О.Магнайг уучиллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын ард түмнээс уучлал гуйж, “Боломжгүй үед бүтэхгүй санаачилга гаргасандаа хүлцэл өчиж байна” гэв. Түүний эл үйлдлийг нэг хэсэг нь дэмжсэн бол нөгөө хэсэг нь илт дургүйцэв. Бухимдагсад “Анхнаасаа дэмий юм хийчихээд дараа нь уучлал гуйсан болж шоудлаа” гэсэн. Харин дэмжигсэд нь “Харин ч залуу хүн алдаа хийгээд түүнийхээ төлөө уучлал гуйж байгаа нь сайн хэрэг” гэх аж. О.Магнай даргын хувьд өнгөрсөн долоо хоногт таксины үйлчилгээг цэгцэлдэг баатар болж, тэрүүхэндээ томроод авсан. Бүх таксийг тусгай зөвшөөрөлтэй компанийн бүртгэлд нэгтгэж, эхний километрт нь 1500 төгрөгөөр, дараагийн километрээс нь мянган төгрөгөөр үйлчлүүлнэ гэсэн нь түүнийг таксины жолооч мэт харагдуулж байлаа. Эс бол хувьдаа такси үйлчилгээний компанитай бизмесмэн ч юм шиг ойлгогдсон. Зарим нь бүр “Том даргын эхнэрийн дүүгийн эрх ашгийн төлөө” гэх мэтээр түүний санаачилгыг хардаж байв. Харин их удалгүй буюу ердөө гурав хоногийн дараа тэрбээр нийслэлчүүдээс уучлал гуйж “Би алдаа хийжээ” хэмээлээ. Энэ нь төдийгөөс өдий хүртэл улс төрд тэмцэж, Сүхбаатарын талбай дээр “өсч өндийсөн” жагсагчийн хувьд зөв алхам болов.
Хэрэв тэрбээр өөрийнхөөрөө зүтгэсэн бол өнөөдөр нийслэлчүүд өвлийн хүйтэнд унах унаагүй болох байсан. Цаашлаад нялх хүүхдийнхээ гар хөлийг хайруулахаас эхлээд олонх нь хоцорсон гэх шалтгаанаар ажлаасаа халагдах байсныг ч үгүйсгэх аргагүй. Ингэж тэрбээр бүтэн гурван өдрийн турш улаанбаатарчуудыг бухимдуулсны эцэст уучлал гуйснаар таксины үнэ хуучнаараа үлдэх болов. Иймд хоёр өдрийн турш О.Магнайг уучлах, эсэх талаар санал асуулга явуулж, өөр зуураа санал солилцсон улаанбаатарчууддаа хандаж түүнийг уучлахыг хүсье. Тэр энэ удаад зөв үйлдэл хийж чадлаа. Ингэснээрээ тэрбээр Монгол төрийн уучлалыг нэгээр нэмж, шинэчлэлийн Засгийн газрын эсрэг чиглэсэн дайралтыг саармагжуулсан ч гэж болно. Магадгүй үүнийг нь өөрийн тарьсан гайг өөрийн гараар дарах гэж ч хэлж болно байх. Ямар ч байсан тэрбээр залуу хүний улс төрд үзүүлэх ёстой соёлын нэг хэмжүүр болж чадсан нь сайшаалтай хэрэг. Иймд энэ удаад түүнийг шүүмжлэх бус уучилж, дэмжвэл болохгүй зүйл үгүй мэт.
Түүнчлэн ингэж уучлал гуйх соёлын эхний жишиг нь Зам, тээврийн сайд А.Гансүх болж байсан удаатай. Тэрбээр “МИАТ” ХК-ийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн “ОМ 136” онгоцны 15 зорчигчийг 2012 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр ОХУ-ын Москва хотод орхиж ниссэн явдалд уучлал гуйсан. Ингэхдээ тэдгээр 15 зорчигчоос уучлал гуйгаад зогсохгүй ар гэрийнхнээс нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлал гуйж, сэтгэл санаа, эд материалынх нь нөхөн төлбөр болгон 13 сая төгрөгийг олгосон. Үүгээрээ тэрбээр иргэнээ хүндэлдэг төр Монголд бий гэдгийг нотлоод зогсохгүй хувь хүнийхээ хувьд улс төрийн соёлтой анхны сайдаар тодорч байлаа.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Н.Удвал ч мөн адилхан. Тэрбээр Баянхонгор аймагт дөнгөж төрсөн нярайг угаахдаа буцламтгай халуун усаар түлсэн хэрэг гарахад Эрүүл мэндийн сайдын хувиар уучлал гуйсан нь бас л салбарынх нь хувьд анхны тохиолдол болж байв. Салбартаа дахин ийм алдаа эндэгдэл гаргахгүйн төлөө ажиллахаа амлаад түлэгдсэн нярайн гэр бүлээс уучлал гуйж, шаардлагатай бүх арга хэмжээг цаг алдахгүй авахаа хэвлэлээр зарласан. Ингэж Зам, тээврийн сайд А.Гансүх, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нараар эхэлсэн төр иргэнээсээ уучлал гуйдаг соёл цаашид хэр үргэлжлэхийг мэдэхгүй ч эхлэлийг нь тавина гэдэг бас ч гэж дэвшил биз ээ.
Г.Отгонжаргал
URL: