Согтуу хүн хүн биш
Саяхны нэг өдөр Өргөө кино театрын автобусны буудлын хажуугаар өнгөрч явтал УНЦ… дугаартай нийтийн тээврийн автобус шуугин орж ирснээ зогсоол дээр, замд ойрхон зогсч байсан нэгэн хижээл эрийг юу юугүй мөргөн унагаадхав. Угаас иймэрхүү агшинг уучлан өнгөрөөх “авъяасгүй” тул хар хурдаараа гүйгээд очлоо.
Автобусны жолооч хаалгаа онгойлгосноо өөрөө мөргүүлчихсэн юм шиг “Ёо ёо, яаж байна аа чи. Согтуу юм уу, хаашаа юм” гэж муухай орилох нь сүртэй. “Чи одоо хүн мөргөчихөөд юу гэж омогдоод байгаа юм бэ. Хүн аллаа шүү дээ. Автынхныг дуудаад учраа олчих” гэтэл харин өөдөөс “Юу яриад байгаа юм бэ. Наадах чинь согтуу байгаа биз дээ” гэх нь тэр.
Жолооч “Энэ хүн согтуу байсан юм чинь би замаас хальж ирээд мөргөсөн ч миний зөв” гэж бат итгэлтэй байсан нь олон хүний гайхлыг төрүүлсэн юм. Энэ завсар кондуктор нь хөөрхий эрийг өмгөөлсөн бидэнд ”Та нарт хамаагүй, хүний мууд дуртай муусайн юмнууд” хэмээн аашлах зуур хохирогчид хандан “Чи одоо ингээд явчих аа. Цагдаа ирвэл чамд л гай болно шүү дээ” хэмээн ятгах нь зэвүүн санагдсаныг яана.
Гэхдээ автобус замаасаа гарч мөргөөгүй бол үнэхээр кондуктор авгайн зөв өө. Цагдаа ирвэл халамцуу эрд л хамаг буруу тохогддог бичигдээгүй хууль Монголын нийгэмд үйлчлээд байна. Өнөөдөр согтуу, архи уусан л бол та хэн ч биш. Хэл аманд орсон үед энэ байдал тод илэрнэ. Танхай залуучууд эхнэрийг нь өдөөд байхаар нь “баруун хажуу” хийчихсэн нэг эр цагдаагийн хэсэг дээр ирээд “Би гурав цохиулахаас наана гар хөдөлдөггүй хүн” гэж мэдүүлжээ.
Жингийн нэг туухай дээр зүгээр явж байгаа хүний эхнэрийг өдөж, нөхрийг нь гурав цохисон залуус, нөгөө талд биеэ хамгаалсан залуу халамцуу байсан гэсэн тодотголтойгоор тавигдаж байх юм. Уг нь бол танхай залуусын 100 хувийн буруу. Гэтэл архи уусан гэсэн үндэслэлээр 50:50 хувь болж салж байх жишээтэй. Харин халамцуу явж байгаад хэн нэгэнтэй 50:50 хийчихвэл эцсийн дүндээ 0:100 болоод, хохирч салах нь бичигдээгүй хууль болж.
Цалингаа аваад ганц хоёр шил шар айраг залгилсан эр эхнэртээ очоод буруутан болно гэдгээ ухамсарлан ойлгож “Цалингаа аваачаад өгчих юм чинь гайгүй байх аа” хэмээн эмээнгүй хэлэх нь өрөвдмөөр. Спиртны нэг хүнд ногдох хэмжээг 32 литр болгосон цор ганцхан үндэстэн бол Монгол Улс. Уг нь дэлхий нийтэд нэг хүнд ногдох спиртны хэмжээ зургаан литр болоход удмын санд нөлөөлдөг хэмээн сандардаг. Гэтэл манай олигархиуд булан тохой бүрт архины үйлдвэр байгуулчихаад согтуу хүн хүн биш гэсэн ойлголтыг нийгэмд өгчихжээ.
Архи уусан хүнийг ийн жигшиж, архи уусан нэг нь буруу зүйл хийсэндээ гэмшиж хэрэгтний ширээнд суудаг гаж тогтолцоо манайд л бий. Ийм ойлголтыг нийгэмд өгч байхаар архиныхаа үйлдвэрийг цөөлмөөр байна. Та 100 грамм архи уучихаад хүнд зодуулсан бол таны л хохь. Та хоёр шил шар айраг уучихаад машинд дайруулбал таны зөв ч байсан буруу. Хэрэв та ямар нэгэн өвчний улмаас таалал болохдоо архи үнэртүүлсэн бол эмчийн, өвчний биш таны л буруу болно шүү.
Х.Батсайхан
URL: