Т.Хулан: Эмэгтэй хүн ээж болоод их өөрчлөгддөг юм байна

b23b992fea88b09big6059755722013-05-09-09-06[www.urlag.mn]4666601922013-08-20-10-20[www.urlag.mn]Улсын драмын эрдмийн театрын хаалгаар оронгуут хөгжмийн цоглог ая эгшиглэж, “Ном эрдмийг мартсан Норовтонгуудтай тэмцье” хэмээн дуулах нь сонсогдоно. Хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн1957 онд бичсэн “Норовын намтар” хошин найраглалаас сэдэвлэсэн хүүхдийн дуулалт инээдмийн жүжгийн сургуулилт болж байгаа нь энэ.
УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин зохиолыг нь бичиж, найруулсан аж. Уг жүжгийн гол дүр Норовт УДЭТ-ын менежер, залуу жүжигчин А.Чингүн тоглож байгаа бол түүний найз охин болох Жимсээгийн дүрд жүжигчин Т.Хулан тоглож байгаа билээ.
Орчин үеийн Норов бол эрх танхил өссөн айлын ганц хүү бөгөөд компьютер тоглоомд донтсон, худалч сахилгагүй нь дэндсэн хүү гэнэ. Харин түүний найз охин болох Жимсээ онц сурлагатан, цэвэрч нямбай нэгэн.
Норовын гэрийн даалгаврыг хийж өгч, өглөө гэрээс нь аваад хичээлдээ хамт явдаг, нэг үгээр бол үлгэр жишээч сайн хүүхэд юм. Ингээд “Норовын намтар”-ын Жимсээ буюу Улсын драмын эрдмийн театрын жүжигчин СТА Т.Хулантай ярилцсанаа хүргэе.
-“Норовын намтар” жүжиг нэлээн удаан хугацаанд бэлтгэгдэж үзэгч хүүхдүүдэд хүрэх гэж байна. Жүжгээр юу хэлэхийг хүссэн бэ? 
-“Норовын намтар” хошин жүжгийг хүүхэд багачуудын хүмүүжил, мэдлэг оюунд хөрөнгө оруулалт хийх зорилгоор Улсын драмын эрдмийн театрын найруулагч Ч.Түвшингийн шинэчилсэн найруулгаар хүүхэд багачууддаа хүргэж байна.
Энэ жүжиг Монголдоо анх удаа тоглогдож буй үндэсний хэмжээний хүүхдийн сургамжит драмын жүжиг гэдгээрээ илүү онцлогтой. Техникийн хөгжил өдөр ирэх тусам хөгжиж буй өнөө цагт түүнийг дагасан сөрөг үр дагаврууд хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлж байгааг эцэг эх, багш нарт харуулахыг зорьсон.
-Жүжигт PC тоглоомын талаар хөндөж байгаа гэсэн. Мөн PC-ны баатрууд жүжигт амилна гэсэн үү? 
-Хүүхдүүдэд PC тоглоомд битгий их донтооч ээ гэсэн санааг ойлгуулахыг хичээж байна. Мөн жүжгийг маань үзчихээд тоглодоггүй хүүхдүүд тоглоод сурчихвий гэсэн битүүхэн болгоомжлолтой байна. Учир нь жүжигт PC-ны баатрууд бүгд амилж Норовын найзууд болж тоглож байгаа. Хүүхдийн жүжиг учраас илүү сонирхолтой болгохын тулд нэлээд олон дүр нэмэгдсэн.
-Эцэг эхчүүд театрт хүүхдээ хүргэж өгчихөөд явах биш хамт үзвэл үр өгөөжтэй гэж дээр хэллээ. Тэдэнд юуг ухааруулах бол? 
-Манай жүжиг хүүхдүүдэд PC тоглох нь буруу гэдгийг ойлгуулахын зэрэгцээ эцэг эхчүүдэд нэгийг бодогдуулахуйц шийдэл оруулж өгсөн. Тэгэхээр эцэг эхчүүд “Норовын намтар”-ыг хүүхдүүдтэйгээ хамт үзэх хэрэгтэй.
Ээж аавууд хүүхдүүд PC тоглож болохгүй л гэдэг. Тэгэхээр урлагаар дамжуулж эцэг эхчүүд бас нэг зүйл олж харах болов уу. Энэ нь хүүхэд хичээлээ тараад яг юу хийж байна. Хичээл сургуульдаа явж байна уу, эсвэл нөгөө PC тоглоом тоглохоор явж байгаа эсэхийг анзаарах хэрэгтэй гэсэн санааг оруулж өгсөн.
Шар хадны эмнэлгийн сэтгэцийн тасагт PC тоглоомд донтсон хүүхдүүд хэвтэж эмчлүүлдэг бүхэл бүтэн тасаг байдаг юм билээ. Тэгэхээр хүүхдүүд ийм буруу зүйлээр тархиа хөгжүүлж болохгүй шүү дээ.
-Тэгвэл Жимсээгийн дүрээс хүүхдүүд юу олж харах вэ? 
-Миний дүр бол энэ жүжигт нэмэгдэж орсон. Өмнөх “Норовын намтар” зохиолд Жимсээ гэж дүр байгаагүй. Жимсээ нь Норовын эсрэг дүр. Хамгийн цагаан, гэгээлэг номонд дуртай хүүхэд гэж ойлгож болно. XX зууны хүүхдүүд ном уншдаг байсан бол XXI зууны хүүхдүүд компьютероор амьсгалах болсон цаг үе.
Тэгвэл миний дүрийн хувьд XX зууны үеийн Жимсээ одоо үеийн хүүхэд мөртлөө компьютерээс илүү номоос мэдээлэл, мэдлэг олж авдаг хүүхэд. Гэхдээ “ном байнга унш” гэсэн санаа биш. Аливаа юм хэтрэх хэрэггүй.
Байнга ном уншаад бас номонд донтчихсон хүүхэд байдаг шүү дээ. Зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллээ номоос олж авч чаддаг байх нь чухал. Ном их уншсан Жимсээ үеийнхээ хүүхдүүдээс илүү мэдлэгтэй учраас сургуулийн таван онцын эзэн гэж нэрлэсэн байгаа.
-Өмнө нь тайз дэлгэцийн олон дүр бүтээж байсан ч хүүхдийн дүрд төдийлөн тоглоогүй байх. Жимсээгийн дүрийг бүтээхэд хэр байв? 
-Миний өмнө нь ажиллаж байсан дүрүүдээс Жимсээгийн дүр огт өөр. Мэдээж хүүхдийн жүжиг учраас илүү сонирхолтой байлгах үүднээс хичээж ажилласан. Тухайлбал, сэргэлэн цовоо, багшийг шүтсэн, онц сурлагатан, сургуулийн хүндэт самбарт байнга зураг нь гардаг гэгчлэн өөрийнхөө дүрийг аль болох хөгжүүлж ажилласан.
Жимсээ номыг хэдэн ботиор нь дааж ядаад л байнга авч явдаг. Үүнийг манай жүжгийн уран сайхны зөвлөлөөр “ийм хүнд ном барих хэрэг байна уу” гэсэн шүүмжлэл жаахан гарсан байна лээ. Би үүнийг байх ёстой зүйл гэж дүрээ өмөөрөөд найруулагчтайгаа тохирсон. Яагаад гэхээр одоо ч гэсэн ном уншдаг хүүхдүүд байгаа.
Тиймээс энэ ном уншдаг хүүхдүүдэд зориулж жаахан хэтрүүлэгтэй байдлаар хүргэхийг зорьсон. Миний дүрээс гадна нэлээн хэдэн дүр нэмэгдсэн байгаа. Жишээлбэл, аав, ээж, эмээ, өвөө гэх мэт. Эдгээр дүрүүдийг нэмж оруулж өгсөн нь ээж, аавын хайнга зангаас болоод хүүхдүүд тоглоомд уруу татагдаж байж болзошгүй гэсэн санааг оруулсан.
Зөвхөн хүүхдэд мөнгө л хэрэгтэй юм шиг ойлгоод хичээлд явахад нь байнга мөнгө өгдөг. Халаасны мөнгө байнга өгдөг үзэгдэл одоогийн эцэг, эхчүүдийн дунд түгээмэл байгаа. Цаанаа хүүхэд мөнгөө юунд зарцуулаад байна гэдгийг харин анзаардаггүй.
-Сургуулилтаас харахад уран бүтээлийн ачаалал их байх шиг байна. “Норовын намтар”-ын өмнөхөн “Монголчуудын гэрлэх ёслол” театрчилсан тоглолт болсон. Одоо үргэлжлүүлээд залууст зориулсан шинэ жүжиг тавигдах гэж байгаа гэж сонслоо? 
-Уран бүтээлийн ачаалал ихсэх хандлагатай болж байна. Театр маань шинэ уран бүтээлүүд хийж эхэлж байна. Саяхан гэрлэх ёслолын тухай жуулчдад зориулсан тоглолт хийсэн. Энэ тоглолтод би бэргэн эгчийн дүр бүтээсэн. Гаднынханд манай гэрлэх ёслол ямар дэг жаягтай байдгийг шууд орчуулгатайгаар хүргэлээ.
Манайхны мэддэггүй зүйл ч их байна. Бэргэн маш чухал үүрэгтэй хүн гэдгийг мэдэж авсан. Шинээр айл гэр болсон хосууд ямар нэгэн шалтгаанаар салах шаардлага гарвал бэргэнтэйгээ ярилцдаг юм байна. Мэдээж ээж, аавтайгаа ярилцахаас гадна бэргэн тийм их хүндтэй байна гэсэн үг.
Тухайн бэргэний зөвлөгөөгөөр эргээд нийлэх тохиолдол ч байдаг гэнэ. Шинэ жүжгийн хувьд манай театр есдүгээр сарын 16-наас эхлээд залуучуудад зориулсан шинэ уран бүтээл тавих гэж байна. Найруулагч Н.Наранбаатарын найруул- гаар “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийг бэлтгэж байна.
Энэ жүжигт би МУГЖ Ж.Оюундарь эгчийн дублёр дүрд тоглоно. Жүжгийн гол дүрийн Жонна бүсгүйн дүр л дээ. Мөн энэ сарын 16-наас эхлээд манай театрынхан говийн аймгуудаар аялан тоглолт хийнэ.
Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгаар явж “Тамгагүй төр” түүхэн жүжиг, инээдмийн жүжиг болох “Эхнэрээ зээлээч”, хүүхдүүдэд зориулсан “Онц сурлагатан орохыг хориглоно”, “Хайрын виз” жүжгээ залуучууддаа зориулж толилуулахаар хөдөөг зорих гэж байна.
-Та театрт орохоос өмнө олон сайхан кинонд дүр бүтээсэн. Сэтгэлд хоногшсон дурсамжтай тайз дэлгэцийн дүрээсээ нэрлэнэ үү. Ер нь киноны санал хэр ирж байна вэ? 
-Сүүлийн үед театрынхаа ажилд түлхүү анхааран ажиллаж байна. Арав, арваннэгдүгээр сард ажиллах киноны санал ирсэн. Зохиолоо уншиж үзээд тоглох үгүйгээ шийднэ дээ. Сэтгэлд хоногшсон дүр гэвэл хүн анхны юм бүхэндээ хайртай байдаг. Илүү дотно байдаг учраас тэр байх л даа. Бусад дүрдээ ч мөн хайртай.
Тухайн дүрд тоглохдоо жүжигчин тархиа гашилгаж, бие сэтгэлээрээ дүр бүтээдэг болохоор тэр байх. Анх 2004 онд дөнгөж сургуулиа төгсөөд “Чиний эзгүүд” киноны гол дүрийн бүсгүйд тоглож байсан. Тухайн үед нэлээн л юм болж байсан даа. /инээв/ Анхны дүр болохоор учраа ч олохгүй ёстой л будилж гарсан.
Дэлгэцийн бүтээлд дүр бүтээхдээ камерын өмнө яаж зогсох учраа ч олохгүй л явлаа. СУИС-д киноны талаар бараг хичээл ордоггүй байсан. Тэр үед дэлгэцийн бүтээлийн талаар хичээл ордог болох хэрэгтэй юм байна л гэж бодогдож байсан. Дээрээс нь дөнгөж төгссөн булбарай охин ээжийн дүр бүтээсэн нь бүр ч хүнд байсан шүү. Тийм ч учраас энэ дүрээ одоо болтол хайрлаж, хүндэлж явдаг байх.
-Тухайн үеийн жаахан охин одоо ээж болсон чинь юу мэдрэгдэж байна. Хэр сайн ээж вэ? 
-Ээж болсон чинь бүх л юм өөрөөр харагдах болсон. Эмэгтэй хүн ээж болохоороо их өөрчлөгддөг юм байна. Өөрөө өөрийгөө илүү их хайрладаг байсан бол одоо тэр хайр нь хүүхэд рүүгээ чиглэх жишээтэй. Өөрөөр хэлбэл, өөрийгөө жаахан умартаж мартах талдаа ордог гэх үү дээ.
Хүүхдэдээ чамлахааргүй цаг зав гаргаж, хичээж байгаа. Яг үнэндээ хүүхдээ хараад жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Хүүхэд маань нэг үеэ бодвол гараас гарчихлаа. Тиймээс одоо уран бүтээлдээ шаргуу хандъя гэсэн бодолтой ажиллаж байна. Ер нь урлагийн мэргэжил төсөөрөхдөө амархан байдаг.
-Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Залуу хүний хувьд манай уншигчдад хандаж юу хэлэх вэ? 
-Уншигч залуучууд, ирээдүйн эзэн хүүхдүүддээ хандаж хэлэхэд зорилгодоо үнэнч, тэмцэж чаддаг байгаасай. Тэр дундаа залуучууд ноён нуруутай байж гэр бүлээ авч явна гэдгийг дотроо ухамсарлаж байх хэрэгтэй.
Сүүлийн үед залуучууд маань гэр бүлийг жаахан огоорч мартдаг болсон юм шиг ажиглагддаг. Энэ нь гэр бүлийн үнэ цэнийг алдагдуулах талтай. Үр хүүхэд зөв хүмүүжилтэй өсч байж бидний ирээдүй улам гэрэлтэй байх болно шүү гэдгийг л хэлэхийг хүсч байна.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: Үнэн.мн

URL:

Сэтгэгдэл бичих