“МИАТ”-ын удирдлагуудын хуйвалдаан

miat_hereg“МИАТ” компанийн хуучин удирдлагуудыг их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэг олны анхаарлын төвд байсаар байна. Хэргийг сануулахад “МИАТ” компанийн захирал асан Б.Эрдэнэбилэг, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, тус компанийн Коммер, санхүү хариуцсан захирал асан Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Голомт банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нар их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан юм. Энэхүү хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хаалттай болсон.

Энэхүү хэргийг Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг cap, Р.Бат-Эрдэнэд 12 жил нэг cap, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг cap, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг cap, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон. Харин шүүгдэгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, нийслэлийн шүүхэд давж заалдсан. Энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно.

Б.Эрдэнэбилэг гэж хэн бэ?

1968 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. 45 настай. Дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2006-2009 оны хооронд МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Одоо “Монгол керамик” ХХК-д ТУЗ-ийн дарга юм. “МИАТ” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Эрдэнэбилэг “Дайны эрсдэлийн даатгал” -ын гэрээг гадаад “Бэст Вейлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн Хонгконг дахь 411-618085-838 дугаар данс руу BWA31-53106808 MN гэрээний төлбөр нэртэйгээр 2007-2009 оны хооронд долоон удаагийн үйлдлээр нийт 4.302.892.192 төгрөгийг завшсан байна.

Ц.Орхон гэж хэн бэ?

1967 онд Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн 46 настай дээд боловсролтой, нислэгийн удирдагч мэргэжилтэй, ам бүл дөрөв эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2010-2012 оны хооронд “МИАТ” ТӨХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа, “Бэст Вейлф Аваишн Иншүүрэнс групп”-ийн Хонгконг дахь 411-618085-838 дугаар данс руу BWA31-53106808 MN гэрээний төлбөр нэртэйгээр 2007-2009 оны хооронд , долоон удаагийн үйлдлээр нийт 4.302.892.192 төгрөг завшиж, онц хэмжээний хохирол учруулсан, “МИАТ”-ын ТӨХК-нд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Орхонд “Эрүүгийн хуулийн тycгaй ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан, 156.3.3-т зааснаар банкны хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр буруутгагдаж, анхан шатны шүүхээс 11 жилийн ял авсан.

Р.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?

1964 оны тавдугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн 49 настай дээд боловсролтой, инженер, нисгэгч мэргэжилтэй, ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2009-2010 оны хооронд “МИАТ-ын ТӨХК-нд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Одоо “МИАТ”-ын ТӨХК-д онгоцны дарга, багш, нисгэгч ажилтай. Монгол Улсын гавьяат нисгэгч цолтой.”МИАТ ТӨХК”-нд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тээврийн нислэгийн үйл ажиллагаанд ашигладаг хоёр ширхэг Боинг 737, нэг ширхэг Азробус агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээг “МИГ”, “Бодь” даатгалын компаниудтай тус тус байгуулсан байхад дээрх даатгалын компаниудтай байгуулан хэрэгжүүлж буй даатгалын гэрээний нэг хэсэг болох “Дайны эрсдэлийн даатгал”-ын гэрээг гадаад “Бэст Вейлф Аваишн Иншүүрэнс групп “BEST WEALMH AVIATION INSURANCE GROUP co.ltd нэртэй даатгалын компанитай гурван жил гэрээ байгуулсан мэтээр баримт бүрдүүлж, 2007-2009 оны хооронд долоон удаагийн үйлдлээр нийт 4.302.892.192 төгрөг завшиж онц хэмжээний хохирол учруулсан. МИАТ-ын ТӨХК-нд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Бат-Эрдэнэд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан, 156.3.3-т зааснаар буруутгагдан, анхан шатны шүүхээс 12 жил нэг cap хорих ял авсан юм.

Ч.Хоролсүрэн гэж хэн бэ?

1970 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 43 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл дөрөв эхнэр хүүхдийн хамт амьдардаг. МИАТ компанийн Коммер, санхүү хариуцсан дэд захирлаар 2006 оноос тус компанид Мэдээлэл технологи, Коммерийн асуудал эрхэлсэн дэд захирал. 2009-2010 хооронд Коммер эрхэлсэн дэд захирлаар тус тус ажиллаж байсан. Одоо Монголиан Эйрлайнс ХХК-д захирал. МИАТ компанийн Коммер, санхүү хариуцсан дэд захирал асан, Ч.Хоролсүрэн 2007-2010 оны хооронд “Дайны эрсдэлийн даатгал”-ын гэрээг гадаад “Бэст Вейлф Аваишн Иншүүрэнс групп “-ийн Япон дахь Bank of Tokyk-Mitsubishi UFJ банкны 0065588 toot данс pyy нийт 17 удаагийн үйлдлээр “МИАТ”-ын ТӨХК-иас 7.271 731,80 ам долларыг “Бэст Вейлф Аваишн Иншүүрэнс” группийн данс руу шилжүүлж, “МИАТ” ТӨХК-д нийт 9.365.569.134 төгрөг буюу онц их хэмжээний мөнгө завшсан. Мөн долоон удаагийн үйлдлээр нийт 4.302.892.192 төгрөг хохирол учруулсан Ч.Хоролсүрэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан, 156.3.3-т зааснаар буруутгагдан, анхан шатны шүүхээс 13 жил нэг cap хорих ял авсан.

Г.Саранчимэг гэж хэн бэ?

1962 оны аравдугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 50 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл гурав нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 1997-2007 оны хооронд Голомт банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан. Г.Саранчимэг Голомт банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байхад нь Ч.Хоролсүрэн “Гадаадаас ярьж данс нээгээд өгөөч” гэжээ. Үүний дагуу Саранчимэг Хоролсүрэнд данс нээж өгчээ. Дансыг нээсэн дараа данс руу 687.000 доллар оржээ. Дараа нь Саранчимэгийн дансанд 43.000 ам.доллар орсон аж. Дансанд орсон мөнгийг Саранчимэг өдөрт буцааж, Хоролсүрэнгийн данс руу хийжээ. 2007 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр өөрийн эрх мэдлээ ашиглан иргэн С.Туяагийн нэр дээр зөвшөөрөлгүйгээр 1601326306 дугаартай ам.долларын данс нээжээ. Мөн 2007 оны гуравдугаар сарын 5-ны өдөр 941.687 ам.долларын гүйлгээ хийж “МИАТ” ТӨХК-д 1.096.123.668 төгрөгийг завшсан. Мөн 2007-2010 оны хооронд нийт 9.365.569.134 төгрөгийг шилжүүлсэн байна. “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт анхан шатны шүүхээс 11 жил нэг сарын хорих ял оноосон юм.

Ч.Суурьтогтох гэж хэн бэ?

1975 оны наймдугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн 37 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. “Монголиан эйр транспорт” ХХК-ийн захирал Ч.Суурьтогтох нь өөрийн төрсөн ах Ч.Хоролсүрэнтэй нийлж төрийн өмчит компанийн мөнгийг хуурамч баримт бичиг бүрдүүлж их хэмжээгээр завшжээ. Тэрээр “Бэст Вейлф Аваишн Иншүүрэнс групп “BEST WEALMH AVIATION INSURANCE GROUP co.ltd данс pyy нийт 9.365.569.134 хэмжээний төгрөгийг завшсан. “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан, 156.3.3-т зааснаар буруутгагдан, анхан шатны шүүхээс 10 жил нэг cap хорих ял авсан юм. Энэхүү зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшсан дээрх этгээдийн хаалттай шүүх хурлын болон өөрсдийн тайлбарыг маргаашийн дугаарт нийтлэх болно.

Н.Алт

НИЙСЛЭЛ ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих