Белоруссын зочид өргөн хүрээнд хамтран ажиллах санал дэвшүүлэв

    УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /есдүгээр сарын 4/ манай улсад албан ёсоор айлчилж байгаа Бүгд Найрамдах Белорусс Улсын /БНБел.У/ Ерөнхий сайд, Михаил Владимирович Мясникович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
    Уулзалтанд Монголын талаас Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Бямбацогт, Ц.Цолмон нар болон албаны бусад хүмүүс, Белоруссын талаас тус улсын Сайд нарын зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Хөдөө аж ахуй, хүнсний сайд болон төр, захиргааны байгууллага, бизнесийн салбарын төлөөлөл оролцов.
    Уулзалтын эхэнд эрхэмсэг ноён М.В.Мясникович УИХ-ын дарга З.Энхболдод өөрийг нь хүлээн авч уулзсанд талархаж байгаагаа илэрхийлээд энэ бол БНБел.Улсын зүгээс Монголын талтай хийж буй анхны өндөр хэмжээний уулзалт болохыг тэмдэглэж, Белоруссын парламентын даргын мэндчилгээг УИХ-ын даргад уламжиллаа.
     Тэрбээр “Манай хоёр орон улс төр, парламентын түвшинд төдийгүй худалдаа-эдийн засаг, боловсролын салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх таатай хөрс суурь, ихээхэн потенциал байгаа”-г тэмдэглээд “Белорусс улс газрын баялгаар гайхуулахгүй ч уул уурхай, олборлох үйлдвэрийн машин техник, тоног төхөөрөмжөөр дэлхийн жишигт нийцэж, зам барилга, нийтийн тээврийн салбарт тодорхой амжилтанд хүрсэн” зэрэг ололт амжилтаасаа монголчуудтай хуваалцан, харилцан ашигтайгаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа дуулгав.
Ноён М.В.Мясникович улс орныхоо эдийн засгийн өсөлт, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний талаар дурдангаа 30-350 морины хүчин чадал бүхий Белорусс трактор гэх мэт хөдөө аж ахуйн техник, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, автобус, цахилгаан галт тэрэг зэрэг нийтийн тээврийн хэрэгсэл Монголд нийлүүлэх, нефтийн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах, гадаадад олон тооны боловсон хүчин бэлтгэдэг монголчуудыг Америк, Европынхтой харьцуулахад хямд төсөр зардлаар Белорусст суралцуулах, ялангуяа уул уурхай болон зам барилгын нарийн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх төдийгүй уул уурхайн техник-үйлчилгээний нэгдсэн сүлжээ байгуулах чиглэлээр хамтран ажиллах зэрэг ихээхэн боломж байгаа”-г УИХ-ын даргад санал болголоо.
    УИХ-ын дарга З.Энхболд манай оронд анх удаа өндөр хэмжээнд өргөн бүрэлдэхүүнтэйгээр айлчилж байгаа хүндэт зочдод баяр хүргээд хамтын ажиллагааны сайхан боломжууд санал болгож буйд нь талархлаа илэрхийлэхийн сацуу “1990-ээд оноос хойш Белоруссын талаас нэг ч компани хамтран ажиллах санал тавиагүй.
Монголчууд, тэр дундаа газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид Белоруссын хөдөө аж ахуйн машин техник, Белорусс тракторыг сайн мэддэг бол Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийнхэн Белоруссын уул уурхайн машин техникийг өргөн ашигладаг…”-ийг ярилаа.
Тэрбээр мөн нийтийн тээврийн хэрэгслийн хувьд АХБ-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд зорчигч тээврийн цахилгаан хэрэгслийг Монголд угсрах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг дурдав.
   Белоруссын төлөөлөгчид мөн Монголд сүүний үйлдвэр, хүүхдийн тэжээлийн үйлдвэр, шувууны мах боловсруулах үйлдвэр барих чиглэлээр ч хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм.
     Айлчлалын хүрээнд МҮХАҮТ-д Монгол-Белоруссын ажил хэрэгч хүмүүсийн бизнес уулзалт, Белоруссын аж ахуйн нэгж, компаниудын бүтээгдэхүүний үзэсгэлэн-худалдаа зохион байгуулах гэж байгаагаа эрхэмсэг зочид Их хурлын даргад мэдэгдээд энэхүү үзэсгэлэнг үзэж улс орных нь ололт амжиллтай ойртон танилцахыг урилаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих