“Уул уурхай, Үйлдвэржилтийн нөлөөгөөр бохирдсон нутагт судалгаа хийнэ”

us-uul-uurhai-middleГэр хорооллын сургууль, цэцэрлэгийн ашигладаг хөрсний усыг ариутгахаар тоног төхөөрөмж суурилуулж байгаа билээ.

Энэхүү тоног төхөөрөмжийн талаар “Монгол Ус” ТӨҮГ-ын инженер С.Золзаяагаас тодрууллаа.

-Гэр хорооллын сургуулийн сурагчид бохирдолтой ус хэрэглэдэг. Үүнийг цэвэршүүлэх ямар тоног төхөөрөмж суурилуулж байгаа вэ?

-Нийслэлд маш олон сургууль, цэцэрлэг, ясли гэр хороолол дунд байдаг. Эдгээр сургалтын байгууллага ихэнхдээ өөрийн хашаандаа худаг ухаж ус ашигладаг. Гэтэл тэр ус нь маш их нянгийн бохирдолтой, хатуулаг, эрдэсжилт өндөр, төмрийн агуулга ихтэй байгаа нь тогтоогдсон. Тэгэхээр хүүхдүүд тэр бохирдолтой усыг өдөр тутам хэрэглэж байгаа гэсэн үг.

Тиймээс энэ төсөл маань хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг арилгах зорилготой. Энэ үүднээсээ сургалтын байгууллагын усны аюулгүй байдлыг шийдвэрлэхээр томоохон тоног төхөөрөмжийг суурилуулж байгаа юм. Төслийн хүрээнд Дамбадаржаагийн 58 дугаар сургуульд хоногт 24 тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай тоног төхөөрөмжийг суурилуулаад байгаа. Усны бохирдлоос шалтгаалж ямар тоног төхөөрөмжийг нь суулгах вэ гэдэг нь ялгаатай байх юм. Тухайлбал, нян ихтэй үед усыг халдваргүйжүүлэх систем, магнийн хатуулаг ихтэй бол тэрийг нь зөөлрүүлэх төхөөрөмж байна гэсэн үг.

-Ариутгалын төхөөрөмж хоногт хэдий хэр усыг цэвэршүүлэх бол?
-Уг нь сургууль, цэцэрлэгийн хоногийн усны хэрэглээ шалихгүй л дээ. Хоногт 2-3 тонн ус л ашигладаг. Гэхдээ үүнээс гадна 58 дугаар сургуулийн ойролцоох цэцэрлэг, яслийн усыг ч энэ төхөөрөмжөөс хангана. Тэгэхээр өдөрт 24 тонн ус гаргаж авна.

Энэ 24 тонноос ойролцоох байгууллагын усыг хангах юм. Ер нь цаашлаад зөвхөн боловсролын байгууллага ч биш бусад иргэдэд түгээгээсэй гэх үүднээс томоохон хэмжээний төхөөрөмжийг суулгасан. Цаашид усны бохирдолтой сургууль, цэцэрлэгээс гадна Монгол орныг нэлэнхийд нь хамруулах болно. Хүний үйл ажиллагаанаас болоод бохирдсон газар усыг ариутгахад чиглүүлэх юм. Тухайлбал, Хонгор гэх газар байна.

Эсвэл хүнцэл, фторын агууламж их устай газар зөндөө бий. Түүхий ус гэдэг маань нянгийн бохирдол ихтэй л гэсэн үг. Усыг ариутгаад өгөхөөр хүүхдийн халдварт өвчин эрс багасах ач холбогдолтой. Цаашлаад усны асуудал хүндрэлтэй газруудад төхөөрөмжөө суурилуулснаар нутгийнхны цөс, элэг, бөөрний үрэвслийн өвчин эрс багасна.

-Энэ төхөөрөмж хэр найдвартай вэ?

-Хоёр орны Засгийн газрын хүрээнд буцалтгүй тусламжаар манайд суурилуулж байгаа. Байгаль орчин, усны бохирдол, хүний эрүүл мэндтэй холбоотой төсөл, хөтөлбөр, судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлэх, ундны ус болон бохир ус цэвэршүүлэх, саарал усыг дахин ашиглах техник, технологийн туршилтыг хийхээр төхөөрөмжийг суулгаж байгаа юм. Тэгэхээр найдвартай. Цаанаасаа энэ тоног төхөөрөмж 90 мянган ам.долларын үнэтэй ирсэн.

-Нийслэлд усны бохирдолтой газар хэр их байна?
-Нийслэлд усны бохирдол ихтэй маш олон газар бий. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг дэх гэр хорооллын цэцэрлэг, сургуулийн хөрсний ус асар их бохирдолтой. Үүнийгээ мэдсээр байж хөрснөөсөө ус авч хэрэглэхээс аргагүй байгаа. Үүнийг БШУЯ, ЭМЯ-тай хамтраад улсын хэмжээнд арга хэмжээ авахаар хэлэлцэж байна. Тэгэхээр хөрсний бохирдолтой усыг ариутгах тоног төхөөрөмжийг орон даяар суурилуулах юм.

Энэ ажилд нийслэлийн МХЕГ, Геоэкологийн хүрээлэн, Эрүүл мэндийн үндэсний төв, Ус цаг уурын орчны шинжилгээний хүрээлэн зэрэг олон байгууллага оролцож байна. Энэ хүрээнд симпозиум зохион байгуулж, усны өнөөгийн байдал, цаашид хэрхэх талаар хэлэлцэж байгаа юм.

-Дараагийн ээлжинд ус ариутгах төхөөрөмжийг хаана суурилуулах бол?
-Одоогоор тодорхой болоогүй. Симпозиумын хүрээнд эхний ээлжинд усны бохирдол ихтэй газрыг тодорхойлно. Тэр дундаас дахин нарийвчлан сонголт хийсний дүнд нэн тэргүүнд тоног төхөөрөмж суурилуулах газрыг тодорхой болгох юм.

Төслийн хүрээнд хоёр улсын судалгааны баг усны чанарын асуудалтай, тухайлбал, хатуулаг, эрдэсжилт, нянгийн болон уул уурхай, үйлдвэржилтийн нөлөөгөөр бохирдсон нутагт очиж судалгаа хийнэ. Улмаар усны нарийвчилсан шинжилгээг “Монгол Ус” ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн лабораторит хийгээд бохирдлын шалтгааныг тогтооно. Үүний үр дүнд бохирдолд тохирсон төхөөрөмжийг суурилуулах юм.

Б.Золзаяа


URL:

Сэтгэгдэл бичих