СТА Б.Батбаатар: Амьдралын өнгө хүүхдийн гэгээн ертөнцөд сүүдрээ бүү буулгаасай
Эзэн Чингис хааны рок дуурь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор анх тавигдаж байсан билээ. Ийм дуурь Монголдоо төдийгүй Азид анхлан тавигдсан нь тэр. Дуурийн гол дүр болох Тэмүүжиний дүрд ЦДБЧ- ын дуучин СТА Б.Батбаатар дуулсан юм. 14 жил урлагт зүтгэж байгаа түүнийг “Түүхт хил”, “Аялгуут Монгол орон” зэрэг дуунуудаар нь ард түмэн сайн мэднэ. Уран бүтээлийн зэрэгцээ олон нийтийн ажилд, идэвхтэй оролцож энэ сарын 6-ны баасан гаригт болох “Хүүхэд ирээдүйн эзэн” хандивын тоглолтын зохион байгуулах ажилд зүтгэж байгаа аж. Түүнийг тун завгүй үеэр нь цөөн хором ярилцлаа.
- Олон сайхан гавьяатууд нэгдэж хүүхдийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэх гэж байна. Та зохион байгуулагчаар ажиллаж байна уу?
-Дуучин хүн насан туршдаа дуулахаас өөр бодолгүй явах нь өрөөсгөл ойлголт. Нэг их олон зүйл сонирхоод байдаггүй ч сүүлийн үед найзынхаа байгуулсан ТББ-ын ажилд оролцож байна. Энэ нь ч надад таалагдаж хүүхдийн ирээдүйн төлөө бага ч гэсэн зүйл хийх нь миний хувьд дуу дуулахаас илүү зүйл болчих гээд байгаа шүү.
- Тоглолтын нэрнээс харахад хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага шиг байна. Хэзээнээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бэ?
- “Хүүхэд ирээдүйн эзэд” нэртэй ТББ саяхан байгуулагдсан. Тэргүүн нь дуучин СТА Б.Энхбаяр гэж залуу бий. Түүний санаачлагаар амьдралын боломж тааруу хүүхдүүдэд туслах зорилгоор тоглолт зохион байгуулж байгаа юм. “Хүүхэд ирээдүйн эзэд” гээд бүх оддын хамтарсан тоглолт энэ баасан гаригт Бөхийн өргөөнд болно. Тэнд цугласан орлогоор зургаан дүүргийн 300 гаруй хүүхдэд бүтэн жилийн хичээлийн хэрэглэл авч өгөх зорилготой ажиллаж байна.
- Мэдээж амжиргааны төвшин доогуур айл өрхийн 300 хүүхдийн ард тэр байтугай л олон хүүхэд үлдэж байгаа байх?
-Үнэхээр 300 хүүхдээр хязгаарлагдахгүй л дээ. Гол нь энэ бол зөвхөн эхлэл. Цаашид зөвхөн энэ ТББ гэлтгүй хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд үргэлжлүүлж чадвал олон хүүхдийн эрүүл мэнд, амьдралд нэмэр болж чадна. Амьдралын төвшний ялгаа хүүхдийн гэгээн ертөнцөд сүүдрээ бүү буулгаасай л гэж би боддог.
-Эргээд уран бүтээлээр яриагаа үргэлжлүүлье. Тэмүүжинг рок дуурийн гол дүрд амилуулж дуулахад ямар сэтгэгдэл төрж байв?
-Ер нь хүнд байсан. Маш их хүчин чармайлт шаардсан даа. Тэр түүхэн хүнийг тэр дундаа ард түмний төдийгүй дэлхийд нэрээ мөнхөлсөн агуу Чингис хааныг рок жанраар дуулах зориг анхандаа хүрээгүй. Харин найруулагч болон хамтран ажилласан хүмүүс маань энэ дуурийг ингэж л бүтээх ёстой гэж маш няхуур ярилцсаны үндсэн дээр Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ойгоор анх тавигдсан.
-Дэлхийн урлагийн хөгжилд рок дуурь 30 гаруй жилийн түүхтэй. Харин Азид хэзээ анх тавигдсан байдаг юм бол…?
-Ази тивд манайхаас өөр ямар ч улс оронд рок дуурь тавигдаагүй. Өндөр хөгжилтэй гэгдэх Япон, Солонгос аль нь ч энэ төрлөөр дуурь гаргаагүй. Харин баруун Европын орнуудад хүчтэй хөгжсөн. Харин бид Азийн хэмжээнд эзэн хааныхаа нэрээр овоглосон рок дуурь бүтээж, Азийн хөгжмийн урлагт том шинэчлэл хийсэн. Энэ бол яах аргагүй монголчуудын бахархал.
-Дуурийн дуучин рок дуулсан гэхээр сонин санагдаад байна л даа?
-Рок ч юу байхав, дуурь шүү дээ. Рок дуурь гэдэг жанр яг үнэндээ их сонирхолтой урлагийн төрөл юм билээ. Би чинь Хөгжим бүжгийн коллеж төгсөөд Улаан-Үд хотын Дорнод Сибирийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн хүн. Тэгээд ч миний хоолойг дуурийн тэр дундаа баритон хоолой гэдэг. Тэгээд л найруулагчийн санаанд миний хоолой тохирсон учраас сонгосон байх.
-Тэмүүжиний хамтран дуулаач нь хэн байсан бэ?
-Одоо бол Ану хатнаар нь хүмүүс их таньдаг болсон Отгоо шүү дээ. Миний хувьд сайн хамтрагчтай байсны хүчинд нэг их төвөг учраагүй. Сайн дуулсан гэж боддог. Гэхдээ үнэлгээг үзэгчид л өгнө шүү дээ.
-Дуурийн урлагийн хамгийн сайхан тал юу байдаг бол. Дуучид дууриар төгссөн гэчихээд зохиолын дуу дуулаад л яваад байдаг шүү дээ?
-Мэдээж энэ мэргэжлээр төгссөн хүн хэзээ ч зохиолын дуунд урвахгүй нь тодорхой. Миний хувьд зохиолын дуу гэхээсээ илүү дуурьтаа хайртай. Тиймээс ч энэ төрлөөрөө тэмцээн уралдаанд их оролцдог.
-Таны уран бүтээлийн дотнын туслагчийг гэвэл…?
-Эхнэрээ л хэлнэ дээ. Энэ хүн л миний ар гэрийн амьдралыг зохицуулж, тоглолтын хувцсыг минь бэлдэж, өлсөхөд хоолыг минь халуун байлгадаг болохоор ханийгаа л хамгийн сайн туслагч гэж хэлнэ.
-ЦДБЧ гэдэг том байгууллагын дуучин хил хязгаараар их явна биз?
-Тэр ч бидний ажил. Хилээ манаж, үүргээ биелүүлж байгаа цэрэг эрсийнхээ сэтгэлийн цангааг аялгуут дуу, бүжгээр сэргээх нь бидний үүрэг. Ер нь Монгол орныхоо хилээр тойрсон шүү.
Б.Эрхэс
URL: