ажиглагддаг. Гэвч иймэрхүү асуудалд бид янз бүрээр аашлахыг хүсдэггүй. Бид асуудлыг тал бүрээс нь харахыг хичээж, тэд ийм арга барилтай юм бол яая гэхэв дээ, байгаагаараа л байг гээд орхидог.
Сноудены талаар
-Ноён Сноуден анх Хонконгд байсан. Энэ үедээ манай дипломат төлөөлөгчтэй уулзсан байгаа юм. Тэрбээр надад “Тусгай албаны нэг ийм төлөөлөгч байна” гэж мэдээлсэн. Би хариуд нь, “Түүнд юу хэрэгтэй юм бэ” гэж асуусан. Тэгэхэд, “Тэр хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцдэг” гэж тайлбарласан. Харин би, “Хэрвээ тэр манайд үлдэх хүсэлтэй байгаа бол үлдэж болно. Гагцхүү үлдсэн тохиолдолд бүх үйл ажиллагаагаа зогсоох ёстой. Тэгэхгүй бол Орос-Америкийн харилцаанд муугаар нөлөөлж болзошгүй. Бид улстөрийн нэгдмэл сонирхолтой учир харилцаагаа сүйрүүлэхийг хүсэхгүй байна” гэж хэлсэн. Энэ тухай Сноуденд дамжуулахад, тэр “Үгүй ээ, би бол ердөө л хүний эрхийн тэмцэгч, Таныг надтай хамт тэмцээсэй гэж хүсч байна” хэмээн уламжилсан байна лээ. Тэгэхээр нь би, “Бид хамт тэмцэж чадахгүй, өөрөө тэмцэг” гэсэн.
Сирийн талаар
-Сирид хийх цэргийн ажиллагаанд ОХУ оролцох зөвшөөрөл гаргахыг би үгүйсгэхгүй. Гэхдээ зарчмын хувьд төгс байх ганц зүйлд Та бүхний анхаарлыг хандуулахыг хүсч байна. Олон улсын эрхийн дагуу тусгаар тогтносон улсын хувьд зэвсэг хэрэглэх зөвшөөрлийг зөвхөн НҮБ- ын Аюулгүйн зөвлөл олгодог. Зэвсэг хэрэглэхийн тулд өөрийгөө зөвтгөх ямар ч арга тайлбарыг өөрөөр хүлээн авах ёсгүй. Гэтэл өнөөдрийг хүртэл Дамаскт үнэхээр химийн зэвсэг ашигласан уу үгүй юу гэдэг нь ч тодорхойгүй байна. Энэ нь химийн зэвсэг юмуу эсвэл химийн ямар нэг хорт бодис уу, Сирийн Засгийн газрын арми үүнийг хэрэглэсэн нь үнэн юм уу гэдэг асуултуудад хариулт алга. Ямар зэвсгийг хэн хэрхэн ашигласныг баримттайгаар дэлгэж нотлох хэрэгтэй. Тэгсний дараа л бид хамгийн шийдвэртэй, зоримог алхам хийх болно. Хэн нэгэнд химийн зэвсгийг аль тал хэрхэн ашиглаж буйг нотолсон баримт байгаа юм бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд үзүүлэх л хэрэгтэй.
Сирид С-300 зэвсэг нийлүүлдэг тухайд
-Бид С-300-г нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэхдээ бид одоогоор нийлүүлэлтийн ажлыг түр зогсоогоод байгаа, дуусаагүй ажил. Хэрвээ энэ талаар олон улсын дүрэм журмыг зөрчсөн тухай асуудал яригдвал бид цаашид хэрхэх тухайгаа дахин хэлэлцэх болно.
URL: