Ниргэхээс нь өмнө “хашгир”
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон зах, худалдааны төвүүдэд ээлж дарааллан гал гарч шатсанаас олон зуун иргэд хохироод байна. Одоогоос найман жилийн өмнө “Бөмбөгөр” худалдааны төв шатаж 700 гаруй түрээслэгчид хохирч улмаар Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байсан удаатай.
Энэ үед тус захын эзэн Г.Алтан бүх бурууг үүрч байсныг санаж байна. Учир нь нэг оймсны худалдаачин хүртэл 30 сая төгрөгийн бараагаа галд алдчихлаа хэмээн хөлжсөн түүхч байдаг.
Учир нь “Бөмбөгөр” худалдааны төв шатах болсон гол шалтгаан нь онцгой байдал, мэргэжлийн хяналтын байцаагчдын шаардлагыг биелүүлээгүй явдал. Тиймээс л Г.Алтжин хатагтай болзошгүй аюулаас худалдааны төвөө хамгаалж чадаагүй тул түрээслэгч нарын хохирлыг барагдуулсан хэрэг.
Түүнчлэн яг энэ шаардалыг хүлээж аваагүй улмаас өнгөрсөн сарын 23-ны өдөр “Нарантуул” худалдааны төвийн хүнсний зах шатаж нэг хүн амь эрсдэж, 300 гаруй түрээслэгч бас л хохироод үлдсэн юм.
Гал гарч шатсаны маргааш мэргэжлийн хяналт болон онцгой байдлын албаныхан мөн л Г.Алтан хатагтайгаас шаардаж байсан галын аюулгүй ажиллагаа, норм стандартыг баримтлаагүй хэмээн хэлсэн байдаг.
Тодруулбал “Нарантуул” захыг улсын комисс хүлээж аваагүй. Албан ёсны үйл ажиллагаа явуулах эрх олгоогүй. Мөн тус захад гурван удаа акт тавьж, 10 удаа удаа шаардлага хүргүүлсэн гэсэн юм. Одоогоор галын шалтгаан нөхцөл тодорхой гараагүй бөгөөд дөрвөн хүнийг шалгаж эхлээд байна.
Мөн хэлж ирдэггүй хийсч ирдэг галын аюул “Сандэй” худалдааны төвийг мөн тойрсонгүй. Наймдугаар сарын 30 буюу өнгөрөгч баасан гаригт тус худалдааны төвийн долдугаар давхар шатсан юм. Эх сурвалжийн мэдээллээр тус давхрын цайны газарт гал гарснаар ийн хохирол дагуулсан байна.
Азаар онцгой байдлын албан хаагчид түргэн шуурхай, цаг алдалгүй ажилласны үр дүнд галыг газар авахуулахгүй унтраажээ. Одоогийн байдлаар гал гарсан давхрын цайны газрыг битүүмжилж, хэргийн газрын үзлэг хийж байгаа.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн шалгаж байна. Тиймээс энэ мэт хайхрамжгүй зах худалдааны төвүүдийн удирдалгуудаас сургамж авах цаг нь хэдийн болжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Онцгой байдлын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны байгууллага, үзвэр үйлчилгээний газруудад шалгалт хийсэн. Шадар сайдын баталсан захирамжаар ажлын хэсэг гарч 85 байгууллагыг шалгахад давхардсан тоогоор 276 зөрчил илрүүлсэн байна.
Тэдгээрээс 52-ыг нь газар дээр зөрчлийг арилгуулж, 20 байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож зөрчлийг арилгуулсан байдаг. Гэтэл одоог хүртэл зарим зах, худалдааны төвүүд зөрчлөө арилгаагүй байгаа юм.
Тухайлбал “Барс” худалдааны төв, “Баянзүрх” худалдааны төв, “Хүчит шонхор”, ”Далай ээж”, “Меркури” захууд, “Одкон тек” барилгын материалын дэлгүр зэрэг томоохон худалдааны төвүүдийг нэрлэж болно. Эдгээр байгууллага, байгууламжид гал гарах эрсдэлтэй нөхцөл үүсч болзошгүй байгаа гэнэ.
Тиймээс дээрх захуудад удаа дараа шалгалт явуулж зөрчилөө арилгахыг шаардахад галын аюулаас сэргийлэх тал дээр огт анхаардаггүй аж. Хэдхэн хоногийн зайтай томоохон худалдааны төвүүдэд гал гарч олон зуун иргэн хохирч байгааг нүдээрээ харан , чихээрээ сонссоор байж шаардлага биелүүлэхгүй байгаа эдгээр захуудын удирдалгуудыг яалтай билээ. Ниргэсэн хойно нь хашгирах биш ниргэхээс нь өмнө шаардлагаа биелүүлж бусдын эд хөрөнг, амь насыг хамгаалахыг хүсье.
Б.Цацрал
URL: