Б.Есүгэн охины дурсгалыг хүндэтгэе

-“Б.ЕСҮГЭН ОХИНЫ ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР”-ИЙГ АЛБАН ЁСООР ТӨРӨӨР ЗАРЛУУЛАХ ЛОББИГ ХИЙЦГЭЭЕ-

 

Өчигдөрхөн амьдралын тухай бодох нь ээ даарч үзэлгүй гурван жил болсон санагдав. Өвөл, хавар, намар, зун… Он цаг бүхэн миний төлөө цохилж байгаа юм шиг. Огт даарахгүй. Бүх зүйл хав халуун. Амьдрал, ажил, хичээл зүтгэл, урам зориг, гуниг гутрал бүхэн яг л гал мэт… Энэ дүрслэл хувь хүнийхээ мэдрэмжид хэт их найддаг сул талыг минь илтгэх ч галаас илүүгээр төөнөх амьдралын сайхныг мэдрэх бүрт хайрламаар. Зүрхнийхээ цохилт бүрт бусдаас нууж “Хайртай” хэмээн хашгирмаар. Хаа сайгүй тонгочих бяцхан хүү минь өөрийгөө том агаа хэмээн бодчихсон дүүгийнхээ уйлах чимээнээр “Дү, дү” хэмээн сандарч, мэгдэх нь цаанаа л хөөрхөн. Ханын цаас хуулж, атгасан балын харандаагаараа элдвийг сараачих нь эрдэмтэй хүн болчих юм шиг сэтгэлийг баясгана. Юу, юугүй тэвэрч үнсэхэд нь сэтгэлд нар мандаж, биеэр “гал дүрэлзэх мэт” болно. Би ингэж л халууцдаг. Намайг гэх чин үнэнч хоёр сэтгэлийг өдрөөс өдөрт “Мундаг эрчүүд болно доо” гэж бодохоор аагим зуны өдрүүд сэтгэлд гал нэмнэ.

 

Тэр хэрээр маргаашийн тухай бодлууд сэтгэл гижигдэж, олон уулын цаадахыг харах хүслийг өдөөнө.

Ийнхүү ажил, амьдралын тухай бодол аз жаргалын тухай бодрол руу хөтлөх нь ээ “Б.Есүгэн охины дурсгалыг хүндэтгэж, хариуцлага нэхэх өдрийг төр яагаад албан ёсоор зарлаж чадахгүй байна вэ” гэсэн гайхах сэтгэл төрөв. Тэр охин ердөө 12-хон настай байсан. Тэмдэглэлийн дэвтэртээ

“Амьдарч байгаа хүмүүс бид

Асар дээшээ очихоо хүлээнэ

Аав, ээж, ах дүүсээ үймүүлж

Асар том шарх үлдээнэ

Харин сахиусан тэнгэр болоод

Хэзээ ч хорвоог орхихгүй болчихвол

Хүн бүрт тохиохгүй

Хамгаас том аз болно…” гэсэн агуу том утгатай шүлгийн мөр үлдээгээд явчихсан. Тэр өдөр түүний төлөө олон монгол хүн нулимс асгаруулсан. Миний ч сормуус чийгтсэн. Эргэн тойрныхон минь ч адилхан. Ээжээсээ хөтөлж, дүүгийнхээ гарыг атгаж явсан 12 настай охин ердөө секундын дотор краны толгойд даруулж, амиа алдахад яаж ч уйлахгүй, гунихгүй, нулимс цийлэгнэж, сормуус чийгтэхгүй байх билээ. Тийм ч учраас та бид өнөөдөр Монголын төрөөс Есүгэн охины дурсгалыг хүндэтгэж, хариуцлага нэхэх өдрийг албан ёсоор зарлахыг шаардах цаг болчихож. Учир нь есдүгээр сарын 1-ний баярын уур амьсгалаа дарж чадахгүй явсан түүний тухай дурсамж зөвхөн аав, ээж хайртай бүхнийг нь шаналгаж байгаа юм биш. Хайрандаа халууцаж, хайранд дулаацаж амьдардаг хүн бүрийн өмнө асуулт үүсгээд байгаа болохоор тэр. Б.Есүгэн охины аав Б.Батсайхан манай сонинд өгсөн ярилцлагадаа “Хууль маань гажуудалтай байгаагаас миний охины үхэлд буруутай компани, хүмүүс одоо хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Дахин ийм осол гарч гудамжинд яваа жирийн иргэн хохирвол юу гэж тайлбарлах юм бэ гэдгийг хэлсэн.  Хүнлэг байх ганцхан хүсэлтийг л тавьсан. Би хохирлыг минь барагдуулж, өч төчнөөн мөнгө өг гэж хэлээгүй. Ямар замаар, яаж хууль зөрчиж, зөвшөөрөлгүй газар барилга барьсан юм бэ гэдгээ л тайлбарлах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Над шиг, надад тохиолдсон шиг ийм уй гашуу бусдад бүү тохиолдоосой гэсэндээ л үүнийг хүсээд байгаа юм. Би гомдлоо цаашид ч гаргана.  Хувь хүний маань хувьд миний хохирлыг эд барагдуулж чадахгүй. Эр хүн, эцэг хүний хувьд эдний толгой дээр би тоосго шиднэ. Хэн надтай ямар хариуцлага тооцохыг нь харъя. Би шүүх хурал дээр ийм л үг хэлсэн” гэж байв. Энэ шаардлагаа тэрбээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад тавьсан. Охиноо алдсан аавын хувиар өөрийнхөө шаналлыг дарахын тулд бус харин өрөөл бусдыг дахин ийм шаналлыг битгий эдлээсэй гэсэндээ Б.Есүгэн охины дурсгалыг хүндэтгэж, хариуцлага нөхөх өдрийг санаачилсан. Тэрбээр эл өдөр өөрийнхөө бяцхан охиноо дурсахаас илүүтэй Монголын төрийг хүнээ гэсэн сэтгэлтэй болгож, хүүхдийн ирээдүйг хамгаалдаг ганц ч гэсэн зорилтод өдөртэй байгаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсч байгаа. Та биднийг халуун дулаан, хайр дүүрэн амьдруулахын тулд нулимсаа нууж, сэтгэлээ цэнж яваа аавд нь чадах чинээгээрээ тусалж, “Б.Есүгэн охины дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг албан ёсоор төрөөр зарлуулах лоббиг хийцгээе. Шудрага ёсны эрэл нь хүнлэг сэтгэлээр түлхүүрдүүлдэг гэдгийг мартаагүй хүн бүрт энэ уриалгыг хүргэе. Би өөрөө тийм гоё хайрыг мэдэрсэн шигээ сэтгэлдээ уйлж суугаа аавд нь 12 жилийн хав халуун хайрыг эргүүлж өгч чадахгүй ч гэлээ бусдынхыг хадгалж үлдээхийг хүсч байна. Үүний төлөө төрөөс Б.Есүгэн охины дурсгалыг хүндэтгэх нэг өдрийг төрөөс нэхье. Өөрийнхөө төдийгүй өрөөлийн төлөө нэхэл хатуутай байцгаая.

Тэр жаахан охин аав, ээжийгээ яг л миний үрс шиг өвөл, хавар, зун, намрын алинд нь ч хайраараа халууцуулж, хайрандаа “шатаадаг” байсан гэж бодохоор дахиад л сормуус чийгтэнэ. Тэр жаахан охины амьдрал 12-хон жилээр дуусгавар болчихсон байхад хариуцлага хүлээх ёстой томчууд нь дараагийнхаа барилгыг ашиглалтанд оруулж, зах зээл дээр борлуулж байна гэж бодохоор бүр ч аймшигтай хэвээрээ… Сэтгэл даарч, нулимс урсах аж.

 

Г.Отгонжаргал


URL:

Сэтгэгдэл бичих