Л.Эрдэнэчимэг: 15 мянган хүн ажилтай, 90 мянган хүүхэд харах эзэнтэй болно

Л.Эрдэнэчимэг: 15 мянган хүн ажилтай, 90 мянган хүүхэд харах эзэнтэй болно

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг энэ удаагийн “Ярилцах танхим”-ын зочноор урилаа.

-Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг боловсруулаад байгаа. Хуулийн төслийг хэзээ хэлэлцэн батлах вэ?
-Бид энэ хуулиа бие даасан хууль болгон гаргахаар бэлтгэж байна. Энэ намрын чуулганаар хэлэлцүүлээд амжвал ирэх оны гуравдугаар сарын 1-ээс хэрэгжүүлээд эхлэх төлөвлөгөөтэй байна.

-Энэ жил 70 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт орж чадалгүй үлдлээ. Цэцэрлэгийн хүрэлцээ муугаас эдгээр хүүхдүүд одоо гэртээ цоожтой үлдэх байх. Хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцүүлж амжих болов уу?
-Амжих байх аа.

-Удахгүй хүүхэд асрах үйлчилгээний талаар санал асуулга явуулах гэж байна. Иргэд энэ үйлчилгээний талаар нэлээд сонирхож байгаа нь мэдээж. Санал асуулгаар орж ирсэн саналыг хуулийн төсөлд нэмж оруулах боломж бололцоо бий юу?
-Хавраас хойш хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн иргэдтэй уулзаад явж байхад маш олон санал хэлдэг. Боломжтой хувилбаруудыг нь оруулахаар ажиллаж байна. Өчигдөр гэхэд хувийн цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзалт зохион байгуулсан. Маш олон санал хэлж байна билээ.

-Гэрээр хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлснээр улсын төсвөөс нэг их наяд төгрөг хэмнэгдэх тухай ярьж байна. Мөнгө хэмнэх нь чухал ч гэлээ хүүхдүүдэд цэцэрлэг илүү чухал юм биш үү?
-Гол нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ цоожтой шахуу байгаа хүүхдүүддээ зориулж гаргаж байгаа хууль шүү дээ. Одоо цэцэрлэгт явж байгаа хүүхдүүд явдгаараа л явна. Жилд төсөвлөдөг хэмжээгээрээ цэцэрлэгээ барьдгаараа л барина шүү дээ. Төр нэгэнт өөрөө 100 хувь хийж чадахгүй байгаа ажлаа хувийн хэвшлийнхэнтэй хуваалцах нь зөв. Хувийн хэвшил болон иргэдэд маш их боломж байна. Манай хууль батлагдахыг хүлээгээд бэлтгэлээ хангаж байгаа хүмүүс олон бий.

-Хуулийн төсөлд аж ахуйн нэгжүүд дэргэдээ ажилтнуудынхаа хүүхдэд зориулсан цэцэрлэгтэй байж болох хувилбар яригдаж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
-Энэ бол байгууллагын дэргэдэх бичил цэцэрлэг юм. Жижиг аж ахуйн нэгж бол 10-15 хүүхэд, дунд зэрэг нь 30-50 хүүхэд авч болно. Ажиллагсад нь өглөө хүүхдээ дагуулж ирээд цэцэрлэгтээ өгчихөөд орой тарахдаа аваад явчихна. Заавал тусгай байшин гэхгүй, байгууллага дотроо нэг хоёр өрөө тохижуулаад ажилчдын гуанзандаа хоолыг нь стандартын дагуу бэлтгээд өгч болно.

-Одоо жишээ нь гурван өрөө байртай ам бүл цөөтэй айлын гэрийн эзэгтэй гэрээр хүүхэд харж болох уу. Хуулийн төсөлд тусгаснаар нэг хүн 5-6 хүүхэд харахаар байгаа?
-Гурван өрөө байртай бол том өрөөгөө засаж тохижуулаад 10м2 талбайд таван хүүхэд авч болно. Ажил тарсны дараа хоол хүнсээ цуглуулаад авчихна. Ихэвчлэн гэр бүлийнх нь хүмүүс тусалчих боломжтой юм байна билээ. Хүүхдэд таарах жижиг ширээ сандал, телевиз, тоглоомууд, хөнжил гудас, тусгай гал тогооны хэрэгсэл бэлтгэчихвэл болно. Ариун цэврийн өрөөгөө жаахан тохижуулна биз. Яагаад телевиз гээд байна вэ гэвэл тусгай цагуудад телевизээр хичээл заах юм. Тэр үед нь хүүхдүүдээ суулгаад үзүүлчихнэ.

-Гэрээрээ хүүхэд харсан хүнд ямар хэмжээний цалин урамшуулал олгох вэ. Цалин урамшууллынх нь төсөв, тооцоо гэж гарсан уу?
-Одоо цэцэрлэгт явж байгаа нэг хүүхдэд улсын төсвөөс 116 мянган төгрөг оногдож байгаа. Энэ төсөв хүүхдийн тоогоор олгогдоно. Эцэг эхчүүдээс нэмэлт төлбөр авч болно. Ингэхээр сардаа таван хүүхдийн төлбөрт 58 мянган төгрөг оногдоно. 350 мянган төгрөгийн цалин авна гэвэл 230 мянгаар нь хүүхдүүдийнхээ хоол ундыг бэлтгэнэ. Нэмээд хүүхэд тус бүрээс 40000 төгрөгийн төлбөр авчихвал 500000 төгрөгийн цалинтай болно гэсэн үг. Мөн 300 мянган төгрөгөөр хүүхдийнхээ хүнс хоолыг бэлтгэнэ.

-Гэрээр хүүхэд асрах хүмүүсийг 14 хоногийн сургалтад хамруулахаар ярьж байгаа юм билээ. Энэ хугацаанд сургуулийн өмнөх хүүхдүүдийн боловсрол, хүмүүжилд сайнаар нөлөөлөхүйц туршлага мэдлэг хуримтлуулж чадна гэж үзэж байгаа юу?

-Гэрээр хүүхэд харах үйлчилгээ нь хүүхдийг эзэнтэй байлгах тухай асуудал юм. Эрүүл аюулгүй орчинд хүүхдийг асран хамгаалах тухай голлон яригдана. Мэдээж зураг зурж, үсэг тоо заах тухай байлгүй яах вэ. Мөн телевизээр сургуулийн өмнөх боловсролын хичээл заана. Ер нь амьжиргааны төвшин доогуур орлоготой өрхийн цэцэрлэггүй үлдсэн 80 мянган хүүхдийн тухай ярьж байгаа шүү.

-Гэрээр хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлснээр хэчнээн хүн ажлын байртай болж, хэчнээн хүүхэд харах эзэнтэй үлдэх вэ?

-Бидний тооцоолсноор 15 мянган хүн ажилтай болж, 90 мянган хүүхэд харах эзэнтэй болно.

-Энэ үйлчилгээ Монголд жинхэнэ утгаараа хэрэгжиж чадах болов уу. Орчин цагт хүний мөс чанар муудчихаад байна. Эгч нь дүүгийнхээ хүүхдийг зодож гэмтээсэн, аав нь хүүгээ заазуурдсан, эгч нь дүүгээ хоол ундгүй хорьж цагдсан гээд элдэв хэрэг их сонсогддог болсон. Хүмүүс хувь хүнд итгэж хүүхдээ харуулах болов уу?
-Албан бусаар одоо ч хэрэгжээд л явж байгаа шүү дээ. Бие биедээ хүүхдээ харуулаад л байгаа. Өмнө нь ч тийм байсан. Ер нь голдуу л таньдаг хүмүүстээ, хөршдөө, найздаа, хамаатандаа өгч хүүхдээ харуулдаг. Эцэг эхчүүд хүүхэддээ заавал хяналт тавина гэж хуульчлан зааж байгаа. Таван хүүхдэд 10 эцэг, эх бий шүү дээ. Хуваарь гаргаад ээлжлээд хяналт тавих хэрэгтэй. Хүнсээ хаанаас авав, ямар хоол өгөх гэж байна гэх мэтээр хяналтаа тавих хэрэгтэй. Эцэг эхтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зөвшөөрөл олгоно. Одоо цэцэрлэг үнэгүй болохоор эцэг эхчүүд хяналт тавихгүй, хариуцлага хүлээхгүй болчихоод байна.

-Тодорхой шаардлага хангасан хувь хүн, ах дүү хамаатан садныхаа хүүхдүүдийг гэртээ ч юм уу, харж хүмүүжүүлэх нь хамгийн ойрхон санагдаж байна. Ийм тохиолдолд ямар шаардлага тавих вэ?

-Эцэг, эхтэй нь гэрээ байгуулаад тавигдсан стандартын байраа үзүүлээд сургалтад хамрагдаад л үйл ажиллагаагаа эхэлнэ гэсэн үг.

-Нэг гэрийн багшид 5-6 хүүхэд оногдох юм гэсэн. Хоёр багш нийлээд байр түрээслээд үйл ажиллагаа явууллаа гэхэд зардал мөнгө гэж гарна. Иймэрхүү асуудлуудыг яаж зохицуулахаар байгаа вэ?
-Ер нь гэрээр гэхээсээ илүү хэд хэдээрээ хоршоод бичил цэцэрлэгийн хэлбэрт орох юм байна билээ. Ялангуяа гэр хороололд хашаандаа жижиг байшин бариад 15-20 хүүхэд авъя гэсэн хүн зөндөө байна. Ийм нөхцөлд жижиг бизнесийн урт хугацаат зээл олгоод өгчихвөл бүр л хурдан хөл дээрээ босно.

-Тийм шүү. Гэхдээ одоохондоо гэр хороололд хамгийн хурдан аргаар хүүхэд харах үйлчилгээг эхлүүлье гэвэл гэр цэцэрлэгүүд л нээгдэх байх. Өнөөдрийн нөхцөлд гэр хороололд ийм цэцэрлэг байгуулахад хүндрэлтэй асуудлууд нэлээн гарна. Энэ тухайд?
-Гэр гэхээсээ илүү айлууд өөрсдийн барьсан байшиндаа цэцэрлэг нээх хүсэлтэй байгаа. Гэр цэцэрлэгүүдийн хэрэгцээ хангагдаад өрсөлдөөн бий болоод эхлэхээр аяндаа алга болно доо.

-Малчдын хүүхдүүд гэр цэцэрлэгт явахад ямар ч хүндрэл гарахгүй. Дээхэн үед зуны цэцэрлэгүүдийг ажиллуулж байсан туршлагыг манай хөдөөнийхөн сайн мэдэх учраас асуудал гарахгүй байх. Гэхдээ одоо тэр үеийг бодвол малчид ч бас хүүхдүүдээ цэцэрлэгт явуулах сонирхолтой байгаа. Тэдэнд энэ үйлчилгээг яаж хүргэх вэ?
-Ялангуяа зун гол дагаад буусан айлууд сүү сааль ихтэй үед нэг гэр бариад нэг ээж нь хүүхэд хараад байхад их дуртай байгаа. Өвөлжөөндөө байгаа 3-4 айл бас хоршиж болно шүү дээ. Эмэгтэйчүүдэд л илүү цаг зав гарна.

-Цэцэрлэг байгууллаа, хүүхэд гэрээр харах үйлчилгээг нэвтрүүллээ гэхэд багшлах боловсон хүчин, хүүхэдтэй ажиллах хүнд тавих шаардлага гэж байх ёстой болов уу. Энэ зохицуулалтыг яаж хийхээр хуулийн төсөлд тусгасан бэ?
-Улсын цэцэрлэг, хувийн цэцэрлэг, байгууллагын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ бүгд байна. Та дуртайгаа сонгоод хүүхдээ өг. Хямдханыг нь сонгох уу, илүү мөнгө төлөөд сайн багштай цэцэрлэгт өгөх үү гэдэг нь таны сонголт байх болно. Ер нь төр бүхнийг даана гэдэг бол буруу.

-Улсын цэцэрлэгүүд эцэг, эхчүүдээс хичээлийн хэрэглэл, ОО-ийн цаас, шүдний оо, сойзноос эхлээд маш их юм нэхдэг. Ийм хэрэгцээ шаардлага гардаг л байх. Гэр цэцэрлэгт ямар шаардлага тавьж болохоор байна. Бодвол судалгаа хийж үзсэн байх?
-Мэдээж хүүхдийнхээ хэрэгцээт цагаан хэрэглэл аяга таваг, бас бус зүйлийг эцэг эхчүүд жилдээ нэг бэлдэж өгөх ёстой. Учир нь улсаас өгч буй мөнгө энэ бүхэнд хүрэлцэхгүй. Хүүхдээ харуулах үйлчилгээ авах гэж байгаа болохоор эцэг эхчүүд их бага хэмжээгээр зарлага гаргаж л таарна.

-Нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ стандарт байдаг. Гэр цэцэрлэг ажиллууллаа гэхэд тоглоомын талбай, халаалтнаас эхлээд асуудал бий?
-Цэцэрлэгт явахгүй байгаа хүүхдүүд халаалтгүй гэрт цоожтой байгаа, гадаа үлдсэн нэг нь зам тээврийн осолд орж байна. Бид энэ хүүхдүүдийн тухай ярьж байна.

-Гэрээр хүүхэд харах үйлчилгээ нэвтэрлээ гэж бодъё. Хоёр хүртэлх настай хүүхдийн асаргаа сувилгаа нэг өөр, сургуулийн өмнөх насныхны боловсрол тусдаа. Үүнийг яаж зохицуулах юм бол?
-Хоёр хүртэлх насны хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдахгүй. Хуулийн төсөлд эхчүүдэд хүүхдээ хоёр нас хүртэл нь харахад зориулж цалин өгнө.

-Хүүхэд харах үйлчилгээнд хэн яаж хяналт тавих вэ. Хүүхэд харсан үйлчилгээний хөлсөө авчихаад мөнгийг нь өөр зүйлд зарцуулах хүн гарах л байх. Хүн болгон гэрээр хүүхэд асаръя гээд байвал яах вэ?
-Эцэг, эхчүүд хяналт тавина. Гомдол санал гарвал мэргэжлийн хяналтынхан болон хариуцсан орон нутгийн хяналтын байгууллагынхан очиж арга хэмжээ авна.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүүхэд харах үйлчилгээг хуульчилж өгөхөө амласан. Түүнчлэн хүүхэд харж байгаа гэрийн багш, эцэг эхчүүдийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхой гэрээгээр зохицуулах хэрэгтэй. Ингэхийн тулд ажлын хэсэг гарга гэж даалгасан. Ажлын хэсэг гарсан уу?
-Гарсан байгаа, ажиллаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Оюунгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих