Хүүхэд жилд 3-5 удаа ханиад хүрэх магадлалтай байдаг

Хүүхэд жилд 3-5 удаа ханиад хүрэх магадлалтай байдаг

-Эмч зөвлөж байна-

Зуны сар шувтарч, намрын сэрүү орж байна.

Өглөө, оройн хүйтэн сэрүүнд даарч ханиалгах, хоолой өвдөх зовиур багачуудад элбэг тохиолддог учраас энэ удаа бид Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Амьсгалын эрхтэний эмгэг судлалын тасгийн эрхлэгч, хүүхдийн тэргүүлэх зэрэгтэй, уушгины эмч Д.Гэрэлмаагаас дараах зөвлөгөөг авсан юм.

ХАНИАД ТУССАН ХҮҮХЭД БҮРТ НЭГ ТӨРЛИЙН ЭМЭНД ЭДГЭХГҮЙ

-Хичээлийн шинэ жил эхлээд хэд хонож байна. Тиймээс эцэг, эхчүүдэд хүүхдийн эрүүл мэндэд хэрэг болохуйц мэдээ, мэдээлэл өгье гэж бодлоо. Хамгийн түрүүнд ханиадыг яаж эмчлэх талаар зөвлөгөө өгөөч?

- Ханиад ганцхан вирусээр үүсгэгддэгүй. Маш олон төрлийн вирусээр үүсгэгддэг. Тухайлбал, арванхоёрдугаар сард AS вирус, нэгдүгээр сард адена вирусын идэвхжил өндөр байдаг. Гэтэл зарим эцэг, эх хүүхдийнхээ ханиадыг хурдан дарах юмсан.

Үүний тулд маш хүчтэй эм өгөх хэрэгтэй гэж бодоод байдаг. Тэгээд дуртай эмийн сангаасаа дурын эмээ аваад өгчихдөг. Гэтэл AS вирус нь дархлаа султай, дутуу төрсөн, зүрхний гажигтай хүүхдүүд илүү өртдөг. Нэг долоо хоног AS вирус идэвхжиж байснаа дараа долоо хоногт адена вирус гээд өөр өөр вирус идэвхжээд байдаг.

Манайхан түрүү долоо хоногт ханиад хүрэхээр нь эм аваад өгсөн чинь дахиад халуураад байна гээд байдаг. Тэр бүү хэл агаарын хэмээс шалтгаалаад 16 хэмд ямар вирус тэсвэртэй байх вэ, 20 хэмд ямар вирус идэвхждэг вэ гэдэг нь хүртэл өөр. Тиймээс ханиад туссан хүүхэд бүр нэг төрлийн эмэнд эдгэдэггүй.

-Манайхан “Энэ халуурдаг ханиад байна” гээд яриад байдаг. Хүүхэд ханиад хүрээд халуурах нь муу юу?

-Хүүхэд жилд 3-5 удаа ханиад хүрэх магадлалтай байдаг. Халуурна гэдэг нь маш олон төрлийн вирусын халдвар юм уу, ямар нэг үрэвслийн хамгийн эхний шинж тэмдэг. Хэрэв хүүхэд нь татдаггүй, ямар нэг хууч өвчин байхгүй бол халуурах сайн. Халуурч байх ёстой. Биеийн халуун 38.3 хэм болоход тэр вирусын эсрэг дархлаа үүсдэг гэж үздэг.

Харин 38.5-аас дээш халууныг буулга гээд заасан байдаг. Яаж буулгах вэ гэхээр дур мэдэн нэг парацитмол, нэг миксагриф өгөөд байдаг. Халуун бууруулах эмийг замбараагүй хэрэглэснээс болж ханиад хүндрэх, хүүхдийн элэг гэмтэх зэрэг сөрөг үр дагавар гардаг.

-Манайд томуугийн эсрэг вакцин гэж байдаг. Түүнийг тариулсан хэрнээ ханиад хүрчихдэг. Энэ талаар?
-Манайхан ханиадны эсрэг вакцин хийлгэчихвэл огт ханиад хүрэхгүй гэж ойлгоод байдаг. Энэ буруу. Тэр вакцин нь А хүрээний вакцин байлаа гэхэд зөвхөн А хүрээний вирусээр үүсгэгдсэн ханиаднаас л сэргийлнэ. Өвдлөө гэхэд хөнгөн тусдаг. Бүх төрлийн хүрээний вируст зориулсан вакцин гэж хараахан гараагүй байна.

ЗУН, НАМРЫН УЛИРАЛД ХҮҮХДИЙНХЭЭ ДАРХЛААГ САЙН ТОРД


-Иргэдээс манай сонинд янз бүрийн асуулт ирдэг. Энэ удаагийн дугаарт асуулт илгээсэн нэгэн ээж “Хүүхэд нь өнгөрсөн жил бронхитоор өвчилсөн. Гэтэл энэ жил бага зэрэг ханиалгаад байна. Энэ бронхитын үлдэгдэл үү” гэсэн асуулт тавьсан байсан?

-Бронхит буюу цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл нь дотроо олон янз. Бронхит туссан гэхээр л эдгэхгүй өвчин туссан юм шиг ойлгоод байдаг. Өнгөрсөн жил энэ өвчнөөр өвдсөн хүүхэд одоо ханилгаад байна гээд байгаа нь тэр нь эдгээгүй гэсэн үг биш.

Ханилга дотроо олон янз, 15 төрлийн ханилга байна. Бөгшүүлсэн, зориуртай, цор цор гээд. Ханилга гэдэг бол хамгаалах рефлекс. Манай ээжүүд хүүхэд нь жаахан гүйгээд ханиахаар “За болохоо байлаа” гээд байдаг. Зовиургүй ханиалгаж байвал заавал дарах гээд байх шаардлагагүй. Зовиуртай ханилгаад, цээж нь өвдөөд, цэртэй ханиалгаж байвал эмчид хандах хэрэгтэй.

-Ханиад хүрсэн хүүхдэд зарим ээжүүд өглөөд өлөн усаа өгөх эсвэл чонын мах өгөх нь үр дүнтэй гэдэг. Энэ зөв үү?
-Чонын мах дархлаа сайжруулдаг. Бүр чонын махан бэлдмэл гээд худалдаанд хүртэл байдаг шүү дээ. Харин шээсээр эмчилгээ хийдгийг би хувьдаа судлаагүй, үр дүнтэй гэхэд эргэлздэг. Ер нь бол хүүхдээ ханиад хүрэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх нь чухал.

Зун, намрын улиралд хүүхдээ сайн дархлаажуулж, зөв зохистой хооллож, амин дэм өгч байх хэрэгтэй. Ханиад хүрсэн тохиолдолд антибиотик өгч болохгүй гэсэн гээд суугаад байж болохгүй. Эмийг зөв зохистой хэрэглэх нь чухал.

Б.Туул


URL:

Сэтгэгдэл бичих