Батлан хамгаалах салбар дахь шинэ алхам
2013 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар БНБеларусь Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён М.В.Мясниковичийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр Төрийн ордонд болсон хэлэлцээрийн дараагаар “Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай” Монгол Улс, БНБеларусь Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээрт Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, БНБеларусь Улсын Цэрэг-аж үйлдвэрийн улсын хорооны нэгдүгээр орлогч дарга хошууч генерал В.Н.Сулимов нар гарын үсэг зурлаа.
БНБеларусь Улстай цэрэг-техникийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн сэргээн сайжруулах, засварлах, шаардлагатай сэлбэг хэрэгсэл нийлүүлэх чиглэлээр ашигтай, оновчтой, хямд хувилбарыг сонгож хэрэгжүүлэх, Монгол Улсын батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагааг ижил төстэй загвар стандартын зэвсэглэл, техник үйлдвэрлэдэг улсуудтай өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор цэрэг-техникийн хамтын ажиллагаатай орнуудын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Мөн өдрийн үдээс хойш Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл болон БНБеларусь Улсын “Белспецвнештехника” гадаад худалдааны улсын үйлдвэрийн газрын хооронд хамтран ажиллах тухай гэрээнд Батлан хамгаалахын сайдын зөвлөх, БХАҮН-ийн Ерөнхий захирал Л.Ариунболд, “Белспецвнештехника” ГХУҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч А.И.Гринник нар Батлан хамгаалах яамнаа гарын үсэг зурлаа.
Түүнчлэн БХЯ-ны Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл болон БНБеларусь Улсын “БЕЛАВТОМАЗ” компаний хооронд хамтран ажиллах тухай гэрээнд Батлан хамгаалахын сайдын зөвлөх, БХАҮН-ийн Ерөнхий захирал Л.Ариунболд, “БЕЛАВТОМАЗ” компаний Ерөнхий захирал В.А.Основский нар гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл нь БХЯ, ЗХЖШ-ын хэрэгжүүлж буй бодлогыг дэмжих, захиалгат даалгавруудыг гүйцэтгэх, түүний зэрэгцээ аж ахуйн тооцоон дээр үндэслэн үйл ажиллагаа явуулдаг.
Тус нэгдэл нь БНБеларусь Улсын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг байгуулснаар Зэвсэгт хүчний цэргийн зэвсэглэл, техникийн шинэчлэл, засварлах, сэргээн сайжруулах болон иргэний чиглэлээр, түүний дотор Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр автобус, троллейбус угсрах, үйлдвэрлэх ажлуудыг хамтран хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.
Мөн энэ оны сүүлээр “Цэргийн хамтын ажиллагааны тухай” Батлан хамгаалах яамд хоорондын Хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
URL: