У.Мөнх-Эрдэнэ: Шударга бус юмнаас шударга юм гаргах гээд байна
Боксын ДАШТ-ний 64 кг-ийн жинд улсаа төлөөлөн оролцох тамирчдын дунд эргэлзээтэй байдал үүсээд буй. Өөрөөр хэлбэл тухайн жинд МУГТ У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг нарын дунд сорилт хийснээр аль нэгийг нь явуулна гэв. Гэтэл У.Мөнх-Эрдэнийн хувьд аль ч утгаараа З.Энхзоригийг дагуулахгүй тамирчин. Түүнийгээ ч олон олон тэмцээн уралдаанд батлан харуулсан. Тийм ч учраас МУГТ У.Мөнх-Эрдэнэ өөртэй нь бараадахгүй тамирчинтай сорилго хийхгүй гэдгээ мэдэгдсэн. Харин нөгөө талаас Монголын боксын холбоо энэ 2 тамирчны дунд заавал сорилго хийлгэнэ гэж зүтгээд байгаа. Энэ үйл явдалтай холбоотойгоор МУГТ У.Мөнх-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
ДАШТ-нд оролцоход бэлэн үү?
2013 оны ДАШТ ирэх 10 сард Казахстан улсын Алматы хотод болно. Миний хувьд ДАШТ-нд оролцоод амжилтаа ахиулж, улмаар аварга болно гэсэн зорилготой бэлтгэл сургуулалтаа хангаж байгаа. Би өнгөрсөн 7 сард болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, бэлтгэл сайн байгаагаа баталж харуулсан. АIBA-д нэгдүгээрт бичигдэж байгаа. Олимпоос хойш ОУ-ын чанартай нэг тэмцээнд орсон. Харин одоо ДАШТ-нд намайг ямар байдлаар оролцуулах гээд байгаа нь эргэлзээтэй, будлиантай мэт санагдаад байгаа.
Бэлтгэл дутуу гэж үзээд байгаа юм болов уу. Ямар учраас заавал сорилт хийх гээд байгаа юм бол?
Би Азийн аварга шалгаруулах тэмцээнээр өөрийгөө баталж харуулсан гэж бодож байгаа. Оюутны Универсал наадмын тухайд би нэг зүйлийг онцолмоор байна. Чин шудрагаар хэлэхэд. Тус тэмцээнд ОХУ бүх төрлөөр шигшээ багаа оруулсан. Монгол улс шигшээ багаа оролцуулсан. Бусад нь бол жинхнээсээ оюутнууд байсан шүү. Тэрхүү олон арван жингийн дотор 2-хон сайн тамирчин л байна лээ. Гэтэл оюутны тэмцээнээс медаль аваагүй хүнтэй намайг сорилт хий гэж байгаа нь хачирхалтай байна. Адаглаад оюутны тэмцээнд оролцоод медаль аваад ирсэн бол хамаа алга. Би сайн бэлтгэлтэй байгаагаа ОУ-ын тэмцээнд амжилттай оролцоод баталсан. Үнэхээр намайг харах гээд байгаа бол 7 хоног 3 өдрийн зодооны бэлтгэлээр мэргэжлийн бээлийтэй бэлтгэл хийлгэж зодолдуулаад харж болно. Эсвэл цаг хараад гүйлгэж болно. Үнэхээр надаар сорилт хийлгүүлэх гээд байгаа бол ойролцоо хүнтэй хийлгэх хэрэгтэй. Гэтэл шударга бус юмнаас шударга юм гаргаж ирэх гээд улайраад байгаа юм.
ДАШТ-нд явахаар болбол бэлтгэл сургуулалт хангалттай байгаа юу?
Би бэлтгэлтэй байгаа. Алматы-д болох ДАШТ-нд сайн бэлдэж байгаад орно. Надтай тоглох Украйны тамирчин миний доор бичигдсэн байгаа.
Хэрэв ДАШТ-нд явуулахгүй гэвэл яах вэ?
Би хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард түмэн, спорт сонирхогчиддоо болж байгаа үйл явц, үнэн учрыг хэллээ. Би шударга шийдвэр гарна гэдэгт итгэж байгаа.
URL: