64 насандаа Кубаас Флорида хүртэл сэлжээ

Америкийн зохиолч, сэтгүүлч, усанд сэлэгч Диана Ниад гэх 64 настай эмэгтэй ямар ч хамгаалалтгүйгээр Куба Улсаас Флорида хүртэл сэлжээ. Тэрбээр энэхүү амжилтыг тогтоохын тулд 35 жилийн хугацаанд дөрвөн удаа оролдож байсан гэнэ. Ийнхүү тэрбээр 64 насандаа тав дахь удаагийн оролдлогоороо амжилтад хүрчээ. Түүний сэлэлт нийт 52 цаг 54 минут үргэлжилсэн аж. Кубад түүнийг дэмжигчид нь алга ташин угтан авсан байна. Өндөр настай түүнийг сэлэлтийн үеэр эмнэлэг, аврах ангийнхан дагалдан явсан байна. Тэрбээр найман настайгаасаа хойш Флоридаг хөндлөн сэлж туулахыг мөрөөддөг байжээ. Диана Ниад “CNN” агентлагийн сурвалжлагчид “Би дахиж унахыг хүсээгүй. Энэ бол миний эцсийн оролдлого гэж бодож байсан. Юу ч тохиолдож байсан зорисон зорилгодоо хүрнэ гэж өөртөө андгайлсан. Хэзээ хэзээч битгий бууж өгөөрэй. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн төлөө дандаа тэмүүлж амьдраарай” хэмээжээ. Тэрбээр Куб Улсаас Флорида хүрэх анхны оролдлогоо 1978 онд хйиж байжээ.
Г.СҮРЭН

URL:

Сэтгэгдэл бичих