Н.Алтанхуягийн толгой дээр гарсан Г.Дэнзэн
Г.Дэнзэнгийн балаг, дуулиан энэ дөрвөн уулынхаа дунд дуусгавар болбол болох нь тэр гэж байсан цаг саяхан. 17 тэрбумын тендерийн хэрэг мандахад Ерөнхий сайдын хүргэн буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнгийн нэр холбогдож золтой л хүргэн ахыгаа хамт аваад уначихаагүй. Дэнзэн гэгч залуу хаанаас гарч ирсэн, хэн болох, төрд ямар үүрэг гүйцэтгэж байгаа гэээд түүний долоон булчирхайг хэвлэлийнхэн уудалж гаргасан.
Гэтэл 26-хан насандаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болсон тэрбээр “Эрдэнэс МГЛ”, Төрийн банк, “Эрдэнэс Тавантолгой”, ШУТИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр давхар ажиллаж байсан юм. Тэгэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн эл даргын алба хашдаг.
Өнгөрсөн 2012 оны есдүгээр сарын 10-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Г.Дэнзэнг томилсон. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг их сургуулийн ширээнээс гараад туршлага ч сууж амжаагүй өөрийн хүргэн дүү Г.Дэнзэнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилчихлоо гэдэг асуудал гарч ирж байсан. Гэвч энэ үеэр Ерөнхий сайд ганц ч үг ган хийгээгүй.
Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 17 тэрбумын тендерт Ерөнхий сайдын дүүгийн охин, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэрийн компани ялалт байгуулсан болохыг илрүүлснээр олонд ил болсон билээ. УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын хэсэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шалгалт хийхээр очиход тус компанийн Тендэр шалгаруулах хорооны дарга н.Ганболд “Ч.Уянга эзэнтэй “Говь повер” ХХК нь тендерт ялж, гэрээ байгуулсан” хэмээн тайлбарлажээ.
Гэтэл шалгалтын явцад Ч.Уянга биш Г.Уянга болох нь тогтоогдсон байна. “Говь повер” компани нь Тавантолгойн тендэрт оролцохоос өмнө нэг сая төгрөгийн үнэлгээтэй байсан. Түүнийг нь Г.Уянга худалдан авч нэг өдрийн дотор бичиг баримтыг нь өөрчилж нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй болгоод, тендэрт оролцож долоо хоногийн дараа 17.7 тэрбум төгрөгийн үнэтэй тендэрийг авчээ. МАН-ын гишүүд энэ талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өгөхдөө Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ-т шалгуулахаар өгсөнөө ч мэдэгдэж байсан.
Ийнхүү ах дүүр хоёр АТГ-ын хараанд орлоо гэж байсан бол өнөөдөр хоёулаа уснаас хуурхай гарчихсан. явж байгаа. Түүгээр ч барахгүй дээрх дуулианыг жаахан намжсаны дараа нөгөө Г.Дэнзэнг томоохон албан тушаалд томилчихсон байх юм.
Г.Дэнзэн Оюутолгой төсөл болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг удирдах ажлын хэсгийн даргаар томилсныг Business-mongolia.com дэлхий дахинд мэдээллээ.
Тэгэхээр Г.дэнзэн дуулиан шуугиан дэгдээд ирэх үед өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч байсан нь зүгээр л жүжиг төдий байж гэдгийг эндээс харж болно. Дараагийн ажил нь одоогийнхоос том, илүү нэр хүндтэй гэсэн болоод л мань нөхөр албан тушаалаасаа сайн дураарай буусан дүр исгэсэн байна гэхэд хилсдэхгүй. Одоо ч “дэнзэндэнэ” гэдгийг залуучууд жинхэнэ утгаар нь хэрэглэх байлгүй. Албан тушаалд хүрэхэд танил талаа ашиглан богино хугацаанд өндөрлөгт хүрэхийг хэлж байгаа хэмээн явган яриа гарсан билээ. Тэгвэл өнөөдрийн мэдээллийг авсан хүмүүс “дэнзэндэх” аргыг хэрэглэхээс буцахгүй болох нь. Шинэчлэлийн Засгийн газрын энэхүү томилгоо савалж байгаа нэр хүндээ унах замыг нээж өгч байх шиг.
www.times.mn
URL: