Би онгоцонд суухгүй ээ
Би удахгүй гадагшаа явах байсан юм. Явахдаа галт тэргээр биш. Машинаар бүр ч биш. Онгоцоор нисэх байсан юм. Хамгийн гоё нь та нарыг тэнгэрээс харах байлаа шүү дээ. Сонин хийж байгааг нь, сонин уншиж байгаатай нь. Харамсалтай нь болчихлоо. Яагаад ч юм онгоцоор нисэхгүй байхаар шийдлээ. Энэ шийдвэрийг нэг их бодож гаргав. Сонин, сэтгүүл уншиж байгаад Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн яриаг хараад л шийдчихэв.
Учир нь Монголд МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан Р.Бат-Эрдэнээс өөр олигтой нисгэгч байдаггүй гэнэ. Тийм ч учраас түүнд төрөөс гавьяат нисгэгч цол өгч. Гэтэл нөгөө хүн нь одоо нисэхээ байчихсан. Байчихсан ч гэж төр нэг өдөр гавьяат нисгэгч цол өгч байснаа нөгөө өдөр нь бариад хорьчихож. Ингэхдээ бүр 12 жилийн ял өгсөн гэж байгаа. “Яагаад” гэж асуутал улсын олон тэрбум төгрөгийг олон нөхдийнхөө хамт идэж уугаад дуусгасан юм байх. Гэхдээ шүүх л тэгж үзээд байна гэсэн. Харин манай шударга журамт Ц.Оюунгэрэл сайд бол “Үгүй” гэж бодож байгаа. Тэрбээр “Монгол Улсын урдаа барьдаг ганц нисгэгчийг барьж хорилоо, Би итгэж байна. Тэр мөнгө идэх хүн биш. Эхнэр, хүүхэд нь надад мөнгө идээгүй гэж хэлсэн” гэж өмгөөлсөн. Их удалгүй хэвлэлээр “Шинэ бойнг онгоцыг одоо Р.Бат-Эрдэнэ байхгүй бол хүн жолоодох юм. Онгоц нь нисгэгчээ хүлээж байна. Р.Бат-Эрдэнэ нисгэгч баахан олон бичиг баримтыг шалгаагүй гарын үсэг зурснаараа буруутай болохоос өөрөөр буруугүй” гэх мэт нийтлэл гарсан харагдсан. Миний бие энэ бүхнийг уншиж, сайтар тунгаан бодсны эцэст онгоцонд суухгүй байхаар шийдсэн нь энэ. Монгол ганцхан сайн нисгэгчтэй байгаад тэр нь шоронд байгаа юм бол яаж нисэх юм бэ, тийм ээ.
Тэгээд арга ядахдаа Монголын шүүхээс “Энэ Р.Бат-Эрдэнэ гэдэг хүнээ тэнгэрт нь ял эдлүүлж өгөөч” гэж гуймаар ч юм шиг. Хилийн тусгаарлах зурвасаас нааш нэвтрэх эрхгүй. Онгоцоор ирлээ, явлаа гэх маягтай. Өөр нисгэгч байхгүй нь үнэн юм бол шүү дээ.
Г.Отгонжаргал
URL: