Ядуусыг явгалсан хуйвалдаан

Өнгөрсөн хорин хэдэн жилийн дотор Монголын ард түмэнд өгөөжөө өгсөн “хөгжил дэвшил ” гэвэл хоёр л зүйл бий. Холбоо хөгжсөн үү, хөгжсөн. Малчин хүн уулан дээр гараад хотынхоо хүүхэдтэй гар утсаараа ярьчихдаг болсон. Үүнийг хөгжил гэхээс яахав. Нөгөө нэг нь такси. Бид гэрээс гаруутаа л аль нэг жижиг тэргэнд гар өргөөд суучихдаг, дуртай газраа хүргүүлдэг болсон. Ард түмнээ алагчлалгүй үйлчилдэг ийм хоёр сайхан үйлчилгээтэй болж билээ. Зах зээлийн нийгмээс ядууст наалдсан, яах аргагүй хөгжил дэвшил гэж үүнийг бодож явдаг юм. Аль алинд нь дутагдал бий юу гэвэл бий. Үүрэн холбооныхон, төлбөрөө нэмэж хасдаггүй мөртлөө ярих хугацааг богиносгочихдог. Таксийн үйлчилгээ жигд биш. Тарифаараа 3000 төгрөг гарах газарт хүүхэд настайчуулаас 4000-5000 төгрөг нэхдэг жолооч бий л дээ. Үүнийг өнөөдөр би яримааргүй байна.

“Таксийн үнэ нэмэгдэх юм гэнэ”, “Авто тээврийн газрын эрх мэдэлтнүүдтэй ах дүү төрөл садан, амь хувиараа холбогдчихсон хэдэн компанийхан “халтуурчдыг” шахах, үнээ нэмэх бодлого боловсруулж байгаа гэнэ”, “Хотын болон авто тээврийн газрын удирдлагууд ч үгсэн хуйвалдаж таксийн хэдэн компанийг өргөж өгөх юм байхаа” гэсэн яриа чих дэлсээд нэлээд удлаа. Миний хувьд, арай ч үгүй байлгүй дээ, ядарсан ард түмнээ тэгж явгалахгүй биз хэмээн бодож явсансан. Тэгсэн чинь олны ярьж байсан ортой юмаа. О.Магнайгаар манлайлуулсан хэсэг хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийж, хувийн тээврийнхнийг зогсоож, таксийн долоон компанид бүрэн эрх эдлүүлэн, үнэ тарифийг 40 хувиар нэмж байгаа гэнэ.

Яаж байгаа нь энэ вэ? Явган ард түмнээ доромжилж дарамталж байгаа нь энэ үү?! Такси хэрэглэдэг сайд дарга нар гэж байдаггүй юм. Такси хэрэглэдэг баячууд тэдний гэр бүлийнхэн гэж байдаггүй юм. Такси бол ядуусын унаа. Бүр, яарч сандарсан, явгарч тэвдсэн үед нь хөл залгуулдаг унаа л даа. Би тэр, компанийн такси гэдэгтэй чинь хэд хэдэн удаа таарсан хүн. Вокзал дээр хүн хүргэж аль гэж утсаар захиалга өгсөн чинь, галт тэрэг хөдөлсөн хойно ирж билээ. “Зам түгжрээтэй байлаа” гэнэ. Гудамжинд өвдгөөр хатгачихаад явж чадахгүй байтал албаны такси давхиад ирсэн. “Хаа явах вэ?” гэхээр нь энүүхэнд гэрт хүргээд аль” гэсэн чинь толгой сэгсэрчихээд давхиад явчихсан. Зам богино, мөнгө бага байна хэмээн голж байгаа нь энэ. Хувийн унаанууд бол хэн нь ч хүргээд өгдөг л юм билээ.

Тэр дарга нар, алба амины унаануудыг журамлах, татвар авахын тулд ийм арга замыг хайж олсон гэнэ. Мөн “хайж олов оо!” Ядарсан ард түмнээ явгалж, таксийн үнийг хөөрөгдөхөөс өөр гарц олсонгүй гэж үү.

Ингэж ард түмнийхээ тархийг угаадгаа болимоор юм даа. Улаанбаатар хотод таксийний гурван зогсоол байгаа. Алсдаа арван хэд болгоно гээд зогсоолуудынхаа нэрийг зааж байна. Сая гаруй хүнтэй хотод таксины гуравхан зогсоол байдаг юм гэнэ. Бид такси хэрэгтэй бол тийшээ очиж барих нь л дээ. Гачууртын хүн, хотод ирж такси барих болж байна уу? Тэр 500 такси чинь зогсоол дээрээ хэд нь биднийг хүлээгээд зогсч байдаг юм? Үлгэр л ярих юмдаа.

Зуслангаас ирж очих болно. Өвчин зовлон тохиолдоно. Цаг хугацаатай өрссөн ажил гарна. Хүний амьдралд унаа хэрэгтэй үе алийг тэр гэх билээ дээ. Албаны такси барина гээд л эрээд явах уу. Эсвэл хот руу орж ирж зогсоол дээрээс нь такси авах болж байна уу. Амьдрал буцалж байгаа их хотын алхам тутамд унаа хэрэг болно. Албаны 500-750 такси хаанаа ч хүрэхгүй. Тэгээд ч үнээ бараг хоёр дахин нэмүүлсэн таксийн жолооч нар, өнөөдрийн “халтуурчид” хэмээн нэрлэгдээд шөнө өдөргүй зүтгэж байгаа жолоочтой адилгүй, зарим нь хэдхэн цагийн дотор халаасаа түнтийлгэчихээд буугаад явчихыг байг гэх газаргүй. Бид хөл залгах унаагүй л болно. Ил далд машин барилаа гэхэд км-ийг нь 1000 төгрөгөөс нааш хөдлөхгүй. Энэ хуйвалдаан чинь, цаад утгаараа таксийн үнийг 40 хувь нэмэх л бодлого явж байна.

Татвар авах гэж тэр гэнэ. Дээгүүрээ ер нь татвар төлдөг хүн байгаа юм уу. Байсхийгээд л татвараас чөлөөллөө гэх юм. Тэд нь голдуу сайд дарга нарын танил тал, эхнэр хүүхэдтэй нь холбоотой байгууллага, хамт олон байдаг гэх. Нэг хэсэг нь Татварын ерөнхий газрын эрх мэдэлтнүүдтэй хуйвалдаад татвараас зугтаадаг гээ биз дээ. Улсын их хурлын дэд дарга асан С.Баярцогт мэтийн хүмүүс, бүр дотоодын татварын байгууллагаас зугтаалгаад Щвейцарийн банкинд аваачаад нуучихсан байв. Их хурлын дэд дарга ийм байхад хэнийг татвар төл гэж шаардах болж байна. Дээд талын энэ идээ бээрээ журамлаж чадахгүй байж, түмэнд тус хүргээд хоногийнхоо хоолыг залгуулж байгаа хэдэн хувийн “халтуурчдыг” юунд ад үзнэ вэ? Тэд чинь таксийны журмаар хүнд үйлчилж, буян болж, хэдэн төгрөг олж хоногийн хоолоо залгуулъя гэхдээ л хуучин муусайн машин авч, нойр хоолгүй зүтгэж байгаа амьтад шүү дээ. Очиж очиж тэднээс татвар авахын тулд таксийны хэдэн компанид монополь эрх олгож байгаа нь арай дэндүү.  О.Магнай дарга “Орос манай хоёрт л ийм хувийн такси байгаа. Бусад улс оронд байдаггүй юм” хэмээн мэдэмхийрч байна. Би Магнай шиг олон оронд яваагүй л дээ. Гэхдээ миний явсан хэдэн оронд бүгдэд нь алба амины тэргүүд, тэр байтугай “хүн тэрэг”  үйлчилж байх юм билээ. Олон түмэнд тус хүргээд, өөртөө талхны мөнгө олж байгаа нь буруу юм уу?!

Энэ улс орны чинь байдал нэг л биш болчихлоо. Дан гадны зээл тусламж. Улс орны хувьд сэхээнд байгаа хүн шиг л бодогдох боллоо. Ард түмний ядуурал туйлдаа хүрлээ. Цалин тэтгэврийг ганц мөнгөөр нэмээгүй хэрнээ суурь үнүүдээс эхлээд бүх зүйлийн үнийг тэнгэрт хадаалаа. Хамгийн сүүлд таксийн үнийг 40 хувь нэмж байгаа нь энэ. Улс орон ард түмэн чинь хөөрхий боллоо шүү гэхээр Н.Алтанхуягийн Засгийн газар ганцхан зүйлээр ам тагладаг. “Түрүүчийн Засгийн газар өр тавиад та нарт хавтгайруулж тарааснаас болж байгаа юм. Тэр өрийг шинэчлэлийн засгийн газар дарж байгаа юм” гэдэг. Түрүүчийн засгийн газрын гол судсыг энэ хэдэн хүн л барьж байгаа биз дээ. Засгийн газрын тэргүүн шадар сайд нь  Н.Алтанхуяг өөрөө байсан. Сангийн сайд асан С.Баярцогт, Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал гурав “Байгаагүй” гэж мэлзэл дээ. Түрүүчийн засгийн газарт энэ гурван хүн  эрх мэдэл, мөнгө хөрөнгө бүгдийг атгаж байсан. Өнөөдөр болохоор өөрсдөөсөө булзааруулж “түрүүчийн засгийн газар” гэх эзэнгүй нүх рүү чихээд байж болмооргүй л юм.

Энд миний эмзэглэж байгаа нэг асуудал байгаа юм. Өнөөх улс орноо диваажин болгоно, ард түмнээ жаргаана гээд иргэний хөдөлгөөний туг сүлд болж явсан хүмүүс хайчив аа?! Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөний тэргүүн, миний “хоточ нохой” хэмээн бодож явсан О.Магнай маань “хээрийн амьтадтай” нийлчихсэн таксийн үнийг 1000 төгрөг болгоно гээд гүйж яваад үнэндээ харамсч байна. Бусад нь ч гэсэндээ, бүгд нүдээ аньсан, дуугаа хураасан. Ж.Батзандан УИХ-ын гишүүн, дэд хорооны дарга С.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Г.Уянга УИХ-ын гишүүн, Д.Батцогт УИХ-ын гишүүн, З.Баянсэлэнгэ УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Б.Хосбаяр намын нарийн бичгийн дарга, Ч.Чимидсүрэн намын нарийн бичгийн дарга … гэхчлэн бүгд том суудлуудад очсон. Эднийг хөтлөөд, түрээд гүйцгээж байсан ард түмэн, хэдэн эрх мэдэлтний “шинэчлэлийн Засгийн газар”  “Их бүтээн бай­гуулалт”  “Гэр хорооллын дахин  төлөвлөлт” гэх мэт сайхан үгэнд хууртаж, тархиа угаалгаад л явж байх юм. Заримдаа ч сайн сайхан цаг ирнэ гээд иргэний хөдөл­гөөнийхнийг дагаад, дуу­гарсан болгоныг нь бичиж тэмдэглэж, пошик нүдэж, помидор шидэлцэж явснаа бодоод харамсах ч шиг, гутрах ч шиг. Одоо бодохноо эднийг л УИХ-ын гишүүн, сайд дарга нар болгох гэж явсан юм шиг. Одоо бол тэр нөхдийг ард түмний хувь заяаны төлөө дуугаруулахгүй гээд өндөр албан тушаал амлачихсан, өгчихсөн, болохгүй дуугараад байгаа нэгнийг нь өөтүүлэн шалгаж, амыг нь барьдаг болсон. Тэгээд ч эрхэм тэмцэгчид маань сүрхий дуутай гарч ирсэн бол энэ засаг төрийн үед, “сүүлээ хавчсан” сүг л болцгоож дээ. Ядарсан ард түмнээ явгалж, таксийных нь үнийг 40 хувь хүртэл нэмэж байгаа О.Магнай мэтийнхнийг юу гэлтэй юм дээ, урвагч гэхэд зөөлдөөд байх юм.

Магнай минь , энэ улс орноо, ядарсан ард түмнээ эргээд нэг хар даа. Газрын дээрэм гаарлаа. Сонгуулийн өмнө Э.Бат-үүл “м2 – газраа 1 сая төгрөгнөөс доош үнэлж болохгүй шүү. Алсдаа газар улам үнэд орно . Ганц хөрөнгө чинь газар шүү” хэмээн ухуулж байснаа сонгуулийн дараа хотын дарга болчихоод иргэдийнхээ газрыг өчүүхэн багаар үнэлж “Нүүхгүй бол газрыг чинь албадан чөлөөлнө шүү” гэж загнаж байгааг хар даа. Ийм хүмүүс гарч ирчихээд газрын дээрэм хийж, хүүгийнхээ,  танил  талынхаа компанийн эрх мэдэлд өгөх гэж зүтгэж байна. Энэ чинь шудрага ёс уу?

Хэдхэн жилийн өмнө аваад элээж амжаагүй байгаа дүрэмт хувцсуудыг нь хүчээр тайлуулж, сурагчдыг өөрсдийнхээ компаниудын үнэтэй дүрэмт хувцсаар шахаж, эцэг эхчүүдийг үсийг нь бууралттал дарамталж байгааг юу гэх юм бэ? Бизнес гэдэг чинь ядуусаа дарамталж мөнгө олохыг хэлдэг болж байна уу.

Суурь үнүүдийг хөдөлгөөд бүх юмны үнийг нэмчихсэн, ард түмэн чинь шоргоолж шиг, бүслэхээрээ тасархай амьтан харагдаж байгаа байх. Тэгэхэд Алтанхуягийнхан хаа байгаа Хүйдолоон худагт 50 тэрбумын наадмын байр, Сонгино-хайрхан дүүрэгт олон тэрбумын хөрөнгөөр хотын захиргааны тансаг цогцолбор (хамгийн их байр савтай нь хотын захиргаа шүү дээ) гэх мэтчилэн дан дээдсийн тансаглал, зугаа цэнгэлд зориулсан хөрөнгө цацаад байгаа.

Би, О.Магнайг “эргэж нэг сайн хар” гээд байгаад бас  учир байна. Хүмүүс бол, Монгол Улс хоёр хуваагдаад “хоёр улс” болчихлоо гээд байх юм. Нэг нь Ерөнхийлөгчтэй, Ерөнхий сайдтай, УИХ-ын даргатай, шүүх прокурор цагдаатай баячуудын буюу “Ард­чилсан намын” улс. Нөгөө нь хайхарч хандах эзэнгүй “ядуусын” улс юм.  О.Магнай ,та аль улсынх нь иргэн бэ гэдгээ бодох цаг болсон. Том газрын дарга болж овоо ч тустай ажлууд хийсэн. Одоо үнэ хөөрөгдөж ядуу улсаа дарамталдаг нөгөө улсынх нь цаасан хүүхэлдэй , махан бо­роохой болж байгаа юм биш биз.

Г.ЖАМЪЯН

Монгол  Улсын  Соёлын  гавъяат зүтгэлтэн


URL:

Сэтгэгдэл бичих