Эрхээ хасуулсан ч тэд эзэмшсэн мэргэжилтэй боллоо
-“Нарсанд” эзэмшсэн мэргэжил наранд гарахад амьдрал залгуулж чадна гэдгийг анхны 100 төгсөгч харууллаа -
Хорих ангид ял эдэлж байгаа хүмүүжигч дээр ажил хийлгэж, авсан ялаас нь хасах, цаашилбал цалин өгөх зэрэг асуудал өмнө нь зөндөө сонсогдож байсан.
Харин тэд ял эдлэх хугацаандаа мэргэжил эзэмшиж, улмаар үнэмлэхтэйгээр хорихоос гарах боломжтой болжээ. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа “Амгалан” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн анхны 100 төгсөгч өчигдөр мэргэжлийн үнэмлэхээ гардаж авсан юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 124,125 дугаар зүйлийн үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын 20/105 тоот тусгай зөвшөөрлийн дагуу ШШГЕГ-ын даргын 2009 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр ШШГЕГ-ын харьяа “Мэргэжил эзэмшүүлэх төв” нэртэйгээр байгуулагдсан байна. Ял эдэлж буй хоригдлуудыг нийгэмшүүлэх зорилгоор тэдний ял эдлэх хугацаанд нь мэргэжлийн чиг баримжаа олгож, суллагдсаны дараа эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэн энэхүү сургалтын төвийг байгуулжээ.
Сургалт үйлчилгээний төвд ямар хэргээр хэдэн жилийн ял сонссоноос үл хамааран мэргэжилтэй болох хүсэл сонирхолтой хэн бүхэнд нээлттэй юм. Ингэснээр тэд хүмүүжигч биш суралцагч болж байгаа ажээ. Тэд нэг талаар эрхээ хасуулсан ч мэргэжил эзэмшин, суллагдан гарах үед ажлын байраар хангагдаж, амьдралдаа дахин алдахгүй байх баталгаа нь болж байгаа юм. Ял эдлэн гарч байгаа хүмүүжигчдийн тал хувь нь дахин гэмт хэрэгт холбогдон ирдэг гэсэн судлагаа бий. Магадгүй тэдний дахин алдах шалтгаан нь эзэмшсэн мэргэжилгүй, хийх ажилгүйгээс болж байгааг үгүйсгэхгүй.
Тиймээс энэ үйл ажиллагаа жинхэнэ нүдээ олсон хэрэг юм. Одоогоор тус сургалтын төвд өрөг угсрагч, засал чимэглэл, сантехник гагнуур, цахилгаан, оёдол эсгүүр, мужаан, бетон арматур, алт мөнгөний дархан зэрэг мэргэжил эзэмших боломжтой. 2009 онд эхэлсэн энэ үйл ажиллагаанд нийт 1230 хүмүүжигч чадамжийн гэрчилгээ авч байжээ.
Харин энэ оноос эхлэн тэд чадамжийн биш мэргэжлийн гэрчилгээ гардах болсноороо онцлог. Анхдагчид болж байгаа 100 хүмүүжигч гуравдугаар сарын 07-оос эхлэн таван төрлийн мэргэжил эзэмшиж ийнхүү үнэмлэхээ гардан авч байгаа аж.
Суллагдах өдрөө хоног тоолон гиюүрч өнгөрөөх шаардлагагүй болжээ
Биднийг “Амгалан” МСҮТ-д очиход хүмүүжигчид өөрсдийн эзэмшсэн мэргэжилдээ тохируулан хөдөлмөр аюулгүй байдал хангасан хувцас өмсөн зогсч байв.
Мөн тэдний ар гэрийнхэн цэцэг тэврэн урьдаас бэлдэж байрлуулсан сандал дээр суусан байлаа. Анхны төгсөгчиддөө мэргэжлийн үнэмлэхийг гардуулж өгөхөөр ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа П.Хосбаяр, “Амгалан” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дарга, дэд хурандаа Б.Цогжаргал болон бусад албаны хүмүүс ирсэн байсан. Үйл ажиллагааг нээж хурандаа Б.Цогжаргал үг хэлсэн юм.
Тэрбээр “Өнөөдөр мэргэжлийн үнэмлэхээ гардан авч байгаа бүх хүмүүстээ баяр хүргэе. Өмнө нь бид зөвхөн сургалт явуулдаг байсан. Харин энэ жилээс хүмүүжигч нарт мэргэжил эзэмшүүлж байгаа. Эхний ээлжинд гагнуурчин, цахилгаанчин, бетончин, сантехнигч зэрэг найман төрлийн мэргэжлээр 100 хүмүүжигчид мэргэжлийн үнэмлэх олголоо. Бид хүмүүжигч нарынхаа хүсэл сонирхлыг харгалзан үзэж, улмаар хамрагдахыг хүссэн хүмүүжигч нарын дунд судалгаа явуулсны үндсэн дээр сургалт явагддаг.
Сургалт хоёр хэлбэрээр явагддаг юм билээ. Нэг нь “Амгалан” МСҮТ-д суурин явагддаг бол нөгөө нь хорих ангиудаар явуулын байдалтай хийгддэг. Харин хэргийн хувьд тийм хэрэг хийсэн хүнийг хамруулна, ийм хэрэг хийсэн хүний хамруулахгүй гэсэн юм байхгүй. Тиймээс ямар ч хүмүүжигч хамрагдах боломжтой, бас эрхтэй.
Сүүлийн үед ял эдэлж байгаа иргэдийн ухамсар өөр болсон байна. Тэр ч утгаараа мэргэжил эзэмших сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүжигч олон байгаа. Бид эхний удаа 100 хүмүүжигчийг мэргэжилтэй болголоо. Цаашид ч энэ маягаар сургалт маань үргэлжлэх болно” гэсэн юм. Үүний дараа их дээд сургууль төгсөөгүй ч мэргэжил эзэмшин, үүнийхээ баталгааг авч байгаа энэ хүмүүст баяр хүргэж, хорих ангийн авьяаслаг залуус МУГЖ Э.Бат-Эрдэнийн “Хонхны нулимс ” дууг дуулж, ШШГЕГ-ын авяаслаг бүсгүй ч мөн уран бүтээлийнхээ дээжээс хүргэсэн юм.
Энэ үеэр мэргэжлийн үнэмлэх гардаж байгаа зарим хүмүүжигчдийн сэтгэгдлийг сонслоо. Гурван жил, дөрвөн сар, 20 хоног ял эдэлж, улмаар энэ сарын сүүлээр магадланд орох гэж байгаа Т.Энхжаргал “Бетон арматурчин мэргэжлээр сурч төгслөө. Хоёр сар суралцаж, гурван сар дадлага хийсэн. Би өмнө нь барилгын туслах хийж байсан ч алдаа гарган эрхээ хасуулсан. Гэхдээ би алдсан ч өнөөдөр мэргэжил эзэмшиж, хаана ч очсон ажилд орж чадах чадвартай болж байна” гэсэн юм. Мэргэжлийнхээ үнэмлэхийг авахаар зогсч байгаа хүмүүжигчидийн харцанд гуниг биш баярын харц тодрон харагдаж байгаа нь цаанаа л илт. Залуу насныхаа аагаар буруу үйлдэл хийж алдсан ч тэд үүнийгээ засч залруулан, мэргэжил эзэмшин, эрх чөлөөтэй болох үед шууд ажлын байраар хангагдана гэдэг том боломж. Тиймээс ч тэдний харцанд гуниг биш баярын мишээл тодорч байгаа байх. 12 жилийн турш эрх чөлөөгөө хасуулж гуравдугаар сард магадлангаар орох нэрээ нууцалсан хүмүүжигч “Өнөөдөр би гагнуурын IV зэрэгтэй болон төгсч мэргэжлийн үнэмлэхээ гардан авч байна. Өмнө нь гагнуурчин байсан. Эзэмшсэн мэргэжлээ дээшлүүлэхийн тулд суралцах өргөдөл өгсөн. Хэн нэгний хүчээр биш, өөрийнхөө хүсэлтээр МСҮТ-д хандах хүмүүс олон байгаасай гэж хүсч байна. Бид эрхээ хасуулан энд орж ирсэн ч суллагдах өдрөө хоног тоолон гиюүрч өнгөрөөх биш нэг ч гэсэн зүйлийг хийж байна гэдэг амжилт шүү дээ” гэлээ.
10 жилийн хүлээлт талаар өнгөрсөнгүй
Ингээд хүмүүжигч нарт мэргэжлийнх нь үнэмлэхийг гардуулж өгөх цаг болж нэрсийн дарааллын дагуу ээлж ээлжээрээ үнэмлэхээ гардсан юм. Түрүүлж авсан нэгнээ тосч очин гар барьж, тэврэн баяр хүргэж байгаа тэднийг хараад сэтгэл хөдөлж зогссон.
Тэд энэ байшингийн хаалгаар орохдоо нэгийгээ ч танихгүй, нүдний үзүүрээр харсан гэмт этгээдүүд байсан ч одоо мэргэжилтэй, соёлтой, чадвартай, амжилт гаргасан нэгэндээ баяр хүргэх Монгол Улсын иргэн болсон гэдгийг харах олон хүнд сайхан санагдаж байсан биз. Энэ мөчийг тэсэн ядан хүлээж байсан ар гэрийнхэнд нь бүр ч илүү тааламжтай байсан байх.
Энэ нь үнэмлэх гардсаны дараа аав ээж, ах,дүү, амраг ханьдаа үзүүлэн инээмсэглэн зогсч байгаагаас тодхон харагдана. Энэ дунд арваад жилийн өмнө алдаж торны цаана орсон ч өөрийн хайртай хүнээр өдий болтол хайрлуулсаар байгаа нэгэн ч байсан. Магадгүй эхнэр нь юм чинь ирэхгүй гээд яахав гэж бодож болох ч ийм хүлээлт хэр олон бол. Ааваа эргэж ирсэн охин духан дээрээ үнсүүлэн тэврүүлж, алхам ч холдохгүй хаа явсан газар нь гараас нь барин явж, хичээл заасан багшид цэцэг өгч баярласанаа илэрхийлсэн гээд бяцхан хонхны баяр энэ газарт болсон. Түүнчлэн эзэмшсэн мэргэжлээ бататгаж, ирсэн зочдод юу сурсанаа үзүүлсан юм.
Хамгийн гол нь энэ хүмүүс хорих ангид мэргэжил эзэмшсэн боловч үүнийг хэн ч мэдэхгүй. Тодруулбал, олгогдож байгаа мэргэжлийн үнэмлэх дээр хорих ангид ял эдэлж байх хугацаандаа мэргэжил эзэмшсэн гэх зүйл байхгүй. Тиймдээ ч тэд нийгмээс гадуурхагдаж ажилд орж чадахгүй байх зовлон эдлэхгүй. Манай улс хүмүүжигч нарыг нийгэмшүүлэх ажил гэж олон ярьдаг ч тэр бүр биелдэггүй. Энэ нь суллагдсаны дараа дахин гэмт хэрэгт холбогдож ял эдэлж байгаа хүмүүсээс харж болох юм.
Харин энэхүү төвийг байгуулж, мэргэжлийн үнэмлэх гардуулах болсон нь нүдээ олсон шийдвэр. Хаана ямар орчинд хичээл заалгаж байгаа гэдгээс шалтгаалж чанар муутай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын гүйцэтгэл муу гэж ойлгох хүмүүс байж болох юм. Гэхдээ үүнийг хичээл заасан багш, ажил гүйцэтгүүлсэн хүмүүс баталгаа өгч, итгэлтэй байж болно гэж ярьсан. Тэгэхээр хүмүүжигчид аль эрт хүмүүсийн итгэлийг дааж, хэний ч өмнө ам бардам ажлаа хийж, эгц өөдөө харж алхах болсон гэсэн үг юм.
Ямартай ч нарсанд эзэмшсэн мэргэжил “наранд” гарахад амьдрал залгуулж чадна гэдгийг анхны 100 төгсөгчид харууллаа. Амьдралд нэг алдаж болно. Харин хоёр дахь удаагаа алдахгүйн тулд хөдөлмөрлөх, өөрийгөө дайчлах ёстой гэдгийг тэд мэдрүүлээ.
Дараагийн ээлжинд мэргэжил эзэмшин төгсч, мэргэжлийн үнэмлэхээ гардах хүмүүжигчдийн тоо улам нэмэгдэх биз ээ.
Г.Төгс
URL: