Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнийг өмөөрөхүй

МИАТ ХК-ийн удирдлагууд мөнгө “угаасан” гэх хэрэг нийгэм даяар шуугиан тарилаа. Бараг толгойтой болгон л “хохь нь” энэ тэр гэв. Хэдхэн хүнийг торны цаана суулгаснаар энэ хэргийг шийдчихэв үү гэвэл бас эргэлзээ төрнө. Ард нь  нөлөө бүхий томоохон улстөрчид, тэр бүү хэл улс төр, бизнесийн бүлэглэл байгаа хэмээн нэр устайгаа бичигдэж байсан энэ шуугианд  хэргийн эзэд болох том тулнууд нь биш, хэдэн жижиг  “жараахай” л ял үүрээд, нийгэмд  үзүүлэх тоглолт төдий болоод өнгөрөх вий гэсэн болгоомжлол төрж байна. Нийгэм мөнгө идсэн уусан нөхдийг шийтгэ гэж алгаа ташиж байгаагаас бус асуудлын нарийн учир шалтгаан юу байсан бэ гэдгийг төдийлөн ойлгохыг хүсэхгүй байх шиг. Давж заалдах шатандаа яваа энэ асуудлын тухай өнөөдөр бичихдээ энэ хэргийг шийдсэн байдлыг бүхэлд нь зөв, буруу гэж дүгнэх гэсэнгүй. Харин Монголын урдаа барьдаг шилдэг нисгэгчдийн нэг, ажлаа хийж байгаад торны цаана олон жил суухдаа тулаад буй Р.Бат-Эрдэнийг өмөөрөх гэсэн юм.

Өнөөдөр Монголын иргэний агаарын тээврийн салбарыг нуруун­даа үүрч, хагас зуу гаруй жилийн турш зорчигч түмэндээ үйлчилж, дэлхийд улс орныхоо нэрийн хуудас нь болж яваа МИАТ компанийн түүхэнд бараг анх удаа мэргэжлийн нисгэгч хүн за­хи­рал  болсон нь Монгол Улсын гавь­яат нисгэгч Рословын Бат-Эрдэнэ билээ. “Саалийн ганц үнээ” энэ тэр гэж элдвээр дуудуулдаг атлаа төс­вөөс ганц ч төгрөг авалгүйгээр бор зүр­хээрээ зүтгэж ирсэн МИАТ компа­нийн удирдлагыг засгийн эрх барьсан нам, улс төрийн бүлэглэл өөрсдийн шахааны хүмүүсээр дүүргэж ирснийг бүгд мэднэ. Нисэхийн хонхрын амьдрал, жаргал зовлонг төсөөлж гадарлахгүй цагаан захтнууд солигдох тоолондоо  өндөр сахилга бат, дүрэм журамтай, эв нэгдэлтэй, мэргэжлийн энэ хамт олныг элдвээр бужигнуулж, олох долох хүсэлтэй нэг нь ажил сайж­руулахын төлөө хуруугаа нэг ч хөдөл­гөлгүй байсаар явдаг нь нууц биш юм.

Харин Р.Бат-Эрдэнэ тэдний нэг байгаагүй. Тэр ажлаа л хийж явсан. Чухамхүү түүний гүйцэтгэх захирлаар ажиллаж  байсан үед дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүнд үе таарсан ч МИАТ компани чанга са­хилга бат, нислэгийн аюулгүй байд­лыг дээд зэргээр хангаж, түүнийгээ олон улсын стандартад нийцүүлсэн зэрэг олон ажлыг амжилттай хийсэн гэж одоо ч хамт олон нь ярьдаг. Тэр нисэхийн хүн. Тэр Монгол Улсын шилдэг нисгэгчдийн нэг. Ур чадварын хувьд дэлхийд Монголын Бат-Эрдэнэ толгой цохидог гэдгийг мэдэх хүн олон. Түүнийг нислэгийн үүрэг даал­га­вар гүйцэтгэж байх үед онцгой тохиолдол цөөнгүй удаа  таарч, тэр бүх нөхцөл байдлаас зөвхөн ур чад­вар, туршлагын хүчээр гарч байсан жишээ олон бий. Гурван хөдөлгүү­рээр нисдэг Боинг 727-200 агаарын хөлгийг хоёр ч удаа хоёр хөдөлгүү­рээр нь нисгэж, Сөүл, Осака хотод засварт хүргэж байсан баатарлаг үйл бүхнийг энд дурдвал барагдахгүй.

Р.Бат-Эрдэнэ 1986 оноос эхлэн тасралтгүй 27 жил ажиллаж, агаарт нийт 15.500 цагийн нислэгийг ямар нэг зөрчилгүй үйлдсэн, дадлага туршла­гатай багш нисгэгч юм. Тэрээр анх Ан-24, Ан-26, Ту-154, дараа нь Монголын иргэний агаарын тээвэрт техник технологийн шинэ ололт болж орж ирсэн Боинг 727-200, Эйрбас 310-300, Боинг 737-800, Боинг 767-300 гээд бүх төрлийн агаарын хөлгийн дарга, багш, шалгагч  нисгэгчээр ниссэн. Тэр да­гал­дуулан бэлтгэсэн 100 гаруй шавь­тай. Өнөөдөр түүний бэлтгэсэн шавь нисгэгч нар МИАТ ХК-ийн нийт нис­гэгчдийн 90 хувь, мөн бусад авиакомпанид  амжилттай нисч байна.

МИАТ компани нь гадаадаас агаарын хөлөг шинээр авч ашиглах бүртээ гадаад нисгэгчдийг өндөр хөлсөөр урин авчирч нисгэгчдээ дагалдуулан сургадаг байсан. 1986 оноос хойш буюу өнгөрсөн хугацаанд Ан-24, Ан-26, Ту-154, Б727-200, А310-300, Б737-800, Б767-300 агаарын хөлгүүдийг нислэгт ашиглахдаа ОХУ, БНСУ, ХБНГУ, АНУ зэрэг орнуудаас багш нисгэгчдийг хөлслөн авч байсан юм. Гадаадын багш нисгэгчдийн үнэлгээ ХБНГУ-ын Люфтханзагийн багш нар цагт 280 доллар, өдөрт 2200, бусад зардал өдөрт 300 доллар байдаг бол Боингийн багш нисгэгчид цагт 264, өдөрт 2112, бусад зардал 340 доллар байдгаас нисгэгч бэлтгэх зардал хэр өндөр байдгийг харж болно.

Ер нь нисгэгчдийг “Улсын алтан фонд” гэх нь бий. Хүссэн бүхэн нисгэгч болчихдоггүй. Асар өндөр үнээр бэлтгэдэг, дадлага туршлага­тай болоход маш их цаг хугацаа шаард­даг, тэр хэрээр өндөр хариуц­лага хүлээдэг хүмүүс бол нисгэгчид.

Р.Бат-Эрдэнэ Ту-154, Б727-200, А310-300, Б737-800, Б767-300 агаарын хөлгийн багш болсноор компанидаа нисгэгчдийг бэлтгэх, дадлагажуулахад асар их хувь нэмэр оруулсан бөгөөд  мөнгөөр тооцож үзвэл асар их тоо гарна. Зөвхөн нэгэн жишээ дурдахад, ХБНГУ-ын Люфт­хан­за компанийн багш нисгэгчдийг буцсаны дараа Р.Бат-Эрдэнэ Эйрбас агаарын хөлгийн дарга 10, хоёрдугаар нисгэгч 15-ыг богино хугацаанд маш бага зардлаар бэлдэж, компанийнхаа санхүүд төдийгүй Монголын иргэний агаарын тээврийн салбарт ч үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Р.Бат-Эрдэнэ багш, шалгагч нисгэгчээр 5271 цаг ниссэн нь үүний тод жишээ. Түүний хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж “Алтан гадас” одон, 2005 онд Монгол Улсын Гавьяат нисгэгч хэмээх өндөр хүндтэй цолыг хүртээсэн билээ. Тэр хэдий нас залуу ч удирдах өндөр ур чадвартай, хүнд итгэл хүлээлгэж ажилладаг,  шударга зантайгаараа хамт олныхоо хүндлэ­лийг хүлээсэн юм.

Төрийн өмчит компанийн Гүйцэт­гэх захирал гэдэг бол дээрээ удирд­лагатай, тэр удирдлагын үүрэг даал­гаврыг биелүүлэх үүрэг хүлээсэн хүн. Гэтэл Бат-Эрдэнэ МИАТ компанийн дээд удирдлага болох Төлөөлөн удир­дах зөвлөлийн шийдвэээр батлагдсан ажлыг хийснийхээ төлөө чанга дэглэмтэй хорих ангид 12 жил шоронд хоригдох болоод байна. Ту­хайл­бал, түүнийг Гүйцэтгэх захир­лаар ажиллаж байх хугацаанд буюу Төрийн өмчийн хорооны 2009 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 138 тоот тогтоолоор “МИАТ ХК-ийн 2009 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот төвшин”-г баталж, энэ төсөвт Терроризмын үйл ажилла­гааны эрсдэлийн төлөвлөгөөнд даатгалын хураамж 1.827.6 сая төгрөг, 2010 онд 2.451.3 сая төгрөг зэргээр баталж байжээ.

Дайны эрсдэлийн даатгалын хураамжийг болзошгүй эрсдэлийн санд төвлөрүүлдэг  бөгөөд иргэний агаарын тээвэрт дайн, гуравдагч этгээдэд хохирол учрах,  агаарын хө­лөг булаан эзлэх, түрэмгийлэл үйлдэх зэргээс үүдэж болзошгүй хохирлыг хаах зорилготойгоор анх гарсан байна. 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО), Олон улсын агаарын тээв­рийн холбооноос (ИАТА) зорчигчдын амь нас, эд хөрөнгө, агаарын хөлгийн хохирлыг барагдуулах үүднээс ийм даатгал нэвтрүүлэх шаардлагыг авиаком­паниудад хүргүүлсэн байна.

Тухайн үед холбогдох санхүүгийн ба захиргааны хяналт шалгалтын байгууллагаас “МИАТ” компанид олон удаагийн шалгалт хийж байсан бөгөөд  дайны эрсдэлийн даатгалын талаар тусгайлан  зөвлөмж, шаард­лага огт ирүүлж байгаагүй аж. Өөрөөр хэлбэл, энэ даатгалыг төлж байгаа нь  буруу гэсэн дүгнэлт гарч байсангүй.

Тэгвэл удирдлагын шийдвэрээр баталсан ажлыг хийснийхээ төлөө тэр   яагаад буруутан болов. Түүнээс гадна, энэ хэргийг шүүх хурлын үеэр Ч.Хоролсүрэн “миний шимтгэл авч байсан нь  Р.Бат-Эрдэнэд хамаагүй, тэр энэ тухай огт мэдэхгүй” гэж мэдүүлэг өгч, гэрчилсээр байтал яагаад заавал хэрэгтэн болгов гэдэг нь сонин байна. Р.Бат-Эрдэнийн хувьд бас нэг асуулт гарч ирж байгаа нь энэ хэрэг мөнгө “угаасан” гэсэн зүйл ангид хамаарах уу. Ажил хийж байгаа хүн алдаа гаргадаг талтай болохоор өмнөх захирлуудын байгуулсан уламжилж ирсэн гэрээг сайн хяналгүй үргэлж­лүүлэн гарын үсэг зураад, гэрээний төлбөрийг шилжүүлснийг нь өмөөрөх гэсэнгүй. Харин Р.Бат-Эрдэнэд оноосон ял хэр шударга зөв болов, оноосон зүйл анги нь хэр оновчтой байсан бэ гэдэгт үнэхээр эргэлзмээр санагдана. Олон улсын агаарын тээвэрлэгч компанийн хувьд МИАТ-ийн хийсэн олон зуун гэрээ нэг бүрийг очиж шалгаад явах  боломж, цаг зав Гүйцэтгэх захиралд байдаггүй.

Ер нь өнөөдөр төрийн өмчийн компаниудын захирал бүрт ийм зүйл тохиолдох боломжтой болоод байна. Хяналт шалгалтын байгууллагууд, салбарын яам, ТӨХ, аудитын компа­ниуд, банкууд иймэрхүү байдлаас урьдчилан сэргийлж байх шаард­лагатайг энэ явдал харууллаа.

Хөх тэнгэртээ өдөр бүр дүүлэн нисдэг нисгэгч хүн өнөөдөр далавчаа хугалуулсан жигүүртэн мэт өргөст торны цаана шаналж байна. Түүнийг эхнэр, дөрвөн хүү нь өдөр бүр хүлээж суугаа. МИАТ компани цоо шинээр аваад нислэгтээ ашиглаж эхлээд буй Боинг 767-300 агаарын хөлөг нь нисгэгчээ хүлээгээд байж байна. Хамт олон нь, экипажийнхан нь Бат-Эрдэнэ капитан удахгүй нислэгтээ гарна гэж итгэж сууна. Тэр цаг ч удахгүй биз ээ.

У.САРАНГЭРЭЛ

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин


URL:

Сэтгэгдэл бичих