Бусдад хувийн амьдралаа хэт дэлгэх хэрэггүй
Гэр бүлийн амьдрал нууцлагдмал, бага зэрэг далдхан байх ёстой
Амьдралын практикаас харахад найз хүүхнүүддээ итгэж, бүх нууцаа дэлгэдэг эмэгтэйчүүд зарим талаар хохирох нь байдаг. Ялангуяа сайн хүнтэй суух гэж байгаа эсвэл гэр бүлтэй эмэгтэйчүүд нилээд хашир байх нь зүй. Учир нь хувийн нандин харьцаа гэдэг бол маш эмзэг хэврэг зүйл юм. Өчүүхэн төдий “сүүдэр” тусахад “хагарч бутрахдаа” амархан.
Гэр бүлд, найз залуугийн харьцаанд асуудал үүсэх бүрт найз эмэгтэйдээ зовлон тоочих гэж гүйх хэрэггүй, Хэрэв үнэхээр ярих, гомдоллох шаардлага гарвал танд бяцхан зөвлөмжийг толилуулъя. -Гэр бүлийн амьдралд сэтгэл хангалуун, дутах зүйлгүй бол өчүүхэн төдий зөрчил, маргааныг бүү дэвэргэ. Асуудалгүй гэр бүл байдаггүйг сана.
-Асуудал тийм чухал эсэхийг тодорхойл. Хэрэв нөхөр чинь цалингаа бүтэн өгдөггүй эсвэл гэр орны ажилд тусалдаггүй бол үүнийг хэлцэх асуудал биш. Нэг мэдэхэд л харамч нөхөртэй гэсэн дэмий яриа хайртай хүний чинь сонорт хүрч асуудал бүр хурцдана. Найз эмэгтэй чинь таныг тавлаж магадгүй. Иймд жижиг сажиг асуудлыг нөхөртэйгээ хэлцэж тохирсон нь дээр.
-Нөхрийнхөө сексийн чадавхийг хэзээ ч бусадтай бүү хэлэлц. Хамгийн дотнын найз бүсгүйдээ ч тэр. Ор хөнжлийн асуудлын тухай яриа бусдын саваагүй шохоорхлыг хөдөлгөдөг юм шүү.
-Хадам эцэг, эхийн талаар дэлгэрэнгүй ярих хэрэггүй. Ярианы чинь 40 хувь магтаал, харин 20 хувь нь шүүмж бол найз бүсгүй чинь зөвхөн шүүмжийг өлгөж авна. Эмэгтэй хүний онцлог гэх үү дээ. Ингээд тэр шүүмж яриа тархаж, гомдож баярлахдаа амархан настангуудын сонорт хүрнэ.
-Гэр бүлийн төсөв, санхүүг бусадтай хэлэлцдэггүй. Ялангуяа бусдын атаархал төрүүлэхүйц “Би тийм үнэтэй бөгж, шуба авсан”, “Тийм өртөгөөр байрандаа засвар хийсэн” гэх мэтийн яриа бүү дэлгээрэй. Хүний хорсол, атаархал гэдэг юуг ч бусниулж чаддаг хүчтэй хар энерги билээ.
URL: