Вьетнам улс интернэт эрх чөлөөг боомилсон хууль гаргажээ

Вьетнам улс интернэт эрх чөлөөг боомилсон хууль гаргажээ

Вьетнамд интернэтийн сүлжээгээр улс төрийн дотоод асуудлын талаар хэлэлцэхийг хориглосон хууль хэрэгжиж эхэлжээ.

Тус хуулинд зааснаар нийгмийн сүлжээ болон блогоор зөвхөн хувийн мэдээллээ хуваалцах боломжтой аж.

Харин интернэтэд Вьетнамын засгийн газрын эсрэг байр суурь бүхий агуулгатай  эсвэл “үндэсний аюулгүй байдалд халтай” мэдээ мэдээлэл нийтлэхийг хориглож байгаа гэнэ.

Мөн шинэ хуулиар Вьетнамд үйл ажиллагаа явуулдаг гадаадын интернэт компаниудын серверүүд тус улсын нутаг дэвсгэр дээр байх ёстойг заасан байна.

Вьетнам нь нэг намын тогтолцоотой коммунист улс бөгөөд эрх баригчид нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хатуу хянадаг юм.

Энэ онд улс төрийн эсрэг үйл ажиллагаа хийсэн гэх хэргээр олон арван блогчдыг шоронд хорьсон билээ. Шинэ хуулиар Твиттер, Фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээний сайтуудыг зөвхөн хувийн мэдээллээ байршуулах зорилготойгоор ашиглах боломжтой гэж заажээ.

Гэвч шинэ хууль олон нийтийн дургүйцлийг хүргэж, хүний эрхийг хамгаалагчид болон интернэт компаниудын томоохон шүүмжлэлд өртөөд байна.

Олон улсын “Хил хязгааргүй сурвалжлагчид”  байгууллага Вьетнам улсыг “интернэтийн дайсан” гэх жагсаалтандаа багтаажээ. Хүний эрхийг хамгаалагчид “шинэ хууль нь вьетнам иргэдийг ихэвчлэн блог, форумд тавигддаг ил тод нээлттэй мэдээллээс ангид ард түмэн болгох нь” гэжээ.

Мөн Google, Facebook зэрэг онлайн компаниудыг төлөөлдөг “Азийн интернэт эвсэл” бүлгэм дээрх хууль нь Вьетнамд ажиллах сонирхолтой компаниудыг хаан боогдуулж, инновацийг боомилж буй хэрэг хэмээн шүүмжилсэн байна.

А.Цацрал

 


URL:

Сэтгэгдэл бичих