“Хүүхэд төрөхдөө Монголоо маш их санасан учраас л уйлдаг юм”

/Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн заасан хичээлээс/

 

 

 

Монголчууд бид боловсролд хэрхэн хандаж буйн тод илрэл жил бүрийн есдүгээр сарын нэгэнд телевизээр орон даяар нэвтрүүлдэг Ерөнхийлөгчийн заах хичээлээс харагдана. Чухам ямар хандлагын тухай ярьж байгаа минь өнгөрсөн жил Цахиагийн Элбэгдоржийн заасан хичээлээс хийсэн дараах 18 дүгнэлтээр уншигч танд хүрч байна. Орон даяар цацсан „Хүн болох багаасаа“ хэмээх тэр хичээлийг дараах хаягаар орж үзээд, харьцуулж уншина уу. http://www.youtube.com/watch?v=LRVX3e_JUB8
  1. Монгол Улсын Ерөнхийлөгч сургуулийн хүүхдүүдэд хичээл заах болсон үндэслэлээ эхлээд тодорхой болгох ёстой. Ингэснээр дараа дараагийн Ерөнхийлөгч нар энэ арга хэмжээг буруу зөрүү байдлаар ашиглах боломжгүй болно гэсэн үг.
  2. 6-18 насны хүүхдүүдэд нийтэд нь ингэж хичээл зааж байгаа бол хэнд ч зориулаагүйтэй адил, хэнд ч хүртээлгүй арга хэмжээ юм. Учир нь ЕБС-ийн хүүхдэд хичээл заах нь сурагчдын насны болон тухайн хичээлээр олж авсан мэдлэгтэй уялдуулах багшийн заах арга зүйн мэргэжлийн ажил байдаг.
  3. Хүн багаасаа хичээх ёстой шүү гэдгийг зөвхөн хуучны сургаал, зүйр цэцэн үгээр илэрхийлэх нь маш өрөөсгөл бөгөөд тун ч уйтгартай. Энэ үгийг эцэг эх, эргэн тойрноосоо сонсож мөн сурах бичгээсээ уншиж мэдээгүй хүүхэд гэж үгүй. Энэ ойлголтоор Ерөнхийлөгч үнэнээсээ хичээл заах гэж бодсон бол жинхэнэ ардчилал ханхалсан цоо шинэ үзлээр хүүхдүүдэд хандах байлаа. Ялангуяа бага насны хүүхдэд өнөөдрийн амьдралд хэрэг болох шинэ санаа, шинэ ойлголтыг иш үндэс болгох, хуучны ойлголтыг шинэ орчин нөхцөлд хэрхэн ойлгох талаар зөвлөх байлаа. Тэгсэнгүй. “Зүйр үг дандаа зөв байдаг” гэж Ерөнхийлөгч ташаарч хэлсэн. Зүйр үг бас хуучирдаг, хэрэгцээнээс гардаг юм шүү дээ. Зүйр үгээр муу муухайг үйлдэх жишээ ч манайд олширч байгааг тэр анхаарсангүй.
  4. Хүүхдэд хандах хандлагыг аль хэзээний Инжинаашийн сургаалаас авч хэрэгжүүлэх талаар тэрбээр ярив. Гэтэл энэ хандлага өнөө үед маш их өргөжиж хөгжсөн билээ.
  5. Сайн хүн болох тухай сэдвээр хичээл заахдаа Ерөнхийлөгч та өөрийн амьдралтай, өөртэйгөө жишиж бүр ч болохгүй. Жишээ нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг та саяхан шоронгоос сулласан шүү дээ. Тэр хүн ийм хичээл заасан бол хүүхэд түүнийг хожмын нэг өдөр юу гэж дүгнэх байсан бол.
  6. Ерөнхийлөгчийн энэ хичээл эхнээсээ дуустал маш хиймэл дүр төрхтэй болж өнгөрсөн. Хүүхдийг багаас нь байнга ийм зохиомол зүйлд оролцуулж сургавал тэдний хүмүүжилд сөрөг нөлөөтэй. Гэтэл тэр хичээлийн үеэр маш сайхан хичээл зааж буй талаар нэг хүү Ерөнхийлөгч рүү харж байгаад хэлсэн. Санаа зовмоор. Хүүхдийг ингэж зохион байгуулалттай худлаа яриулж болохгүй. Хэрэв энэ хүүхдийн хэлсэн үнэн байсан бол бүтэн жилийн турш интернетэд энэ хичээлийг үзсэн гэсэн ердөө 200 гаруйхан оролт бүртгэгдсэн байх уу даа?
  7. Хичээлийн турш хүүхдэд яаж сайн хүн болох, яаж зөв байх талаар Ерөнхийлөгч сургаал айлдаж, зүйр цэцэн үг урсгав. Сайн байх, зөв байх гэдэг чухам ямар үзүүлэлт болох нь тодорхойгүй. Жишээ нь тусархаг байна гэдэг ямар зан чанар болохыг тайлбарлахдаа энэ хичээл дээр буу барьсан цэргүүд алхаж буй бичлэг үзүүлэв. Хичээлийн агуулгад энэ хэр нийцэж байна таны бодлоор?
  8. Хичээлийг “Монгол Улсын төрийн дуулал”-аар эхлүүлсэн нь ямар учиртай вэ? Хаанахын ёс вэ? Энэ мөчид бүх хүүхэд энгэрээ гараараа дарж байсан бол Ерөнхийлөгч тэгсэнгүй. Аль нь зөв байв?
  9. Хичээлийг самбарт бичих учиртай, наашаа хардаггүй нэг эмэгтэй тэнд байсан, тэр хүнийг огт танилцуулсангүй. Самбарт уйгаржин монголоор, хажууд нь мэр сэр кирил бичгээр бичиж харагдсан. Самбар ашиглаж буйн ач холбогдол орон даяар хичээл заалгаж буй хүүхдүүдэд лав мэдрэгдсэнгүй.
  10. Монгол хүн „монгол үнэртэй“ байх талаар ярьсан хэдий ч сайн Ерөнхийлөгч маань чухам юу хэлэх гээд байгаа нь сайн ойлгогдсонгүй. „Монголоо мэдээд ирэхээр монгол бахархал төрнө, ингэсэн цагт Монголоо хөгжил дэвшилд хүргэнэ“ гэсэн логик гаргалгаа хийв. Эх оронч байх, эх орноороо бахархах талаар энэ нь маш явцуу ойлголт түгээж байгаа хэрэг. Өнөөгийн хүний яриа огтхон ч биш.
  11. Иргэн гэж хэнийг хэлэх, иргэний боловсрол гэж юуг ойлгох талаар Ерөнхийлөгч хүүхдүүдэд тодорхой зүйл хэлж өгсөнгүй. “Миний санаачилгаар хийгдсэн” гээд бага ангид үздэг иргэний боловсролын нэг сурах бичгийг харуулж байсан. Дашрамд өгүүлэхэд манайд сурах бичиг нэрээр юуг ч хэвлээд, чөлөөтэй тарааж болдгийн жишээ энэ. Тэр нь маш инээдтэй сурах бичиг болсон гэдгийг Ерөнхийлөгч мэдээгүй бололтой.
  12. Эрдэм мэдлэг гэж юу болохыг ойлгомжтой тайлбарлаж чадахгүй байгаа Ерөнхийлөгч энэ ойлголтыг зөвхөн хураах тогтоох гэсэн утгаар тайлбарлаж зогссон. Хүүхэд бол мэдлэг хураах сав гэсэн хуучин ойлголтоосоо өнөө үед хүмүүс том жижиггүй салах гэж ядаж байхад Ерөнхийлөгч хүн ингэж ч ярих гэж.
  13. „Улсын сайн хүнээс, хүний сайн хүүхдээс“ гэдэг зүйр цэцэн үгийг Ерөнхийлөгч энэ хичээл дээр шинээр зохиов. Тэрээр зүйр цэцэн үгийг хүүхэд бүр бас зохиож болно гэв. Ийм байж таарахгүй шүү дээ эрхэм Ерөнхийлөгч өө!
  14. „Хүн болох багаасаа“ гэдэг хичээлийн төгсгөлд яагаад ч юм Ерөнхийлөгч “сайн хүн амьдрал дээр цөөхөн байдаг” гэсэн үг унагаж орхив. Тэгвэл яагаад гэдгийг бас хэлж өгөх ёстой.
  15. Хичээлийн агуулга үндсэндээ хүүхэд бүр сайхан үг цээжлээд, сайн юманд тэмүүлээд, сайн юм хийгээд байвал сайн хүн болох тухай болж өнгөрөв.
  16. Багш хүн „миний бодлоор“ гэж ярих учиргүй. Гэтэл Ерөнхийлөгчийн хичээл бүхэлдээ зөвхөн түүний бодлоор явагдаж өндөрлөв.
  17. Түүнчлэн Монголын газрын зурагтай төстэй хэлбэрээр хоёр гараа өргөн мэндчилж байх нь зөв гэж хүүхдүүдэд сургав. Монголын газар нутаг бас өөр өөр хэлбэртэй байсансан.
  18. “Хүүхэд төрөхдөө яагаад уйлдаг юм бол” гэсэн есөн настай охины асуултанд Ерөнхийлөгч „Хүүхэд төрөхдөө Монголоо маш их санасан учраас л уйлж байгаа юм“ гэж зааснаар хичээлээ өндөрлөв.

“Намайг ийм хичээл заавал хүмүүс юу гэх бол” гэж энэ сэдвээр ярилцаад зогсож байсан хоёр багшаас миний сониуч зан хөдлөөд асуугаадахсан чинь “Юу ярьж байгаа юм бэ, чамайг бол багш нар бариад идчихнэ” гэдэг байгаа

Р.Энхбат
http://tsagtur.mn/

URL:

Сэтгэгдэл бичих