МАН-ыг Ө.Энхтүвшин биш Г.Занданшатар удирдаж байна гэнэ

enh23УИХ-ын 2012 оны сонгуулиас хойш ялагдлын “шок”-оосоо гарч чадахгүй яваа МАН-д өдгөө удирдлага гэж байхгүй болсон гэнэ. Тэр дундаа намын даргагүй болчихсон аж.

Хэдийгээр албан бичиг дээр Ө.Энхтүвшин дарга гарын үсэг зурж, “МАН-ын дарга” хэмээн бичигдэж буй ч бодит амьдрал дээр тэрбээр ажлаа хийсэн нь үгүй. Гэхдээ зөвхөн өөрөө ч хийхгүй байгаа юм биш. Намынх нь нөхөд ч хийлгэх сонирхолгүй байгаа гэх.

Учир нь тэрбээр МАН-ын ээлжит Бага хурал дээр ёстой л дэндүүгээс дэндүү гэмээр илтгэл тавьсныг намд нь уншаагүй хүн ховор. Удаа дараагийн сонгуулийн ялагдалд намынхнаа буруутгаж, өөрөө гарах гарцгүй нэгэн болсон мэтээр шүүмжлэл өрнүүлсэн нь сонин.

Наад зах нь, Ерөнхийлөгчийн сонгуулиар гэхэд намынх нь сурталчилгаа хангалтгүй болж, бүхий л боломж бололцоогоо дайчлан ажиллаж чадаагүй хэмээсэн. Үүнд мэдээж намынхан нь буруутай.

Цаашлаад МАН-ын том дарга нар битгий хэл хурган дарга нар нь хүртэл сонгуулийн сурталчилгаанд сэтгэл гаргаж ажиллаагүй юм байх. Удирдах зөвлөл, Бага хурлынх нь гишүүдээ цуглуулж, дэмжиж туслаач хэмээн хэлэхийг хүссэн ч тэдний олонх нь үгэнд нь орж цуглаагүй гэдгийг ч онцолсон.

Ер нь л сонгуулийн ялагдал бүхний бурууг намынхандаа үүрүүлсэн бөгөөд ганцаардаж, гоморхсон сэтгэлээр тухайн үеийн өдөр хоногийг үдсэн гэх утгатай үгсийг унагаж байв.

Ингэж гишүүддээ гомдсон сэтгэлээ задлахаасаа өмнө тэрбээр намынхаа Удирдах зөвлөлд огцрох өргөдөл гардуулсан. Гэсэн ч түүнийг нь Удирдах зөвлөл нь түр буцааж, ирэх сард болох их хурлаараа шинэ даргаа тодруулах шийдвэрт хүрсэн. Харин Ө.Энхтүвшин даргын хувьд гомдол бүхнээ үл мартан өнөөдрийг хүртэл намынхаа ажилд төдий л оролцохгүй бэлгэ тэмдгийн үүрэг гүйцэтгэх болсон гэнэ.

МАН-даа л дараагийн Н.Энхбаяр болох дөхсөн учраас арга ч үгүй. Гомдол хэлэлцэх ёсоороо бол шүү дээ.

Харин энэ хугацаанд нь МАН-ыг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар удирдаж буй аж.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд намынхаа гишүүдээр бас ч гэж чамгүй их баалуулсан нэгэн. “Үлбэгэр, сулбагар” гэх ерөнхий шүүмжид нэр нь багтаж, “Удирдлагаа огцруулах цаг болсон” гэх зорилтод эсэргүүцлийн бай ч болж байв. Гэсэн ч тэрбээр өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг бүхэлд нь удирдаж, намын даргын үүрэг гүйцэтгэгч мэт зүтгэсэн гэх. Гэхдээ энэ бол намынх нь аппаратад ажиллаж буй ажилтнуудынх нь дүгнэлт бөгөөд олонд хэр таалагдахыг нь мэдэхгүй юм. Гэхдээ одоогийн нөхцөл байдлаас харахад МАН-ыг энэ удаад Ө.Энхтүвшин бус Г.Занданшатар удирдаж буй гэдэгтэй маргах арга байхгүй.

Учир нь, Ө.Энхтүвшин дарга Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэгэн адил гомдлыг илтгэлийг тавьснаараа намынхаа гишүүдийг өөрийнхөө эсрэг турхирч орхисон. Зөвхөн тус намын дэргэдэх НАМЗХ-ны гишүүд гэхэд Ө.Энхтүвшинг намын даргаар томилогдсон цагаасаа хойш зөвхөн өөрийн тойрон хүрээлэгсэдтэй харилцсан гэдгийг нь баталдаг. НАМЭХ-ны цөөнгүй гишүүд ч мөн адил “МАН-д ардчилал байхгүй байна” гэх шүүмжийг өрнүүлсэн. Энэ мэтээр Ө.Энхтүвшин нь намынхаа нөхдөөс зайгаа авахтай зэрэгцээд Г.Занданшатар нь ойртож, “дотносох” болсон гэж байгаа.

Түүнчлэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ сонгох үеэр тэрбээр “Намын дарга хүн нэр дэвшүүлээд амжилт олохгүй” гэж хэлсэн нь тухайн үедээ Ө.Энхтүвшин даргыг сунгаанд ялагдахад хүч нэмж орхисон. Улмаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших олонхийн шийдвэр гарсан нь МАН-д Г.Занданшатар нь Ө.Энхтүвшингөөсөө илүү нэр хүндтэй байгаагийн баталгаа болсон юм. Өнөөдөр ч адилхан. Ө.Энхтүвшин гэх хувь улстөрчийн хувьд албаа өгөхөө хүлээж байгаа бол Г.Занданшатар нь дотоод асуудлаа зохицуулахын зэрэгцээ гадагшаа чиглэсэн улс төрийнхөө ерөнхий төлөвлөгөөг гаргаж суугаа гэх. Тэгэхээр бодит байдал дээр МАН-ыг Ө.Энхтүвшин бус харин Г.Занданшатар нь удирдаж буй гэдэг нь тодорхой ажээ.

Г.Отгонжаргал


URL:

Сэтгэгдэл бичих