Шинээр томилогдсон Элчин сайдад амжилт хүсэж, дэмжин ажиллахаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр (Есдүгээр сарын 2) үдээс хойш БН Казахстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд .К.И. Кобландиныг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
        Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Монголын ард түмэн саяхан Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн дээшилж байгаад баяр хүргээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг төр, засгийн түвшинд төдийгүй улс төр, соёл, эдийн засгийн өргөн хүрээнд өргөжүүлэн бэхжүүлэхэд Казахстаны тал ихээхэн ач холбогдол өгч байгааг тэмдэглэлээ.
Тэрбээр манай хоёр орон парламент хоорондын харилцаагаа идэвхжүүлэхийн чухлыг онцлоод хоёр талын олон талт харилцааг хөгжүүлэх түүхэн хөрс суурь, нүүдэлчний нийтлэг уламжлал, ойролцоо зан заншил байгаагийн дээр энэ харилцааны “алтан гүүр” нь Монголын талаас Баян-Өлгий аймаг болж буйг дурдсан юм.
        Тэрбээр мөн БН Казахстан Улс 2017-2018 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн болохоор зорьж байгаа учраас олон улсын байгууллагын хүрээнд бие биеэ дэмжин ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
        УИХ-ын дарга З.Энхболд Элчин сайд К.И.Кобландинд манай улсад суух Элчин сайдаар томилогдон Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан баяр хүргээд “Монгол Улсын гадаад бодлогод БН Казахстан Улстай харилцах асуудал чухал байр суурь эзэлдэг бөгөөд Монголын парламент Монгол-Казахстаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тууштай хөгжүүлэхийг эрмэлздэг” болохыг мэдэгдлээ.
2003 онд Монгол Улсын Их хурлын дарга С.Төмөр-Очир БН Казахстан Улсад айлчилснаас хойш 10 жил өнгөрч байгаа тул парламентын төвшин дэх харилцан айлчлал, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ноён Элчин сайдтай санал нэг байгаагаа мэдэгдлээ.
        УИХ-ын дарга манай хоёр орны хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 20 жилийн ой ирэх 10 дугаар сарын 22-нд тохиох гэж байгааг тэмдэглээд энэ хугацаанд хоёр орны харилцаа өргөн хүрээтэй түншлэлийн хэмжээнд идэвхжиж, өндөр, дээд хэмжээний яриа хэлэлцээ тогтмолжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа дуулгав.
        Тэрбээр бас Монгол, Казахстан улсууд олон улсын харилцааны асуудалд ижил байр сууринаас хандаж, олон улсын байгууллагын хүрээнд бие биенээ дэмжиж байдгийг тэмдэглэн хэлэхийн сацуу хоёул адилхан далайд гарцгүй орны хувьд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв (ОУСТ) байгуулах гэсэн Монгол Улсын хүчин чармайлтыг Казахстан дэмжиж буйд талархал илэрхийлж, энэхүү төвийг байгуулах олон улсын хэлэлцээрт ойрын үед нэгдэн орно гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
        Хоёр тал Астана-Улаанбаатарын хоорондох шууд нислэгийн асуудал, дамжин өнгөрөх тээврийн асуудал, хоёр улсын хооронд нүүн суурьшсан иргэдийн иргэншлийг бүртгэх журмыг хөнгөвчлөх асуудлаар илэн далангүй санал солилцлоо.
        Уулзалт өндөрлөх үед УИХ-ын дарга ноён Элчин сайдад ажлын амжилт хүсэхийн ялдамд хоёр тал харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр ойр дотно хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гээд Элчин сайдын зүгээс тавих аливаа санал, санаачилгыг дэмжин ажиллана гэдгээ мэдэгдлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих