Юмандаа эзэн сумандаа занги шиг байя л даа

zasgiin gazarЗасгийн газар, Алтны худалдааг ил тод болгох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Ашгүй, авдран дахийнхаа хэмжээг анзаарахаа байсан бид одоо л нэг тоймтой болох нь. Алтан дээр суусан гуйлгачид хэмээн гоочлуулдаг байсан цаг ард хоцорсон ч авдраа ухуулчихаад хоосон авдар сандайлагчид гэж гоочлуулдаг үе үүгээр дуусах нь. Аятайхан чамбайхан төсөл боловсруулаад дэмжээд батлаад хэрэгжүүлчихвэл үүнээс сайн юм гэж хаа байхав. Улс оронд маань ч хэрэгтэй. Мэдээж хууль бусаар алт олборлогчид л баахан гонсойх байх.

Ямартай ч 2006 онд батлагдсан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль”-ийг мөрдсөнөөр алт олборлогчдод татварын дарамт нэмэгдэж, үүнийг даган алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосноо нуух, татвараас зайлсхийж арилжааны банкинд барьцаалах зэрэг далд наймаа идэвхжих хандлага ажиглагдах болсон нь нууц биш.

Тэр хэрээр Монголбанк болон арилжааны банкуудад тушааж буй алтны хэмжээ жил дараалан буурснаар улсын валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлснийг Засгийн газрынхан анзаараадхаж.

Уг  хууль батлагдахаас өмнөх дөрвөн жилд улсын хэмжээнд 77 тонн алт олборлосон бол хууль хэрэгжсэн дөрвөн жилд 48 тонн болж, 38 хувиар огцом буурсан үзүүлэлт бий. Өөрөөр хэлбэл улсын нөөцийн бүрдүүлэлт багасссан л гэсэн үг шүү дээ. Гэтэл дэлхийн зах зээл дээрх алтны үнэ сүүлийн 13 жилд тасралтгүй, 2009 оноос хойш огцом өсчихөөд байдаг.

Тухайлбал, 2000 онд нэг унц алтны үнэ Лондонгийн металлын бирж дээр 300 ам.доллар хүрэхгүй байсан бол 2006 онд 700, 2008 онд 1000, 2012 онд 1800 ам.доллар болж зургаа дахин өсчээ.Ийнхүү алтны үнэ өсөөд байхад манай улсад алт олборлолт буурсан нь татвар, хуулийн орчинтой холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Угаас Монголбанкинд алтаа тушаасан нь хохирчих гээд байдаг нь худлаа биш шүү дээ.

Тодруулбал, Нөхөн сэргээлтийн гэрээний дагуу Монголбанкинд алтаа тушаасан олборлогчид асуудалд ордог. Алтаа банкинд тушаахгүй байя гэхээр гэрээгээ зөрччих гээд зовж байнаа гэж үглэхтэй олонтаа таарч байсан юм. Товчхондоо МБГ-ын ажлаа хөнгөвчлөх гэсэн аргачлал алт тушаагчдыг асуудалд оруулдаг гэсэн үг л дээ.

Амар хялбараар ажил хийсэн нэр зүүх донтой тус газрынхан Монголбанкнаас алт тушаасан баримтыг авчихаад тухайн хувь хүн, байгууллагуудыг дуудан хаанаас ямар аргаар ийм их алт авч тушаасан бэ гээд “эрүүдээд” эхэлдэг гэсэн. Асуудал үүсч эрүүгийн зүйл анги сонсдоггүй юмаа гэхэд дуудсан цагт нь очих гэж хамаг ажил цаг заваа алдах нь мэдээж.

Тиймдээ ч цаг хугацаа алдалгүй алтны худалдааг ил тод болгох нь чухал гэсэн Засгийн газрын саналыг хоёр гараа өргөн дэмжицгээе гээд байгаа юм. Засгийн газрын хуралдааны мэдээллээс харвал, хуулийн төсөлд олборлосон алтыг худалдан авах, экспортлох, бүртгэл, тооцоо эрхлэхийг Монголбанкинд хариуцуулан цэгцэлж, тусгай зөвшөөрөлтэй компани, бичил уурхайчдын олборлосон алтыг нэгдсэн журмаар авдаг системд шилжүүлж,алт зуучлагчдын хууль бус далд наймааг зогсооход чиглэсэн зохицуулалтуудыг оруулсан гэсэн.

Түүнчлэн олборлосон алтаа таваас доошгүй жил Монголбанк, дотоодын арилжааны банкуудад худалдвал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ таван хувь байсныг 2.5 хувь болгох, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг хүчингүй болгохоор  тусгажээ. Түүгээр ч барахгүй хэрвээ хууль батлагдвал жилд олборлох алт 20 тонноор нэмэгдэж, ирэх таван жилд 150 тонныг олборлох боломжтой гэсэн тооцоо гаргасан гэсэн. Мэдээж, “Алтны худалдааг ил тод болгох тухай хууль”-ийн төсөл, энэ хуулийг дагаж “Ашигт малтмалын тухай хууль”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гишүүдээс гаргасан саналыг тусгаж УИХ-д өргөн мэдүүлнэ. Тэр хэрээр зөвхөн монголчууд төдийгүй дэлхий нийтийн сонирхлыг татаад буй олон асуудал мухардлаас гарна. Хааччихав, яагаад багасав гэж олныг талцуулж хэлэлцүүлж, бас хэрэлдүүлээд буй хөрөнгө оруулалтын орчин ч сайжирна.

Дашрамд сонирхуулахад өнөөдрийн байдлаар зөвхөн Сэлэнгэ Ерөөгийн нутагт гэхэд л 30-аад хувиараа алт олборлогч үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэднээс ганц нь ч Монголбанкинд алт тушаадаггүй. Бүр тушааж ч үзээгүй байх юм билээ. Үүний цаадтай Монгол Улсын газрын хэвлий дэхь баялаг, нөөцийн хэр хэмжээ хэр байгаа нь бүрхэгдэнэ. Байсхийгээд л алтыг бөөн цулаар нь хууль бусаар хил давуулахаар санаархагчдын балмад үйлдэл ч хязгаарлагдана. Баригдсан нь зарлагддаг болохоос баригдалгүй хичнээн ч хэмжээтэйг гаргасан юм бэ, бүү мэд шүү дээ. Хэрэвзээ алтны худалдаа ил тод болчихвол татвараас бултаж хувь хүнд зарах гэж хууль бусаар ашиг олох гэж донтох нь ч багасах нь мэдээж.

Мэдээж энэ дэлхий дээр тогтмол үнэтэй юм гэж үгүй. Бүтээгдэхүүний үнийн тухайн өдөр цаг минут дахь үнийг олон улсын бирж тогтооно. Биржүүд дотроо төрөлжсөн байдаг. Хэн дуртай нь мөнгөө төлөөд авч болно. Гэхдээ жилдээ 12 тн алт үйлдвэрлэдэг Монгол Улс Улаанбаатарт зах ажиллуулаад энэ үнээр өгч чадах уу? гэвэл үгүй. Ямар ч баталгаа байхгүй. Хатуухан хэлэхэд брэнд нэйм гэгдэх зах зээлийн нэр хүнд үгүй гэж дэд доктор Б.Ганбат хэлж байна лээ. Гэхдээ гарц бол бий. Тухайлбал, Монголоос алтыг авч Лондонгийн бирж дээр хүргэж өгөх зуучлагч хэрэгтэй.

Зуучлагч татвар, тээвэр, хамгаалалт (алтны үйлдвэрлэлд хамгийн их өртөг шаардах хэсэг нь энэ), цэвэршүүлэлт (хүлээн зөвшөөрөгдсөн газрын 9999 хэрэгтэй учраас), даатгал борлуулалтын шимтгэл (аль нэг брокероор дамжих учраас), хэлцэл (алтны үнэ хэзээ савлахыг урьдчилан тааж форвард, фүчүэр диливэр гэх мэт хэлцэл хийнэ) зэргээс өөрөө ашиг унагаадаг.

Товчхондоо Монгол банкны цуглуулсан алтыг авах гэсэн өрсөлдөгч тун олон. Монгол Улс жилдээ ойролцоогоор 120 сая ам долларын алт гадагш зардаг гэж үзвэл үүнээс зуучлагч нар ойролцоогоор 30 сая доллар өөрсдөдөө унагана. Аль ч өнцгөөс нь харсан алтны худалдааг хурдан бушуу түргэн ил тод болгох нь л зөв. Юандаа эзэн сумандаа занги шиг байя л даа. Алийн болгон амьтанд “толгой”-гоо мэдүүлэх юм бэ, бид…


URL:

Сэтгэгдэл бичих