Oriflame-ийн солиорол

Хүүхдүүд нэгэн үе “Компьютер тоглоомын солиорол”-д автан нийгмийг айдас хүйдэст автуулан зовоодог байсан бол одоо хүүхнүүд “Орифлеймийн солиорол”-д автан гэр бүл, орчин тойрныхныхоо “махыг идэх” болжээ.

Монголын хамаг мөнгийг Шведэд аваачиж өгөөд түүнээсээ багахан урамшуулал авах замаар эдийн засагт хор хохирол учруулж байгаа нь багадаад, өдгөө айл өрхийн амгалан тайван, бүрэн бүтэн байдлыг алдагдуулж эхэлсэн байна. Нэгэн зовсон эр хүний яриаг толилуулъя.

“Орифлеймд авгай маань явдаг. Одоо бүр солиорч байна. Хоёр охиныг маань дагуулж Есүсийн цуглаанд явдаг болсон. Ойр тойрныхон, ах дүү нарыг маань “хулхидаж” дууслаа. Би нүүр хийх газаргүй боллоо. Яах вэ, туслаач. Гэр бүлийн хэрүүл бүгд энэ Орифлеймээс болж гардаг. Гэртээ харихаас дургүй хүрч байна. Өглөө, оройгүй бүтээгдэхүүн гэдэг байснаа одоо Есүс, ертөнцийн эзэн ярьсан хүн. Хоёр охин маань жаахан байгаа. Байгаль дэлхий, ертөнцийн хууль, шинжлэх ухаан гэж огт таниагүй байж шашинд мунхарч байгаад харамсч байна”.

Энэ бол Орифлеймээс болж ойлголцохгүй байгаа гэр бүлийн зөвхөн нэг нь. Товчхон хэлэхэд, Орифлеймийн нөлөө эдийн засаг төдийгүй нийгмийн амьдралд хор уршиг тарьж эхэлсний баримт энэ юм.

Орифлеймд донтсон иргэн Шархадны сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд хүргэгдсэн тухай мэдээлэл олныг хиртхийлгэлээ. Олон, олон ээж, аавууд “Орифлейм” хийдэг охид хөвгүүддээ санаа зовж эхлэв. Орифлеймийн солиоролд автсаныг шалгах тест, зөвлөмж маягийн зүйл ч зохиогдсон байна. Ийм солиоролд нэрвэгдсэн хүнд илрэх хамгийн анхны шинж тэмдэг нь бусдын үгийг анхаарахаа больж байнга “Орифлейм, Орифлейм” гэж үглэх явдал гэнэ.

Ийм болсон хүнтэй ажил хэрэг ярих боломжгүй бөгөөд сонин сайхныг нь асууж тун болохгүй. Гэнэ алдаад асуучихаж гэмээнэ “Сонин уу, их ээ их. Манай ах сая захирал болж байна, би дараа сард захирал болно доо…” гэх зэргээр ярьж гарна. Захирал гэж юу байдаг юм бэ гэж асууж болохгүй. “Цол байдаг юм. Сая төгрөгийн цалинтай” гэнэ. “Тэгвэл нэг хоолонд даачих” гэж хэлээд бараг хэрэггүй биз дээ. “Цалингаа 21 хоногт авдаг юм. Буух цаг нь болоогүй байна” гэх маягийн юм хэлж булзааруулаад “Нээрээ чи Орифлеймчин болохгүй юм уу. Сарын дотор сая төгрөгийн цалинд хүрнэ шүү дээ” гэж үргэлжлүүлэх болно. Энэ үед нь “Би орохгүй ээ, өөр хүн ол” гэвэл “Тэнэг л байна даа” гэсэн тавлалт сонсоно. Тиймээс орохгүй гэж хэлж тун болохгүй, харин “Орно оо. Эхлээд чи саятан болоод орхи” гэх байдлаар салбал хал балгүй. Зөвлөмж нэг иймэрхүү байдлаар цааш үргэлжилнэ.

Орифлеймийн газар “Гэр бүлийн, хайртай хүмүүсээ авч ир. Ирэхгүй бол тэд танд хайргүй гэсэн үг. Танихгүй хүнийг бол хуураад ч хамаагүй авчир. Дараа нь чамд баярлалаа гэж хэлэх болно” гэж зөвлөдгөөс болж хүмүүсийн харилцаанд сэв сууж, гэр бүл салахад хүрч, үр хүүхэд өнчирч байгаа нь харамсмаар биш гэж үү.

Орифлемийн солиоролд автсан хүнээс хол байгаарай та минь.

Б.Усгал

монголын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих