Хуулийнхан Г.Буяндоржийн нууц хөрөнгийг ил гаргахаар ажиллаж эхэлжээ
“Ноёд” группын захирал Г.Буяндоржийг улсад их хэмжээний хохирол учруулсан, залилсан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм.
Түүний дээрх хэргээс гадна татвараас зайлсхийсэн гэх хэрэгт нь шүүхээс их хэмжээний торгууль ногдуулсан юм байна.
Тэрээр шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлээгүйн улмаас хөрөнгийг нь битүүмжлэх ажлыг нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас эхлүүлээд байгаа аж.
Гэвч улсын бүртгэлд түүний нэр дээр эд хөрөнгө байгаагүйгээс эхнэр МУГЖ Т.Ариунаагийн “LEXUS 350” маркийн 7878 УБД дугаартай автомашиныг нь битүүмжилсэн юм байна.
Иймд Г.Буяндоржийн нэр дээр эд хөрөнгө, орон сууц, автомашин байхгүй байгаа нь цагдаагийнханыг мухардалд оруулаад байгаа гэнэ.
Цагдаагийн байгууллагын хардаж буйгаар хөрөнгөө өөрийн хамаатан, ах дүүстээ шилжүүлсэн байж болзошгүй хэмээн үзэж буй юм.
Энэ талаар нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны дарга Э.Батбаяраас тодруулахад “Т.Ариунаагийн автомашиныг хураах болсон нь Г.Буяндоржид өөр хөрөнгө байгаагүй юм байлгүй. Түүнээс Т.Ариунаатай ямар нэгэн холбоогүй. Надад энэ талаар үүнээс өөр мэдээлэл алга. Дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох ажилтнаас тодруулсан нь дээр байх” хэмээлээ.
А.Зая: ДУНДЫН ӨМЧЛӨЛ УЧРААС Т.АРИУНААГИЙН АВТОМАШИНЫГ ХУРААСАН
Г.Буяндоржоос татварын өр барагдуулах, гүйцэтгэх ажлыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч А.Зая хариуцаж байгаа аж. Түүнээс дараах зүйлийг тодрууллаа.
-Г.Буяндоржийг татвараас зайлс хийсэн хэргээр шүүхээс их хэмжээний торгууль ногдуулсан юм байна. Хэдий хэмжээний төгрөгийг гаргуулах ёстой байдаг юм бэ?
-Арбитрийн шүүхээс 459 сая төгрөгийг гаргуулах шийдвэрийг ирүүлсэн. Г.Буяндорж талыг нь барагдуулсан байгаа.
-Гэргий Т.Ариунаагийн автомашиныг нь танай байгууллагаас хураах шийдвэр гаргасан. Г.Буяндоржид өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй хөрөнгө байдаггүйгээс ийм шийдвэр гарсан гэж ойлгогдож байна?
-Дундын өмчлөл гэдэг үндэслэлээр Т.Ариунаагийн автомашиныг хураасан. Түүний эд хөрөнгө, өмчийн бүртгэлийг асуудлыг судалж байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаныхан дээрх тайлбарыг өглөө. Тэдний зүгээс “Хувь хүнтэй холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгээд байх нь зохимжгүй байдаг. Иймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Г.Буяндоржийн хэргийг шалгаж буй цагдаагийн байгууллагын зүгээс “Ноёд” гэсэн групп улсын бүртгэлд байдаггүй” гэдэг албан ёсны мэдээллийг өглөө. Г.Буяндорж нь 459 сая төгрөг барагдуулахаас өдгөө 200 гаруй сая төгрөг үлджээ.
Харин Г.Буяндоржид холбогдох эрүүгийн хэргийг УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж байгаа. Хамгийн сүүлд олдсон мэдээллээр Г.Буяндорж нь Хятадын “Тайшин” компанид Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчит компаниас төмрийн хүдрийн баяжмал нийлүүлэхээр гэрээ байгуулж дундаас нь мөнгийг нь завшсан гэх хэрэгт нэмж хэд хэдэн хүнийг байцаах ажлыг эхлүүлсэн байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал П.Эрдэнэцогт, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Эдийн засаг, худалдаа хариуцсан орлогч захирал М.Сайннямбуу нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлуудын нэгийг саатуулан шалгаж буй гэх мэдээллийг өглөө.
Хэргийг шалгаж буй цагдаагийн ажилтнууд мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхайлах үүднээс хэрэгт холбогдогчдыг саатуулан шалгаж байгаа юм байна.
Т.Амартүвшин
URL: