Мохаммед Мурсигийн хэрэг шүүхэд шилжжээ

Б.БАРС

Египетийн Ерөнхийлөгч асан Мохаммед Мурси өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр албан тушаалаасаа огцорсон. Тэрээр удахгүй хүн амины хэрэгт буруутгагдахаар ажээ. Энэ тухай “Аженс Франс” агентлаг мэдээлсэн юм.

Тус агентлагийн мэдээлснээр, мянга гаруй энгийн номхон иргэдийн үхэлд хүргэсэн гэх аллагыг Египетийн Ерөнхийлөгч асан тэрээр өдөөн хатгасан гэх. Түүнийг шүүх хурал мөдгүй эхлэх сурагтай.

Мохаммед Мурси­гийн хамтаар тэрхүү аллагад “Ах дуу лалын шашинтнууд” гэх хөдөл­гөөнийхний 14 нөлөө бүхий гишүүнийг буруут­гаж байгаа аж. “Ройтерс” агентлагийн мэдээлснээс үзвэл, Ойрхи дорнод болон лалын ертөнцөд нөлөө бүхий Египетэд чухам Мохаммед Мурсиг төрийн өндөрлөгт гарсны дараагаар ард иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн ихэссэн гэж үздэг.

Мохаммед Мурси 2011 онд тус улсын тухайн үеийн “эзэн” байсан Хосни Мубаракийн эсрэг бослого гарсны улмаас гянданд хоригдож байжээ. Харин Палестины “Хамас” бүлэглэлийн тусламжтайгаар тэрээр гяндангаасаа 33 хамтран зүтгэгчдийнхээ хамт оргож чадсан бөгөөд үүнээс хойш Хосни Мубаракийн эсрэг ширүүн тэмцэл хийж эхэлсэн гэх.

Мохаммед Мурсиг Египетийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараагаар олон мянган энгийн иргэдийн амь насанд хүрсэн гэмт явдлыг дэмжсэн тушаал өгсөн гэж буруутгаж байгаа юм. Түүнийг Египетийн бусад нөлөө бүхий улстөрчдийн хамт тус улсын цэргийнхэн төрийн эргэлт хийн бүх засгийн эрхийг нь “ард түмний шаардлагын дагуу” хэмээн хураан аваад буй билээ.

Уг нь тэрээр, тус улсыг олон арван жилийн турш удирдаж байсан Хосни Мубаракийн дэглэмийг нураасны дараа болсон бүх нийтийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Египетийн ард түмний дийлэнхийн саналыг авсан гэдэг. Хэдий тийм ч тэрээр өдгөө өөрөө Египетийн ард иргэдийн дийлэнхийнх нь дургүйцлийг хүргэж байгаа улс төрч болжээ.

Мэдээж энэ бүхэн тэртээ тэргүй ойлгомжгүй, бас түвэгтэй байдалд орсон Ойрхи дорнодын байдлыг улам бүр хүндрүүлж байгаа юм.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих