ХСҮТ-ийн эмч нарт иргэд сэтгэл дундуур байна
Хавдраар өвчлөгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж нас баралтын хоёр дахь шалтгаан нь хавдар болж байна.
Манай улсад хавдрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ганцхан эмнэлэг бол Хавдар судлалын үндэсний төв юм.
Тиймээс энэ эмнэлэгт онош тогтоолгох, эмчилгээ хийлгэх гэсэн хүмүүс өдрөөс өдөрт урт дараалал үүсгэн зогсох болсон.
Эмчилгээ хийлгэх хүмүүс эхлээд оношоо тогтоолгох хэрэгтэй. Ингэхдээ компьютер томографын аппаратаар харуулж нарийн оношилгоо хийлгэх шаардлага гардаг. Тус аппаратад тодосгогч бодистойгоор харуулах бол 180 мянган төгрөг харин тодосгогч бодисгүй бол 62 мянган төгрөгөөр харуулах боломжтой юм байна. Хэрэв тодосгогч бодистойгоор харуулах юм бол өвчнийг нарийн шинжлэх боломжтой байдаг аж.
Компьютер томографын тодосгогч бодис нь өвчтөний онцлогоос шалтгаалан ашиглах хэмжээ нь өөр өөр байдаг. Гэвч энд эмчлүүлэхээр ирсэн бүх хүмүүсийг 100 мл-тэй тодосгогч бодис авчрах хэрэгтэй гэж эмч нар нь хэлж байна гэх гомдол бидэнд ирсэн юм.
Тиймээс компьютер томограф аппаратын тодосгогч бодистой холбоотой ирүүлсэн гомдлын талаар Хавдар судлалын үндэсний төвийн эмзүйн албаны дарга А.Амартуяагаас тодруулсан юм.
-Эмнэлгийн компьютер томограф аппаратны тодосгогч бодисын хүрэлцээ хэр байгаа вэ?
-Энэхүү Ультравист тодосгогч бодис гадуур ер нь тасраад байгаа. Гэсэн ч манай эмнэлгийн томограф аппаратны тодосгогч бодис хүрэлцээтэй байгаа. Ханган нийлүүлэгч байгууллага нийлүүлэх ёстой хэмжээгээрээ нийлүүлж байгаа.
-Танай эмнэлгийн эмч нар тодосгогч бодис байхгүй гээд иргэдийг гаднаас олж ир гэж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Эмнэлгийн журамд зааснаар бид зөвхөн хэвтэж эмчлүүлж байгаа өвчтөнүүдээ эм тариагаар хангах ёстой. Амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн эм тариаг эмнэлгээс хангах журам байхгүй.
-Кассын үнэ дээр тодосгогч бодистойгоор томографын шинжилгээнд орох бол 180 мянган төгрөг гэсэн байсан. Тэгэхээр энэ нь амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдэд хамааралгүй гэсэн үг үү?
-Ханган нийлүүлэлт илүү гарсан тохиолдолд амбулаториор дахин үйлчлүүлж байгаа болон ахмад настай иргэдэд эм, тариагаар үйлчлэх боломжтой болдог. Тийм үед тухайн тарифаар үйлчлэх боломжтой.
Албаны хүн дээрх хариултыг өгч байна. Харин иргэд тодосгогч бодисын талаар болон дээрх эмнэлгийн үйлчилгээний талаар үйлчлүүлэхээр ирсэн иргэд ийнхүү ярьж байна.
Хэнтий аймгийн иргэн Б.Батжаргал: 232 мянган төгрөг төлсөн
Уг нь хавдар судлалын төвийн энэ компьютер томографт тодосгогч бодистой харуулахад 180 мянган төгрөгийн үнэтэй юм билээ. Гэвч харуулах гэсэн чинь бодис нь дуусчихсан гаднаас авах шаардлагатай гэж байсан. Маргааш ирнэ гэж байсан боловч бас л ирээгүй. Тэгээд эмч нь “Улаанбаатар” их дэлгүүрийн цаана байрлах “Ази фарм” гээд эмийн санд байгаа. Тэндээс аваарай гэсэн. Тэр эмийн санд нь очиж 100 грамм бодисыг нь 180 мянган төгрөгөөр худалдаж аваад эмнэлэгтээ буцаж очиж томографд харуулахдаа нэмж 62 мянган төгрөг төлсөн. Нийтдээ 232 мянган төгрөгөөр томографд харуулсан даа
Өвөрхангай аймгийн иргэн Э.Цэрэнханд: “Ази фарм” гэсэн эмийн сангаас авсан
Би бодисоо гаднаас авсан. Эгч нь хотын хүн биш болохоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан “Ази фарм” гэсэн эмийн сангаас авлаа гэж байсан. Хүүхдүүд л авсан болохоор сайн мэдэхгүй байна.
Н.Баасандэмбэрэл
URL: