Ц.Нямдоржид одоо л дорбинк өгчихмөөр байна

Ц.Нямдорж ба дорбинк. Танил холбоос байгаа биз. Тэрбээр 2007 онд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн МАХН доторх “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүрийнхнийг ингэж хэлсэн удаатай.

Мэдээж Ц.Нямдоржид шувууны байтугай автомат буу атгуулчихсан ч яах ч үгүй. Гэвч тэрбээр ийм огцом, ноцтой мэдэгдлийг тун аргагүй нөхцөл байдалд орсон үед л хэлчихдэг билээ. Ц.Нямдорж анх “дорбинк” хочийг авахдаа зөвхөн намын дотоод асуудлаар санал зөрөлдсөндөө ч бус ерөөсөө тухайн үеийн нөхцөл байдал, албан тушаалын төлөөх шантааж зэрэг муу муухай бүхэнд нь бухимдсандаа хэлсэн. Түүнийг нь ч олон нийт ойлгож шударга улстөрч гэдэг өнцгөөс хүлээж авсан.

Харин энэ удаа Ц.Нямдорж дахин дорбинк үгүйлбэл олон нийт дэмжинэ. Тэр ч байтугай яг одоо л түүнд дорбинк өгчих юмсан гэж бодох хүн олон байгаа. Тодорхой үндэслэлгүйгээр, хэн нэгэн улстөрчийн ес хонзонгийн явуулгаар Төрийн ордныг гороолж, Засгийн газрыг огцруулах шаардлага гэгчийг өргөн бариад байгаа нь өөрийг нь сайдын суудлаас огцруулахаас илүүтэй дургүйг хүргэж байгаа биз ээ.

Уг нь огцрохдоо тулбал Ц.Нямдорж сурчихсан улстөрч л дөө. Н.Энхбаярын явуулгаар тухайн үеийн Үндсэн хуулийн Цэц Ц.Нямдоржийг УИХ-ын даргаас огцруулсан. Тэр үед төрийн өндөр албан тушаалтан огцрох урлагийг эзэмшсэн байх ёстойг харуулж, үг дуугүй алхаа хүлээлгэн өгсөн. Тиймээс “Засгийн газрыг огцруул” гэдэг сэдвийг сонссоор насаа элээж яваа Ц.Нямдоржид “огцор” гэх нь “цайгаа уу” гэдэг шиг сонсогдож, даанч нэг чацав хийхгүй юм биз ээ.

Гэхдээ шаардагсдын ард хэн байгаа нь л цээжийг нь урж мэдэх юм. Ялангуяа Засгийн газрыг огцруулах шаардлагыг УИХ-д хүргүүлчихээд, түүнийхээ маргааш нэр цохож өөрийнх нь суудлаар оролдох нь бүр ч эгдүүтэй.

Өнөөдөр Засгийн газар олон чухал ажил хийж байгааг ард түмэн харж байна. Иргэдээ ажлын байр, хоол хүнстэй байлгах, аль болох хямд үнээр орон сууцтай болгохоос эхлээд эдийн засгийн сэргэлтийн боломжийг ашиглан ирээдүйд хэрэгтэй ажлуудаа хийхээр цаг мөчтэй уралдан завгүй байгаа.

Юун Н.Энхбаярын гомдлыг тайлах, түүний турхирсан хүмүүстэй нялуурах. Харин ч тэр их хуралдай гэгчийнхэн ард түмнээр овоглож, ард түмний нэрийг улс төрийн зорилгодоо зөвшөөрөлгүйгээр ашиглаад байгаад дургүйцэж байна. Энэ талаар шүүхэд хандахад ч буруудахгүй.

Үнэндээ их хуралдайн тогтоол гэгчийг барин жагсагчид УИХ-ын гишүүн С.Баяр, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг онцолсон нь Н.Энхбаярын эцсийн шийдэл байлаа. Н.Энхбаяр ийм ажиллагаа зохион байгуулж сурсны хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг Оюутолгойн гэрээгээр далимдуулан Ардчилсан намын төлөөлөл болгож “дайвар”-т ашигласан болохоос гол “бай”-гаа С.Баяр, Ц.Нямдорж нар дээр голлон чиглүүлсэн юм.

Магадгүй 2013 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд С.Баяр нэр дэвшиж өрсөлдөнө гэсэн шум хилийн чинадад, Кремль дэх найзуудад нь хүртэл хүрчихээд байгаатай ч холбоотой биз. Хэрэв С.Баяр Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдлөө гэхэд хамгийн том түшиг тулгуур нь, бас хамгаалалт нь Ц.Нямдорж байх нь гарцаагүй. Тиймээс Н.Энхбаяр тэр хоёрыг хамтад нь намнахсан гэхээс аймшигтайгаар тэчьяадан юу ч хийж мэдэхээр болоод байна.

С.Баяр, Ц.Нямдорж гэдэг бол Н.Энхбаярын хувьд маш хүчтэй холбоотон. Юун С.Батболд, М.Энхболд, Ч.Улаан. Бүгдээрээ нийлээд ч тэр хоёр шиг хүчтэй биш шүү дээ. Харин Н.Энхбаярын өнөөгийн хамтрагчид л үнэхээр харамсмаар, багтарсандаа уйлмаар сул хүчин. Гэвч Н.Энхбаяр чамлахаар чанга атга гэдэг үгийг санаж, нэг хэсэгтээ л Ц.Шинэбаяраар тоглож, М.Энхсайхантай ханьсах биз.

Өнгөрсөн хавар буюу 2010 оны дөрөвдүгээр сарын эхээр иймэрхүү жагсаал цуглааны үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэвлэлд ярилцлага өгөхдөө “Гадаа болж байгаа жагсаал цуглааны ард Н.Энхбаяр байна гэсэн хардлага байна. Та юу гэж бодож байна” гэсэн асуултад “Н.Энхбаяр хэчнээн “Үгүй” гэж хэлээд нэмэргүй. Хүссэн, хүсээгүй Н.Энхбаяр удирдаж байгааг бүгд л харж байгаа” гэж хариулсан юм. Харин энэ удаа Н.Энхбаяр жагсаал зохион байгуулсан гэдгээ төдийлөн нуухгүй байгаа.

Ер нь Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын дуэт тун алсуур харагдаад байгаа ч эцсийн дүнд огтлолцох нь гарцаагүй. Айхаа мартсан Н.Энхбаяртаа “Бадарчин баярлах болоогүй ээ” гээд шоолж суугаа Ц.Нямдорж сайд дорбинкоос дутахгүй хэдэн хуудас цаас харуулахад л гүйцээ шүү дээ.

Н.Энхбаяр хариуд нь яах юм бэ. TV-9-өөр нэг яриад л өнгөрнө. Өөр юу ч хийж чадахгүй. Н.Энхбаяр угаасаа ард түмний хэсгээр тоглож сурсан хүн. Санасандаа хүрч, төрд очсон ч өнөөдөр өөрийг нь дэмжиж буй люмпенгүүдийг өөд татна гэж мөрөөдөхийн ч хэрэггүй. Энэ бол түүний танил дүр төрх учраас ард түмэн төдийлөн сайшаахгүй. Тиймээс увайгүй, явуургүй үйлдлийг нь зогсоох эрх бүхий субъект, ХЗДХ-ийн сайдыг их хуралдайн шаардлагад хатуухан хариу өгчихсөн байхад хэн ч зэмлэхгүй. Харин ч сайшаана. Ц.Нямдорж Монголын улс төрд “Ганцаардсан чоно” байхаа больсон шүү дээ.

У.Оргилмаа

Улс тө


URL:

Сэтгэгдэл бичих