Баабар “онолдоход” Монгол хохирдог

indexөбөб5454Анзаарсан хүнд бол Баабар 2012 оны 1-р сарын 23-нд бичсэн “Алдагдаж магадгүй агуу боломж” өгүүллээ нетэд ахин тавив. Баабарын залийг ямар мэдэхгүй биш. Ямар ч гэсэн түүний “дуу” дуусчээ. Дандаа хуучин дуугаа шинэ мэт мэт харагдуулна. Одоо тэр үе чинь өнгөрсөн. Ингээд түүний “хуучин дууг” шинжлээд үзье. Учир нь “чухал ач холбогдолтой” гэж тэр өөрөө үзсэн учраас тэр…
Дэлхийн хямрал болж байгаа ч…
Үүнийг тун олон хүн, түүний дотор Баабар ч, би бичиж байсан.

Тэхээр хямрал нь бичих өнцгөөсөө хамаарна уу гэхээс “шинэ юм” огт биш. Баабар “олон судлаачид” гэж байгаа боловч бүх судлаачид хямралыг даяар капитализмын онол, практикийн мухардалтай холбон тайлбарлаж байгаа. Онолын талаасаа бол либерал суурь үзэл бүрэн мухардалд орсныг бараг бүгдээрээ нотолж байгаа.
Гэтэл ноён Баабар 20-иод жилийн өмнө социализмыг нураах ганцхан үүрэгтэй байсан Хайек, Фридманы зэрэг онолуудыг орчуулж, магтан дуулж байна. Наадахыг чинь баруунд аль хэдийн орхичихоод Фридманаас эхлээд алдаагаа хүлээн зөвшөөрөөд байхад цор ганцаараа солиотой юм шиг сурталчилж тархи угааж байгаа нь Монгол, үзэл сурталч нь Баабар. Энэ бол асуудлын онолын тал нь. Одоо цоо шинэ онолын постулатууд гарсан. Үүнийг хожим ярина…

Хэрэв практикийн талыг нь авч үзвэл Баабар зөв баримтаас шал буруу дүгнэлт хийж байна. Яахаараа ингэж баримт гуйвуулдаг өвчтэй байдаг юм ?!
“Найман оны хямралыг Хятад, Энэтхэг, Бразилийн хүчтэй өсөн нэмэгдэж буй эдийн засаг аварч гарсан.”
Боль доо. Энэ хямралд муугүй бэлтгэлтэй байсан орны нэг нь Орос юм. Хямралаас болж нефтийн үнэ их өссөн учраас Орос энэ хэрээрээ хямралаас зөөлөн гарч чадсан. Энэ нь манайд ч эерэг нөлөөлсөн. Энэ хэдэн орон нийлээд БРИКС гэдэг Баабарын үзэн яддаг бүлэг орнууд болдог юм. Харин Америкийн хувьд гэвэл хямралыг өөрсдийнх нь ипотекийн зах зээлийн нуралт өдөөсөн болохоор сүйрэхгүйн тулд мөнгө хаяхгүй яадаг юм.
Нарийн ярих юм бол Монголын сайн найз, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш, дэд ерөнхийлөгч асан Дэк Чейни нарын ивээлд байдаг “Энрон” компани, түүнд аудит хийдэг “Артур Андерсон” компани дампуурснаас энэ бүхэн эхэлсэн юм. Дашрамд дурдахад “Артур Андерсон” Монгол Банкинд олон жил аудит хийж байсан ба яг энэ үеэр монголын банкны олон тэрбумын хөрөнгө ул мөргүй алга болсныг Сангийн сайд байсан Баабар сайн мэдэж байх учиртай.
“Энрон” нь оффшор бүсэд 692 охин компани бүхий дэлхийг хамарсан том сүлжээ байгуулан луйвар хийдэг байсан бөгөөд “Артур Андерсон” нь хуурамч нягтлан бодох бүртгэлээр хангадаг байсан нь америкийн шүүхээр батлагдсан юм.
Улмаар энэ нь америкийн ипотекийн систем рүү орж дэлхийн хямралыг өдөөсөн юм. Тэхээр дэлхийн хямралаас АНУ аварсан гэдэг яриа харьцангүй бөгөөд АНУ хямрал өдөөж, бас ихээхэн мөнгө хаяж гарсан гэвэл арай илүү үнэнд нийцнэ. Баабар юмыг мэдэж байж ярих хэрэгтэй.
О.Чулуунбат нарын банкны дээрэмчид “Артур Андерсон”-ыг байн байн иш татаж өмнөө барьдаг байсныг ард түмэн мартлаа гэхэд судлаач хүн мартдаггүй юм.
“Сүйрлээс амь мэнд туулан гарч болох газрыг БРИКС байж магадгүй гэнэ. Европ, Японыг бараг дүүрчихлээ, АНУ маш хохиролтой үлдэнэ гэнэ.”
БРИКС гэж юу билээ ?! Энэ чинь Орос, Хятад, Бразиль, Энэтхэг дөрөв шүү дээ. Бид Баабарын амнаас гарсан хий болгон Оросыг зүхдэг гэдгийг сайн мэднэ. Хятадын хувьд гэвэл “Хятадын коммунист намын сүүлчийн өдөр” гэсэн түүний өгүүллийг бид сайн санаж байгаа. Гэтэл одоо болох хямралын үеэр “сүйрлээс амьд мэнд туулан гарч болох” газрын тоонд Орос, Хятад хоёр орж байгааг бид харж байна. Одоо, гэхдээ нэг жилийн өмнө биш, олон судлаачид дэлхийн эдийн засгийг БРИКС-ийн орнууд аварна гэж үзэж байгаа.
Ингээд Баабар монголчууд бидэнд “амьд мэнд гарах” улсуудыг биш, “үхэх” улсуудыг дагахыг зөвлөж байна гэж бид ойлгож болох байна.
“Судалгааны олон институцийн тооцоолж байгаагаар хямралаас хожоотой гарах боломж бүхий орнуудын тэргүүнд Монголыг нэрлэж байна. 2015 онд нэг хүнд ноогдох ДНБ 10 мянган долларт хүрнэ гэж тооцоолжээ. 2030 онд энэ тоо 60 мянган долларт хүрнэ гэсэн байх юм. Нэг л үгэндээ ойрын 20 жилд Монголын эдийн засаг гайхамшиг үзүүлэх аж.”
Ингээд Баабарын эдийн засгийн “онол” дуусч, тархи угаалт эхэлж байна. АНУ 200 жил, Англи 270, Япон 100, Солонгос 40, Хятад 15-20 жил “зовж” гэнэ. Харин Монгол Хятадтай адил 20 жил болох ёстой юм гэнэ.
Баабар бидэнд 2030 онд олох 10 мянган доллар үзүүлж байна. Энэ бол “гайхамшигийн гайхамшиг” гэнэ. Ингээд тэр баахан үлгэр тууль хайлав. Бараг өөрөө уяраад “уйлав”. Гэхдээ энэ “гайхамшиг” одоо биш, 2030 онд байгаад Баабарын заль мэх оршиж байгаа юм.

Гэхдээ, гэхдээ шүү:
“Эдийн засгийн олон улсын судалгааны багууд Монголын тухай ийм өөдрөг дүгнэлт гаргахдаа Оюутолгой, Тавантолгой гэсэн хоёр аварга орд эргэлтэнд орсноор тооцоолж дүгнэлт гаргаж байгаа юм. 2030 оны 60 мянган доллар хэд нугарч ч болох юм. Сүүлийн 20 жилд Хятадаас орж ирсэн 3 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг давуулж ганц Оюутолгойд Өрнөөс 5 тэрбумын хөрөнгө оруулалт татсан нь энэ ордыг эргэлтэнд оруулсны хамгийн том ач холбогдол мөн…Гурав дахь хөршийн бодлогын амин сүнс санаа нь энэ.”
Ер нь ингэхэд Монголын судалгааны баг гэж байж болно биз дээ ?! Баабар ганцаараа “олон улсын” судалгаа орчуулж тулгадаг хаанахын ёс юм ?! Баабарын “судалгаанаас” өөр судалгаа байж болдоггүй юм уу ?!
Баабарт нэг шалгарсан “арга” байдаг юм. Онолын хувьд эсэргүүцвэл коммунист гэчихнэ, практикийн хувьд эсэргүүцвэл орос, хятадын боол, тагнуул гэчихнэ, өөр судалгаа яривал тэнэг гэчихнэ. Өөрөө болохоор онол ч байхгүй, юу ч байхгүй хэвтэж байж…
“Оюу Толгойг…энэ жилдээ шийдэж чадахгүй бол 2016 он хүртэл хойшлогдоно.”
Энэ бол Баабарын сүрдүүлэг болохоос өөр зүйл биш. Өөрөөр хэлбэл Баабар яг одоо гадаадын хэлснээр гэрээ хийхгүй бол “10 мянгат” болж чадахгүй гэж шууд хэлж байна. Түүний хэлэх гэсэн санаа ердөө л энэ…
Миний хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг ад үзээд хөөгөөд байгаа юм огт алга. Гэхдээ гадаад дотоодын хулгайч дээрэмчид нийлээд Монгол орныг хэтэрхий шулан мөлжихийг эсэргүүцэж байна. Би шударга бус дэлхий дээр амьдарч байгаагаа сайн мэднэ. Манайх шиг улс огт шулуулахгүй гэвэл ёстой үлгэр болох биз. Гэхдээ алив юманд чинь хэмжээ хязгаар гэж байдаг биз дээ…
Тэгж ярих юм бол Рио Тинто ч гэсэн ихээхэн хүнд байдалд байгааг би сайн мэдэж байна. 2011 онд 5,8 миллиард $-ын ашигтай байсан Рио Тинто 2012 онд 3 миллиард $-ын алдагдалтай гарсан нь үүнийг нотолно. Түүнээс гадна Рио Тинто 2013 оны 6 дугаар сарын 26-нд Мозамбикаас хөрөнгө оруулалтаа татаж өөрөө алдагдал хүлээснээс гадна муу Мозамбикийг бүр баллаад хаялаа ш дээ. Гэхдээ цаад Рио чинь мөнгөгүй биш, харин үүнийг нетээр ярих асуудал биш юм…
Рио Тинто Монголыг Мозамбик шиг санаж бүх хөрөнгө оруулалтаа татаад буулгаж авна гэж санаж байвал ёстой горьд, Монгол бол Африкийн орон биш, үүх түүхтэй нэр төртэй орон.
Чухам ийм учраас л бид мөнгөгүй гэсэн ганцхан шалтгааны улмаас гаднынханд “далан таваар” бууж өгч яагаад ч болохгүй. Тэр тусмаа бүсээ чангалж байгаад эрх тэгш гэрээ хийх ёстой.

Харин Баабартай санал нийлэх ганцхан зүйл байна:
“Оюутолгой, Тавантолгой нь ирж буй хямралыг далимдуулан босч ирэх аугаа том боломж. Хямралын үед аминд тулсан юм л зарагдана. Эрчим хүчний нөөц чухам ийм аминд тулсан зүйл нь мөн билээ.”
Хямралын үеэр гадаадынхан ямар гар утас, компьютерээ түлэх юм уу ?! Ганцхан нүүрс түлдэг юм. Монголын нүүрсийг авч түлээд, зэсээр цахилгааны утсаа хийвэл аз нь тэр…
Харин шунал нь дэндсэн олигархууд төрийн эрхэнд байгаа цагт Монгол Улсад ямар ч их мөнгө тогтохгүй идэж уугаад, гадагш нь зөөгөөд дуусна гэдгийг би монгол судлаачийн хувьд баталгаатай хэлж чадна. Баабар “онол-үзэл суртлын” хувьд хамгаалахгүй бол тэднийг амархан ялж болох бөлгөө…
Баабар “онолдоход” Монгол хохирдог…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 9 дүгээр сарын 02.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих