“Алтан гөрөөс-2013″ фестивалийн оролцогчид Чингисийн нутгаар аялна
Монголд олон орны яруу найрагчид хуран чуулах гэж байна. “Алтан гөрөөс” Олон улсын яруу найргийн фестиваль энэ сарын 6-10-ны өдрүүдэд болох юм. Энэ жил хоёр дахь удаагаа болох “Алтан гөрөөс” фестиваль эзэн Чингис хааны өлгий Хэнтий аймгийн нутгаар Цэнхэрмандал, Хар зүрхний Хөх нуур-Батширээт, Онон, Хурх-Дэлгэрхаан, Хөдөө арал, Аварга Тосон гэсэн маршрутаар зохион байгуулагдахаар болжээ.
Фестивалийн ерөнхий зохион байгуулагчаар “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл, “Шинэ Монгол” радио, хамтран зохион байгуулагчаар “Монголын үнэн” сонин, www.unen.mn, www.bolod.mn, Монгол туургатны утга соёлын “Шинэ зуун” нийгэмлэг, www.mongolic.mn зэрэг байгууллагууд, Ивээн тэтгэгчээр “Есүжин хүлэг” эко авто салон, “Альфа моторс” ХХК, 4Х4 авто сервис, “Дархан оточ аварга” сувилал зэрэг байгууллагууд ажиллаж байгаа ажээ.
“ОРОН ОРНЫ НАЙРАГЧИД ЯРУУ ТУНГАЛАГ ШҮЛГИЙНХЭЭ УВИДАСААР, ХҮН ТӨРӨЛХТНИЙ БҮХИЙ Л ХЭЛНИЙ ГАЙХАМШИГТ УРАН ҮГИЙН ЧУУЛБАРААР УУЛЫН ТАРХИ, ЦЭЦГИЙН СОНОР, УСНЫ МЭЛМИЙ, МОДНЫ СЭТГЭЛ, ЧУЛУУНЫ ЗҮРХЭНД ХҮРЧ, ХАМТРАН ОРШИГЧ БҮХЭНТЭЙ ШҮТЭН БАРИЛДАЖ ОРШИХ ЖАМТАЙГ ТЭНГЭРИЙН БОШГООР ЭТҮГЭНД ЗАЛАРСАН АЛТАН ГӨРӨӨС ИЙН БУУХИРВАЙ”хэмээн тунхагласан уг фестиваль ийнхүү эзэн Чингисийн өлгий нутагт найргийн онгодоо хөглөхөөр болжээ.
URL: