Дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг

Дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг

Жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Мөнхбатын Уранцэцэг алс тэртээ Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 48 кг-ын жинд түрүүлж алтан медалийн эзэн боллоо гэсэн баярт мэдээг сонссон монгол хүн бүрийн сэтгэл огшсон биз ээ.

Өөрөө ч шагналын тавцанд төрийн дууллаа эгшиглүүлж байхдаа үе үе нулимсаа барьж чадахгүй байгааг нь харсан. Тэр бол хэн бүхний сэтгэл хөндсөн баярын нулимс байсан юм. М.Уранцэцэг маань дэлхийн татамид зодоглохдоо эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Украины жүдоч Марина Крот, дараа нь Колумбын бөх Эблин Лукули, Кубын бөх Мария Селия Лаборде нарыг цэвэр ялснаар хэсгийн аварга болсон.

Тэгээд дараагийн тойрогт Бразилийн жүдоч, олимпийн аварга Сара Менезесийг түвэггүйхэн ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан. Энэ л агшин хамгийг шийдвэрлэх мөч байлаа. Түүний учраа нь Японы бөх 2010 оны дэлхийн аварга Харуна Асами байв. Манай Урнаа дэвжээнд гараад эхний золгооноосоо л тун шийдмэг харагдсан.

Ер нь хэнтэй ч барилдсан айж эмээх, бэргэхийг тэр мэддэггүй. Зоримог өөртөө итгэлтэй нь барилдаан бүртээ илэрдэг. Тэр хоёрын барилдаан ердөө хоёр минут 18 секунд үргэлжилж Монголын жудоч Уранцэцэг өрсөлдөгчөө гарт нь өчих мэхээр цэвэр ялж Бразилийн татамид босоо бөх гэдгээ харуулсан юм. Тэгснээр Монголын жүдо бөхийн түүхэнд дэлхийн анхны эмэгтэй аварга боллоо.

Ээж Г.Цэрмаа нь бас баярласандаа нулимсаа барьж чадаагүйгээ хэлж:

-Миний охин тун эршүүд, шийдмэг. Юуг л бол би чадна гэдэг юм. Тэр чанар нь ийм амжилтад хүргэлээ. Ээжийн хувьд би барилдаан бүхэнд нь сэтгэлээрээ хамт ялбал ялж, унавал унаж байдаг юм шүү дээ. Энэ жил манай гэр бүлд ээлтэй жил болж байна. Хүү маань хуримаа хийлээ. Охин минь дэлхийн аварга боллоо. Ах нь байшингаа дуусгаж одоо орох гэж байна. Би жаргалтай хүн юм аа хэмээн бахархал дүүрэн ярьж сууна.

“Лондон-2012 ” олимпод мордохын нь өмнө түүнтэй уулзаж байлаа. Тэгэхэд “Би багаасаа л барилдах дуртай хүүхэд байлаа. Ангийн банди нартай л үзчихнэ шүү дээ” гэж байлаа. Бас бооцоотой барилдана. Тэгээд Баянхонгороос ирж нийслэлийн 38 дугаар дунд сургуульд суралцаж байхдаа хэнээр ч хэлүүлэлгүйгээр спортын ордонд дандаа очдог байж.

Эхлээд боксын секцэнд багахан хугацаанд явж байгаад самбо, жүдо руу урвасан гэдэг. 2006 онд “Женко” клубын тамирчин болж байхдаа өсвөрийнхний тэмцээнд ордог. Орсон тэмцээн бүрээсээ медаль авчихдаг байж. Ингээд Уранцэцэгтэй ярилцснаа хүргэе.

-Дэлхийн аварга болсонд чинь баяр хүргэе.
-Баярлалаа.

-Ноднин олимпод оролцсон. Тамирчин бүхэнд олддоггүй хувь заяа байх. Хүний хүсэл мөрөөдлийн оргил ч гэж хэлж болох биз ээ?
-Тийм ээ. Би бусдыг бодвол хэнздүү тамирчин шүү дээ. Улсын шигшээд ердөө дөрвөн жил хичээллээд хүн төрөлхтний спортын хамгийн том наадам-олимпод барилдах болсон нь бахархалтай хэрэг байлаа.

-Олимпод явахын өмнө би заавал медаль авч ирнэ гэж хэлж байсан даа?
-Нээрээ тэгсэн . Харамсалтай нь медаль авч чадаагүй. Гэхдээ надад бусдын олоогүй амжилтанд хүрэхийн зориг нэмсэн. Түүнийхээ хүчээр энэ удаа дэлхийн аварга болж чадлаа.

-Урьд нь бас алтан медаль олныг зүүсэн байх аа?

-“Женко” клубын тамирчин болсныхоо дараагийн жил самбогийн улсын аварга, 2008 онд жүдо бөхийн улсын аварга мөн Монголдоо болсон кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан гээд ярьж болно л доо. Мөн Францад болсон “Их дуулга” чансаа өндөртэй тэмцээнд анх удаа оролцож хүрэл медальтай ирсэн.

Сүүлд Узбекистанд болсон тэмцээнд түрүүлж Азийн аварга болсон. Ингэснээр чансаагаар дэлхийд айргийн тавд багтсан. Энэ бүхэн бол дасгалжуулагч багш нар, шигшээ багийн хамт олон, ээж, ах нарын маань халамж, хөдөлмөрийн үр дүн гэж бодож явдаг даа.

-Сая дэлхийн аваргад барилдахад учираа бөхчүүдээс чинь хэн нь хүчтэй өрсөлдөгч байв даа?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд сул өрсөлдөгч гэж яаж байхав. Бүгд л хүчтэй өрсөлдөгчид байлаа. Миний хувьд тэдний хэн нь ч надаас илүү юм байхгүй “би ялна” гэж бодож өөрийгөө зоригжуулж барилддаг. Хойшид ч тэгж л бодож барилдана. Энэ миний уг мөн чанар байх.

-Гэр орныхон чинь хэр дэмждэг вэ?

-Хамгийн их дэмждэг. Миний ээж Цэрмаа бол миний нэг гол дасгалжуулагч юм даа. Намайг жингээ жигд байлгахад хоол ундыг маань тохируулахаас эхлээд ээж л зохицуулна. Ах М.Бат-Эрдэнэ гэж тэмцээн бүхэнд шахам ирж намайг зоригжуулж байдаг хүн бий. Бас монгол бөхийн мэх зааж өгдөг.

-Хэн нэгэнд тэр хүн шиг болохсон гэсэн бодол байдаг. Чамд бол…?

-Жүдогоор хичээллэсэн өдрөөсөө эхлээд л Цагаанбаатар ах шиг, Эрдэнэт-Од эгч шигээ бөх болохсон гэж би боддог байлаа. Зорилгоо эхнээс нь биелүүлж л явна даа.

Д.Надмид /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих