Яршиг төвөг удсаар ялан дийлэх арга барил

Н.Алтанхуягийн Засгийн газар эмхлэн байгуулагдсанаас хойш “хууль бус томилгоо” хэмээх үг талх, сүү гэдэг шиг өдөр тутам хэрэглэгддэг өргөн хэрэглээний үг болсон билээ. Засгийн газар байгуулагдсанаас бүр өмнө УИХ-ын даргаар З.Энхболдыг томилсон нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн иргэд Цэцэд гомдлоо гаргаж байв.
Ингэж Их хурлын даргаа эргэлзээтэй томилсон эрх баригчид засгийн ихэнх томилгоонд хууль бусаар ханджээ. Тухайлбал, Засгийн газар дөнгөж байгуулагдаад бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, ихэнх агентлагийн дарга нарыг нэг л хар баасан гаригт хомроголон халж, оронд нь төрийн албанд үл тэнцэх хүмүүсийг “түр орлон гүйцэтгэгчид”-ээр томилсон.
Төрийн албанд үл тэнцэх гэдэг нь төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад ороогүй, ороогүй учраас тэнцээгүй хүмүүсийг төрийн албаны “толгой” дээр тавьсан гэсэн үг. Мэргэшсэн албан хаагчидтай байх, тэдгээр нь улстөрийн сонгуулийн үр дүнгээс үл хамааран мэргэшиж, чадваржиж, дадлагажиж ажилладаг болохын тулд төр олон жилээ зарцуулсан.
Үүний тулд олон удаа хуульд өөрчлөлт оруулж, төрийн албан хаагчдын бие даасан байдлыг хариуцдаг тусгай бүтэц хүртэл ажиллуулсан. Ингэснээр улстөрийн томилгоо төрийн албанаас аажим аажмаар алсрах боломж бүрдэж эхэлж байв.
Гэвч АН-ынхан засгийн эрх мэдлийг авангуут энэ зарчмыг эсрэг тийш эргүүлж, нам улстөр, фракц бүлэглэл, дарга, сайдын үзэмжээр асуудал шийдэгдэх болсон билээ. Тэр тусмаа АН-д үйлчилдэг боловсон хүчний гол шалгуур фракц, бүлэглэлийн хүмүүс төрийн албаар дүүрсэн гэдэг үнэний ортой.
Төрийн албаны зөвлөл тухайн үед Засгийн газарт шаардлага тавиад л байв. Эрх мэдэлтнүүд харин нүдэн балай чихэн дүлий суусаар мөнөөх Зөвлөлийн даргыг өөрчилж, оронд нь өөрийн хүнээ тавьсны дараа асуудлыг шийдсэн. Мэдээж сонгон шалгаруулт явагдсан.
Гэвч улстөрийн үзэмж дор явагдсан шалгаруулалтаар өмнө тавьсан хүмүүс эрх тушаалдаа жинхэлээд л үлдсэн. Угаасаа улстөрийн томилгооны мөн чанар ийм л зорилготой.
“Сонгуулийн үр дүнгээс шалтгаалан төрийн албыг ингэж хүчээр хольж соливол дөрвөн жилийн хугацаанд төрийн алба юу хийх юм бэ, ямар улстөрийн хүчин, хэн гэдэг улстөрчийг дагаж тал засах вэ гэсэн хэсэг хүмүүсийн бөөгнөрлөөс өөр юу ч биш л болно шүү дээ” гэж Төрийн албаны зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Н.Зүмбэрэлхам хэлжээ.
Тэгвэл өнөөдөр яамдын Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд агентлаг, газрын мэргэжилтэн хүртэл “тал засагчид”-ын эгнээгээр хүч сэлбэсэн. Ийм нөхцөлд төрийн алба мэргэжлийн дагуу, бусдаас хараат бусаар ажиллах бараг л боломжгүй.
Засгийн газар “түр орлон гүйцэтгэгчид” гэх нэр томьёогоор шинэ хүмүүсийг томилохдоо бас л хууль зөрчсөн. Хууль, журмаар бол төрийн жинхэнэ албаны дарга нарын орон тоо суларсан үед ажил, үүргийн хувьд хамгийн ойр нэгжийн удирдлага тэр үүргийг хавсран гүйцэтгэхээр заажээ.
Гэвч ойр албан тушаалтан байтугай огт өөр мэргэжлийн, бүр төрийн албанд огт ажиллаж байгаагүй хүнийг хүртэл томилсон тохиолдол олон. Харин тэд өнөөдөр тушаал, шийдвэрээр бол бараг бүгд жинхэлсэн. Ажил мэргэжлийн хувьд жинхэнэ албан хаагч болохын тулд дөрвөн жилийн турш шамдан суралцаж таарна.
Ажлаасаа чөлөөлөгдсөн албан хаагчдын олонхи ямар нэг шалтгаанаар гомдол, санал мэдүүлэлгүй, чимээгүйхэн өнгөрсөн нь хууль, шүүхээр далайлгасан эрх баригчдаас айсных байв.
Харин хамгийн удаан хугацаанд уйгагүй заргалдсаар заргаа авч, энэ хэрээрээ Засгийн газрынхны уур унтууг барж яваа нэгэн бол Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Т.Гантөмөр аж.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын 2012 оны есдүгээр сарын 39 тоот тогтоолоор түүнийг хууль бусаар ажлаас нь чөлөөлж, өөрийнхөө найз гэх Г.Энхтайваныг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Т.Гантөмөр Улсын дээд шүүх хүртэл бүх шатны шүүхэд ханджээ.
Хамгийн сүүлд Улсын дээд шүүх Ерөнхий сайдын шийдвэрийг хууль бус гэж үзсэн ч Н.Алтанхуяг шүүхийн шийдвэрийг үл тоожээ. Тиймээс Төрийн албан хаагчдын холбооны тэргүүн Б.Энхбаяр өнгөрсөн тавдугаар сард Ерөнхий сайдын Үндсэн хууль зөрчсөн үйлдлийн талаар Цэцэд өргөдөл гаргасан байна.
Гэвч Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа тодорхой үндэслэл, шалтгаангүйгээр уг өргөдөлд маргаан үүсгэхээс татгалзсан тул Б.Энхбаяр дахин гомдол гаргажээ. Уг гомдлыг өнгөрсөн долдугаар сард Цэц дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэж “Ерөнхий сайд хууль зөрчиж шийдвэр гаргасан.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл мөн” гэж үзээд маргааныг хянан шийдвэрлэх болжээ. Гэвч амралтын улиралд уг маргааныг хэн ч хэлэлцсэнгүйгээр барахгүй Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч өнөө хэр итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилохгүй гүрийсээр байгаа аж.
Арга буюу үнэнд гүйцэгдсэн Н.Алтанхуяг нар асуудлыг эвтэйхэн аргалчих санаатай Т.Гантөмөрийг дуудаж уулзсан гэх. Ингэхдээ “Шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилд чинь эргүүлэн томилъё. Оронд нь Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлөө татчих” гэсэн болзол тавьжээ.
Гэвч Үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгсөн хүн нь Т.Гантөмөр биш, түүний эрх ашгийг хамгаалсан төрийн бус байгууллагын тэргүүн Б.Энхбаяр. Түүгээр өргөдлийг нь татуулахын тулд ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг гэгч дуудаж уулзсан гэнэ. Тэгэхдээ учир зүггүй загнаж байгаад гаргасан тухай Б.Энхбаяр ярьжээ.
Яг үнэндээ төрийн албыг тойрсон асуудлууд өнөөдөр иймэрхүү л дүр төрхтэй байна. Түр бөгөөд хууль бус томилгоо тойрсон эх адаггүй маргаан өнөөдрийг хүртэл орон нутагт ч үргэлжилж, ард иргэдийн амьдрал ахуйд сүүдрээ тусгасаар байна.
Тухайлбал, нийслэлийн Багануур дүүргийн ИТХ-д МАН олонхи болсон хэдий ч хотын Засаг дарга Э.Бат-Үүлийн шийдвэрээр Засаг даргад мөн л хууль бус томилгоо хийгдсэн. Уг маргаан жил дамнан сунжирч, өнөөдөр бүр ч хурцаджээ.
Эрх баригчдын ийм бусармаг үйл ажиллагааны уршгаар Хөвсгөл, Дорнод аймагт удирдлагын асуудал үргэлжилсэн хэвээр байна. Ерөөс томилгоо тойрсон асуудлыг жагсаан бичвэл цаг, цаас хомсдоно. Тэгээд ч зүгээр л ажлаа хийж байхын оронд ийм зарга хийх сонирхолтой хүн ч нэн ховор ажээ.
Эрх мэдэлд өөрсдийн хүнээ шургуулж л байвал ерөөс чихгүй мэт дөжирсөн эрх баригч толгойнуудтай заргалдаж, маргалдах нь ч үнэхээр яршигтай бололтой. Ингэж яршиг түвэг удсаар эцэст нь дийлдэг арга барилыг ардчилсан төрийн аймшигт хүнд суртал гэхээс өөрөөр юу гэхэв. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг нар ийм хүнд суртлын арга барилд амташсан байна. Яршиг түвэг удсаар ялан дийлэх арга барилд…
Эх сурвалж: Үнэн.мн

URL:

Сэтгэгдэл бичих