МАК-ийн гар хөл АМГ-ыг дүүргэлээ

2515287522468cb5b7d651Монголчууд бид Оюутолгой, Тавантолгой гэсэн хоёрхон стратегийн чухал ордтой мэт ойлгодог. Арга ч үгүй биз дээ. Ингэж дээр доргүй ярьж байгаа болохоор тэгж л ойлгох байх. Гэтэл үүнээс өөр нэлээд олон стратегийн чухал орд байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тэдгээрээс чамгүй олныг МАК-ийн вант улс эзэмшдэг. Тухайлбал, стратегийн ангилалд багтдаг Нарийнсухайтын нүүрсний уурхай, Элдэвийн нүүрсний уурхай, Цагаан суваргынн зэс молибдений орд, Говь-Алтай аймгийн Цахиртын газрын ховор элементийн орд болон Адуунчулууны нүүрсний уурхайг эзэмшдэг.

Уул уурхайн үндэсний тэргүүлэгч компани хэмээн цээжээ дэлддэг тус компани Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ашиглалтын долоон тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Нийтдээ 500-гаад сая тоннын нөөцтэй бөгөөд 2011 онд 5.5 сая нүүрс олборлож, тухайн үеийн зах зээлийн ханшаар 550 сая ам.долларын орлого олсон хэмээн бахдалтайгаар зарлаж байсан. Гэтэл ийм их ашиг олсон ч тус сумын хөгжил цэцэглэлтэд сохор зоос зарцуулаагүй хэмээн нутгийн иргэд бухимддаг. Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдгийг бодит жишээ болсон.

Нутгийн хөгжил цэцэглэлтэд хөрөнгө мөнгө зарцуулж чаддаггүй атлаа мөн л хуулийн дагуу улсад татвараа төлдөггүй аж. Өнгөрсөн онд татварын өрөөрөө улсдаа тэргүүлж, 20 гаруй тэрбумын өртэй хэмээн Татварын ерөнхий газраас зарласан. Юун уул уурхайн үндэсний тэргүүлэгч компани. Татварын өрөөрөө тэргүүлж байгаа тэдэнд ийм сэтэр зүүх эрх байхгүй.

Ийнхүү баялаг арвинтай бүхий л орд газрууд МАК-ийн вант улсынх болсон. Яагаад ийнхүү стратегийн ордод тооцогдсон газрууд МАК-ийн эзэмшилд очих болов. Энэ бүх стратегийн орд газарт зөвшөөрөл өгч, тамга дарж суугаа эрхэм бол АМГ-ын дарга. Хэл ам, хэвлэлийн анхаарлаас салж чаддаггүй уг албан тушаал хэдэн сар эзэнгүй байсан ч бригадын генерал Г.Алтансүх өнгөрсөн оны тавдугаар сард томилогдож, эзэнтэй болсон. Тэрбээр өмнө нь Тагнуулын төв газарт ахлах ажилтан, орлогч дарга, хэлтсийн дарга, АНУ-д суугаа Элчин сайдын яаманд III нарийн бичгийн дарга, эргэд ТЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан нэгэн. Тэрбээр АНУ-д явахаас өмнө МАК-ийн Гадаад харилцааны хэлтэст ажиллаж байжээ. Түүнийг МАК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайширийн хүн гэдэг.

Учир нь Б.Нямтайшир ТЕГ-т олон жил ажилласан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Ашигт малтмалтай холбоотой нарийн ширийн бүхнийг мэдэж байсан учраас нөөц баялаг ихтэй, ирээдүйд үнэд хүрэх орд газруудыг олны нүд чихнээс далдуур увуулж цувуулан авсаар багаар бодоход нэг аймгийн дайны хэмжээний газрыг лицензээр авчээ. Ийнхүү төрийн байгууллагад хамтран хүчин зүтгэж байсан Б.Нямтайшир өөрийн хүнээ АМГ-ын даргаар суулгаж, Монголын баялгийг өвөр руугаа урсгах болсон.

АМГ-ын дарга Г.Алтансүхийн эхнэр Д.Мөнхтуяа энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдов. Ийнхүү МАК-ийн гар хөл болсон нөхдүүд Монголын төр, засгийн байгууллагын толгойд аалзны шүлс мэт хэрсэн байна.

Гэтэл энэ том компанитай холбоотой зарга Захиргааны хэргийн шүүхэд тасардаггүй. Түүний нэг тод жишээ бол 80 гаруй удаагийн шүүх хурал нь болж байгаа “Өсөх зоос” ХХК-ийн асуудал юм. Анх “Өрсөх зоос” нь 2009 оны аравдугаар сарын 5-ны өдөр хуулийн дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Хүрэн шанд нэртэй 1313.41 га талбай авчээ. Уг талбай нь орон нутгийн тусгай хэрэглээнээс гарсны дараа МАК эзэмшилдээ авсан боловч ашиглах хугацаа нь дууссан тул буцаан өгчээ. Үүний дараа “Өрсөх зоос” ХХК 42 сая тоннын нөөцтэй болохыг тогтоож, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр баталгуулж, улмаар Ашигт малтмалын газраас ашиглалтын лиценз хүсчээ. Гэвч МАК 2010 оны долдугаар сарын 4-нд шүүхэд хандаж, ашигтай хэмээн нөөц тогтоогдсон уг талбайн булаан авахаар зэхэж байна.

Уг нь Захиргааны хэргийн удаа дараагийн шүүхээр хэлэлцэж, 2012 оны зургадугаар сарын 4-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 83-р тогтоолоор МАК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болон давуу эрх эдлэх боломжоо алдсан хэмээн тогтоожээ. Гэтэл энэхүү тогтоолыг эсэргүүцэж, Ерөнхий шүүгчид гомдол гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг эцэслэн шийджээ. Тэр ч бүү хэл уг талбай нь МАК-ийн ямар нэгэн газрын гэрээ болон гэрчилгээтэй давхцаагүй болохыг шинжээчийн дүгнэлтээр ч тогтоосон байна.

Ийнхүү хэрэг хэрэгсэхгүй болж, “Өсөх зоос” ХХК хайгуул хийж нөөцийг нь тогтоосон уг талбайдаа ашиглалтын лиценз хүссэн ч удаа дараагийн үйлдлээр хойшлуулж, өгөхөөс татгалзжээ. Иймд тус компанийнхан Захиргааны хэргийн шүүхэд хандаж, тус шүүхээс ашиглалтын лиценз авах асуудал нь хуульд нийцэж байгааг тогтоосон юм. Уг тогтоолыг хэрэгжүүлэхгүй байсан учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсанаар хэрэгжүүлжээ.

Гэтэл одоо хуулийн дагуу ашиглалтын лиценз олгосон АМГ-ын Кадастрын хэлстийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Чинбаатар болон тус хэлтсийн С.Дашдаржаа нарыг АТГ шалгаж, эрүүгийн хэрэг үүсгээд байна. Ийнхүү хууль ёсны дагуу ажлаа хийсэн хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, төрийн өндөр албан тушаалтан хүн хэн нэгэн бизнесмэний гар хөл болж байгаа нь хуульд нийцсэн хэрэг мөн үү.

 

Б.Тэмүүлэн

 

http://bataar.mn/10009059


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих